Categories
гадаад мэдээ

Ирээдүйд БНХАУ нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Эдүгээ БНХАУ нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байгаа гэсэн баримт бий. Гэвч нүүрсний хэт өндөр хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахад шууд нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар Хятадад агаарын бохирдлын шууд нөлөөгөөр 1 сая гаруй хүн амиа алджээ.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа юм. Тиймээс нүүрсний хэрэглээг халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, нараар ажилладаг станцуудыг ээлж дараалан байгуулж байна. Тухайлбал, Шар мөрний эрэгт 30 км квадрат талбайтай дэлхийн хамгийн том нарны станц барих төслийг эхлүүлжээ. Саяхан Хайнаньд мөн томоохон нарны ферм нээлтээ хийсэн юм.Ийнхүү Хятадын сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн огцом тэлэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар тус улсын нарны эрчим хүчний станцуудын хүчин чадал 34 гига ваттаар нэмэгдсэн нь АНУ-ынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 гига ваттаар чадалтай өөр нэг станц ашиглалтад оруулжээ. Ингэснээр дэлхийн нийт нарны эрчим хүчний тэн хагасыг манай урд хөрш үйлдвэрлэж байна.

Хятадын Засгийн газар 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг 110 гига ваттаар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд 2,5 триллион юань төсөвлөж, энэ салбарыг дагаад арван гурван сая ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, утаагүй орон болох юм.

“Хятад бол хэтийн төлөвлөгөөний дагуу маш хурдацтай хөгжиж байгаа тогтолцоо. Тийм болохоор энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж магадгүй” гэж Стэнфордын их сургуулийн судлаач Жеффри Болл онцолжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Хорин жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биеллээ олж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *