Монголын өнөө цагийн боксчдоос жин тус бүрт 6-8 шилдэг тамирчид оролцсон “Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 7-10-нд Спортын төв ордны А зааланд болж, аваргуудаа тодрууллаа.
“Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээн нь “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой зохион байгуулж байгаа юм. Манай тамирчдын хувьд ирэх жилүүдэд амжилтаа ахиулах боломжийг нээх, гарааны гэж болох тун хариуцлагатай уг тэмцээнд эмэгтэй таван жинд 31 тамирчин, эрэгтэй долоон жинд 47 тамирчин өрсөлдлөө. Боксчид гурван минутаар гурван үе тулалдаж, AIBA буюу Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тулалдан хүч, ур чадвараа сорилоо. Тэмцээнд оролцох тамирчдын насны хувьд 1977 оны 1 дүгээр сарын 1-ээс 1998 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 19-40 насны тамирчид байв.
Монгол Улсын нэр хүндийг гаргасан амжилтаараа өндөрт гаргаж яваа туршлагатай тамирчид болон өсөх ирээдүйтэй залуу тамирчдын дунд тулаан өрнөсөн гэдгээрээ энэ тэмцээний онцлогтой байв.
Тус тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нарын шилдэг боксчид өнжсөн байна.
Харин 2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөж “Ясны боксёр” гэдгээ баталж, 35 насандаа аваргын алтан медаль хүртлээ. Түүний ур чадвар, хурд, хүч огтхон цуцаагүй, бэлтгэл сургуулилт тун чамбай байгаа нь түүний хийсэн тулаан бүрээс илт харагдсан.
Залуу тамирчдад туршлагатай боксчны тоглолт, хөдөлгөөн, оновчтой цохилт, ур чадвараас сурах зүйл их байгааг тэр харуулсан төдийгүй залуу тамирчдад үнэтэй сургамж өглөө. Тамирчин хүний тэвчээр, хатуужил, байнгын бэлтгэл сургуулилт, нарийн чанд сахилга бат, ур чадвар, хөдөлмөр зүтгэл ямар чухал болохыг олимп, дэлхийн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ тэмцээнд бие, сэтгэлээрээ үлгэрлэн үзүүлж чадлаа. Монголынхоо энэ шилдэг тулаанчаас өсвөр, залуу олон тамирчид суралцаж, бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж амжилтын оргил өөд тэмүүлэх сэтгэл зүйн их урам, эрч хүч авсан гэдэгт итгэлтэй байна.
Ер нь нэг жинд ур чадвар өндөртэй, олон сайн тамирчин байж л тэдний дундаас шилдгийн шилдэг нь олимп, дэлхий, тивийн ринг дээр ялалт байгуулж, улс орныхоо нэрийг мандуулдаг билээ. Манай үе үеийн боксчдын дундаас цойлон гарсан олон шилдэг боксчидтой хамт бэлтгэл сургуулилт хийж, өрсөлдөж байсан тамирчид нь түүнийг хурцалж, улам хүчирхэг болгосон байдаг.
Капитрон банкны хувьд 2017 оны 2 дугаар сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит “Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”, 6 дугаар сард “Улаанбаатар цом” сонирхогчдын боксын олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж, боксын шилдгүүдээ тодруулсан. Харин энэ удаа өндөр зэрэглэл бүхий “Шилдэг боксын тэмцээн”-ийг ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Энэ тэмцээний эмэгтэй боксчдын ур чадвар ахиж олон улсын түвшинд хүрсэн гэдгийг эн тэнцүү тоглосон эмэгтэй тамирчдын ур чадвараас илт харагдаж байв. Тэмцээний жин тус бүрийн аваргуудыг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Мөнгөнсаран, 51 кг-д М.Нандинцэцэг, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Болортуул, 69 кг Э.Эрдэнэтуяа нар тус тус аваргалж алтан медалийн эзэд болов. Харин эрэгтэй боксчдын тулааны 49 кг-д Х.Энхмандах, 52 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг Д.Давааням тус тус түрүүлж, алтан медаль хүртлээ.