Categories
мэдээ нийгэм

Худалдаачид нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Ийнхүү мэдээлэл хийхдээ Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдэв. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачилга, хэлсэн үг, үйлдэл “усанд хаясан чулуу мэт” алга болж байгаа учраас энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа хэлэхдээ “Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих. Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаагаа даруй зогсоохыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.

Тус холбооноос төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа шаардлага нь:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДАРГА, БОДЛОГЫН ХОРООДОД

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:

2017.11.28-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын Худалдаачдын Холбооны Анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  • 1.Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж гадаад улсаас их хэмжээний ижил төрлийн бараа, таваар импортолж оруулж ирэн худалдаалж байгаа үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулж, худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • 2.Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Тухайлбал “Худалдаачдыг дэмжих сан” байгуулж худалдаачдын эрсдэлтэй үйл ажиллагааг зөв оновчтой хувилбарт шилжүүлэхэд арга зүйн болон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах
  • 3.Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
  • 4.Өр зээл, түрээсийн дарамтад орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлжүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
  • 5.Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
  • 6.Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах
  • 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?

Шаардлага хүргүүлсэн

Амьдралынхаа төлөө 27 жил тасралтгүй тэмцсэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүчээр амьдрахын төлөө зүтгэсэн Монголын худалдаачид” гэсэн байна.

Удирдах зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэчимэг “Худалдаачид бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол өр юм. Нийгэмд байж боломгүй сөрөг үр дагаврыг дагуулсан өрийн сүлжээ Монгол Улсад нүүрлээд байна.Монголын Худалдаачдын холбооны анхдугаар их хурал дээр төр засгаас нэг ч хүн ирсэнгүй. Үүнд бид маш их гомдолтой байна. Худалдаачид баян бол улс орон баян. Иргэн болгоны ард нэг худалдаачин бий. Энэ бүх худалдаачид ядуураад, өрөнд ороод дууслаа. Монголын баячууд жилийн 20 хувийн хүүтэй, ядуу ард 360 хувийн хүүтэй мөнгө хэрэглэж байна” гэлээ.

Удирдах зөвлөлийн гишүүн Н.Пунсагдулам “Би Багшийн дээд дээр худалдаа эрхлээд 27 жил болж байна. Худалдаачдыг төр засгийнхан байнга хааж боож байна. Өнөөдөр л гэхэд мэдэгдэх хуудас ирсэн.Урьд нь зүгээр л өгдөг байсан зөвшөөрлийг хотын дарга С.Батболд гарч ирээд түдгэлзүүлсэн. Ямар шалтгааны улмаас биднийг хөөгөөд, боогоод, туугаад байгаа вэ гэдгээ хэлээгүй. Бид төрөөс юу ч гуйгаагүй, өөрсдийнхөө хүчээр жижиглэнгийн худалдаа эрхлээд явж байна” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *