Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулан гэв

“Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулган яг одоо “Блюй Скай” зочид буудалд болж байна.

Чуулганы зорилго нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон журам, дүрэм, аргачлалыг хэрэгжүүлэх талаар аймаг, сумдын орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, бичил уурхайчдын төлөөлөлд нэгдсэн ойлголт өгч буй юм. мөн журмын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, өөр ажлын байранд бичил уурхайчдыг шилжүүлэх боломж, алтны худалдааг албажуулах зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна.

Тус чуулганд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ, АМГТГ, Монгол банк, ЦЕГ, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Түүнчлэн олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, монголын бичил уурхайн нэгдсэн холбоо, орон нутгийн бичил уурхайчдын төлөөлөл зэрэг нийт 250 гаруй хүн хүрэлцэн иржээ.

Чуулганыг нээж УУХҮЯны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ: “Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засагт шийдвэрлэх байр суурь эзэлж байгаа учир салбарын үйл ажиллагаа хэдий чинээ ил тод, хариуцлагатай байна тэр хэмжээгээр улсын эдийн засагт нөлөөлнө. Бид өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бичил уурхай тойрсон асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгох талаар үе үеийн Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Гэсэн хэдий ч бичил уурхайн үйл ажиллагаа төдийлөн хууль тогтоомжийн дагуу бүрэн цэгцэрч албажаагүй, хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа нь бидний хувьд сорилт хэвээр байсаар байна. Тухайлбал, бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт сорьц тогтоох, худалдан авах, Монгол банканд тушаалгах эрх зүйн зохицуулалт одоогоор бүрдээгүй байгаа нь бидний шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталж улмаар бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг салбарын сайд нарын тушаалаар баталсан нь эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хийгдсэн бодлогын шийдвэр бөгөөд энэхүү эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *