Categories
мэдээ нийгэм

Авто захууд нүүхгүй байгаа нь машины ченжүүдийн буруу биш. Нүүлгэх ажлыг хийх ёстой албан тушаалтнуудын хариуцлагагүйтэй холбоотой

Авто худалдааны цогцолбор

Аливаа хотын хүн ам нэмэгдэхэд хот нь тэлдэг. Харин Улаанбаатар хотын тэлэлт хөдөлгөөн 2013 он хүртэл төв рүүгээ буюу дотогшоогоо шигдсэн байдлаар хүн ам, худалдаа үйлчилгээний газрууд нь зай завсаргүй чихэлдэж байсан бол сүүлийн жилүүдэд зүүн, баруун тийш тэлэх хандлага гарч эхэлсэн. Нийслэл хотоос томоохон худалдааны төвлөрсөн газрууд, үйлдвэрүүд, их дээд сургуулиудыг даруй гаргах талаар хотын захиргаанаас шат дараалсан ажил явуулж байгаагийн нэг нь авто худалдааны зах, цэгүүдийг хотоос нүүлгэж нэг цэгт төвлөрүүлэх.

Энэ их нүүдэл суудлын эхнийх нь магадгүй энэ болж байгаа байх. Гэтэл нүүлгэлтийн ажлын явц хангалтгүй байна.

Дэлхийн том хотуудын жишгээр бол авто худалдааны төв болон захууд нь хотоос зайдуу, хүний хөлөөс хол байршдаг бөгөөд түүнийг дагалдсан үйлчилгээний байгууллагууд нь ч тэндээ төвлөрсөн байдаг. Гэтэл авто худалдааны зах, цэгүүдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлж байгааг зарим хэсэг хүмүүс эсэргүүцэх юм. “Тэнд чинь хүйтэн, зарж байгаа машин өвөл асахгүй бол яах юм”, “Өглөө тийшээ яваад орой нь хэзээдээ гэр орондоо ирэх болж байна аа”, “Тэнд цэвэрлэх байгууламжийн муухай үнэртэй” гэх мэтээр машины наймаа эрхлэгчид болоод тэднийг дагалдсан бусад үйлчилгээ эрхлэгчид үглэж байна. Харин худалдан авагчдын хувьд Авто худалдааны цогцолбороос очиж машин авахад ямар ч асуудал үгүй. Тэнд очоод хэдэн зуун машинаас сонголтоо хийгээд нэр дээрээ шилжүүлэх, дугаар авах, татвар төлөх гээд бүхий л үйлчилгээг нэг дороос авчихна. Банк санхүү, нотариат гээд хэрэгцээтэй бүхий л байгууллагад нь тэнд байна. Худалдан авагчдын хувьд жилд дунджаар 2-3 удаа авто худалдааны захаар ордог гэдэг судалгаа байдаг юм байна. Харин өнөөгийн нөхцөлд машин худалдаж авахдаа шууд нэг газарт очоод таалагдсанаа авчихдаггүй. Шар хад гарч тэндхийн бүхий л зах, цэгүүдээр хэсч, гудамж, гэр хороолол дунд тавьсан машин тэргийг хүртэл үзэж үзэж өдрийн талыг алдчихаад Төмөр замын вокзалын дэргэдэх “1000 машин”-ы зах дээр очиж дахиад л баахан алхана. Хэрвээ таалагдах машин олдохгүй бол гэртээ харьчихаад маргааш дахиад Улаанбаатарыг “нүхэлнэ” дээ, авто захуудаар явж. Өдөрт 3000-5000 хүн авто захуудаар явж машин сонирхдог аж. Тэгэхээр өдөрт төдий тооны машин тэрэг замын хөдөлгөөнд оролцож нэг авто худалдааны цэгээс нөгөө авто худалдааны цэг рүү зориудын ачаалал үүсгэж, замын хөдөлгөөнд хиймэл түгжрэл нэмдэг гэсэн үг л дээ.

Шар хаданд байрладаг “Да хүрээ” тэргүүтэй авто худалдааны захуудыг нүүлгэнэ гэхээр тэнд байдаг наймаачид “Тийм сүрхий юм бол тэр “Нарантуул” захаа “Өгөөмөр”-тэй нь цуг нүүлгэчих. Бас “Драгон” вокзалаа чаддаг юм бол нүүлгэ” гэж цааргалж барьцдаг. Угаас шат дараалалтай явж байгаа ажлын хуваариар авто худалдааны зах, цэгүүдийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэж байгаа нь хэн нэгний ашиг сонирхол бизнесийг бодсон шийдвэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол иргэдийн санал хүсэлтээр эхэлж төр засгаас зохих тогтоол шийдвэрийг нь гаргаад бэлэн болчихсон ажил гэдгийг иргэн бүр ойлгож ухамсарлах ёстой.

Улаанбаатар хотыг мега хот байлгах, нийслэлийн статустай байлгах олон шаардлагуудын нэг нь авто худалдааны захуудыг хотоос гаргаж нэг газарт төвлөрүүлсэн байх. Хэдийгээр одоо хотын төвд авто худалдаа эрхэлж байгаа иргэдийн хувьд амьжиргаанаасаа салах гээд байгаа мэт, амьдралд нь дарамт нэмэгдэх гээд байгаа мэт, өглөө оройдоо ирж очиход хүндрэлтэй байдал үүсэх гээд байгаа мэт боловч эхнээсээ тэнд очоод наймаа эрхэлж байгаа иргэдийн яриа нь өөр л байна даг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдгийн том жишээ бол авто худалдаа эрхлэгчид болчихоод байна. Тэдний амь амьдрал, амьжиргаа хэдий чухал боловч Улаанбаатар хотын 1.3 сая хүний эрүүл мэнд, монгол хүний цус, генийн асуудал юунаас ч чухал. Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч бусдынхаа эрүүл мэнд хойч үе, ирээдүйдээ гай тарих бизнэс эрхлэ гэдэг эрхийг хэнд ч өгөөгүй гэдгийг сана. Нийслэл хотын агаарын бохирдлын эх үүсвэр нь гэр хороолол, хөрсний бохирдлын гол буруутан нь нүхэн жорлон гэж байгаа боловч авто худалдааны зах, төвүүд, цэгүүд нь агаарын бохирдол, хөрсний бохирдлын 20 хувийг бий болгож байгаа гэдгийг мартаж болохгүй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2020 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Авто худалдааны нэгдсэн төвийг байгуулах ажил багтсан гэдгийг авто машины худалдаа эрхлэгчид, энэ чиглэлийн бизнес эрхлэгч санах хэрэгтэй. Судалгааны “Меркадо” агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн долоон дүүрэгт судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан иргэдийн 91 хувь нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь “зөв” гэсэн хариултыг өгснөөс үзвэл Авто худалдааны цогцолбор байгуулсан нь хамгаас зөв шийдэл болсон гэж үзнэ. Ерөнхийдөө төр засаг, нийслэлийн захиргаа, хотын оршин суугчид бүгд толгой дохин дэмжиж авто худалдааны зах, төв, цэгүүдийг хотоос гаргаж нэг цэгт төвлөрүүлэх цаг нь болчихсон гээд байхад машины ченжүүд гэх хэдэн хүний эрх ашгийг бодоод уг ажлыг цалгардуулах нь эргээд хүний эрхийг зөрчиж байгаа юм. Машины ченжүүд, тэднийг дагалдсан сэлбэг, дугуйн худалдаа эрхлэгчид, дугуй засвар, машины засварын газруудад ажилладаг хүмүүс гээд 30 мянга хүрэхгүй хүн бий. Тэдний эрх ашигт нийцүүлээд, байсан байранд нь байлгаад байна гэвэл цаана нь нэг сая гурван зуун мянган хүний эрх ашиг, эрүүл мэндийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Холбогдох яам, тамгын газар, хотын удирдлагууд нь авто захуудыг яаралтай нүүлгэх шийдвэр гаргаад байхад яагаад шийдвэр нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна вэ. Манай улсын төрийн байгууллагуудын хувьд дээд шатных нь хүмүүс зохих шийдвэр тогтоол гаргадаг ч түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой дунд шатны дарга нар нь урагш хөдөлдөггүй, хөдлөхийг хүсдэггүйн нэг илрэл нь Авто худалдааны цогцолбор болчихоод байна.

23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон уг цогцолбор өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор ажиллаж эхэлсэн. 6375 машины зогсоолтой уг цогцолборт одоогоор 450 гаруй машин борлуулагдаж байна. Худалдаа эрхлэгчдийн яриагаар борлуулалт харьцангуй сайн байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өдөрт 200 гаруй машин борлуулагддаг бөгөөд холбогдох баримт бичгийг нь Авто худалдааны цогцолборт очиж авч байгаа. Тэгэхээр хотын хаа нэгтээ байх аль нэг авто худалдааны төвөөс машин худалдаж авчихаад түгжрэлд дунд цагаа баран байж Авто худалдааны цогцолборт очиж бичиг баримтыг нь авахынхаа оронд шууд тэнд очоод машинаа сонгоод худалдаад авчихвал дахин ажил удахгүй сэн.

Авто худалдааны цогцолборт очиж наймаа эрхлэх нь олон талын ашигтай гэдгийг байнга л сурталчлаад байгаа шүү дээ. Автомашины зогсоол бүр дээр эзэмшлийн гэрчилгээ гардаг болохоор найдвартай үл хөдлөх хөрөнгөтэй болох бөгөөд авто худалдааны иж бүрэн үйлчилгээ төвлөрсөн, олон улсын жишигт нийцсэн, эрүүл аюулгүй орчинд бизнес эрхлэх боломжтой юм. Мөн нэгдсэн харуул хамгаалалттай, талбай тус бүр дээр 16 ширхэг, нийт 64 ширхэг хяналтын камертай учир өөрийн өмчийн аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой юм билээ. Орчин үеийн авто экспо зориулалтын барилга, худалдаа үйлчилгээний 3-12 давхар 15 ширхэг барилгууд баригдахад бизнесээ өргөжүүлэх боломж ч давхар бүрдэнэ. Цаашид тэнд авто худалдаа болон баруун бүсийн худалдаа, үйлчилгээний төвлөрөл үүсэх болохоор бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэнэ гэж эдийн засагчид зөвлөдөг.

Нийслэлийн хэмжээнд 100 гаруй авто худалдааны зах, цэг байснаас одоогоор 63 цэг, есөн зах үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эдгээр газруудын эзэд, түрээслүүлэгч, түрээслэгчдэд мэргэжлийн байгууллагууд удаа дараа шаардлага тавьж Авто худалдааны цогцолбор руу нүүхийг санал болгосон ч байрнаасаа хөдлөхгүй гэж зүтгэсээр байна. Үүний нэг том жишээ нь “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн IV хороо, Төмөр замын вокзалын баруун талын 1000 машины зогсоол юм. Тухайн газар нь 1949 оны олон улсын гэрээний дагуу УБТЗ ХНН-ийн эзэмшил бөгөөд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/980 тоот захирамжийн дагуу тухайн газрыг 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр чөлөөлөх болчихоод байгаа юм. Аливаа улсад хууль тогтоомж гэж бий. Хууль байсаар байтал тэрийг нь эсэргүүцсээр өнөөдрийг хүргэчихээд байгаа нь харамсалтай. Уг газрыг түрээсэлсэн “Даяар хас” компани нь авто машины худалдаа эрхлэгчдээс авдаг мөнгөөрөө тэр төлбөрийг хэд дахин нугалдаг аж. Зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг уг газарт зохих байгууллагууд нь шаардлага хүргүүлдэг ч тэр нь даамжирсаар өнөөдрийг хүргэчихээд байна. Гэхдээ төр төмөр нүүртэй. Хүн бүр хуульд захирагддаг учиртай болохоор дээрх захирамжийн дагуу энэ сарын 8-ны өдрөөс уг газарт авто машин худалдахгүй болж байгаа юм. Тэгэхээр Төмөр замын вокзалын баруун талд буюу Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол буюу “Даяар хас” ХХК-тай гэрээ байгуулан автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд энэ сарын 08-ны дотор автомашинаа татан авч тухайн газрыг чөлөөлсөн байхыг зохих байгууллагуудаас нь анхааруулжээ.

1000 автомашины зогсоолд 700 гаруй автомашин байдаг бөгөөд нэг машины зогсоолын хоногийн түрээс 2000 төгрөг гэж бодон, ерөнхийгөөр тооцвол “УБТЗ” нийгэмлэгтэй газар түрээслэх гэрээ хийсэн “Даяар Хас” компанид худалдаа эрхлэгчид хоногт нэг сая 400 мянган төгрөг, жилд 511 орчим сая төгрөг төлдөг юм байна. Өөрөөр хэлбэл, улсын эзэмшлийн газрыг хувийн компани түрээс нэрийдлээр ашиглаж, их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг гэсэн үг. Иймээс “УБТЗ” нийгэмлэгээс тус газрыг зориулалтынх нь дагуу ашиглахаар НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын А/80 захирамжийн хүрээнд автомашин борлуулагчдыг газар чөлөөлөхийг шаардаж, хамгаалалт гаргасан нь хэл ам гаргасан билээ.

Авто худалдааны захуудын хувьд хотын төвд, хүн ам олноор төвлөрсөн суурьшлын бүсэд байрлах нь олон талын сөрөг нөлөөтэй. Үүний дунд хүн амын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг. Хар тугалгын хөрсөнд агуулагдах стандарт хэмжээ 100 мг/кг байдаг. Гэтэл уг хэмжээ Баянхошуунд 390.25 мг/кг байгаа бол “Да хүрээ” захын орчимд 200 мг/кг байгааг тогтоосон. 7-10 насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлоход Баянхошуунд амьдардаг хүүхдүүдийнх 15.9-22.6 мкг/дл байсан бол хотын төвийн хүүхдүүдийн цусанд 4.2-8 мкг/дл, “Да хүрээ” зах орчим амьдардаг хүүхдүүдийн цусанд 5.7-10 мкг/дл хар тугалга илэрсэн байдаг. Хар тугалга нь хүний биед байх ёсгүй бөгөөд 5 мкг/дл-ээс дээш тохиолдолд хүүхдийн оюуны чадамжийг бууруулдаг. Харин Зайсанд амьдардаг хүүхдүүдийн цуснаас хар тугалга илрээгүй. Яагаад Зайсанд амьдардаг хүүхдүүдийн цуснаас хар тугалга илрээгүйг судлахад Баянхошуун дахь хүүхдүүдийнх нүүрсэнд агуулагдаж буй хар тугалга, утаан дахь нарийн ширхэглэгт тоосонцор, хар тугалга агуулж буй цэнхэр савнаас шалтгаалж болзошгүй байгаа бол “Да хүрээ” захын орчимд амьдардаг хүүхдүүдийнх машины тос масло, аккумулятор, бензин дэх хар тугалга, хөрсний бохирдлоос үүдэх магадлалтай байгааг тогтоосон билээ. Энэ мэт олон шалтгааны улмаас авто худалдааны зах, төв, тэднийг дагалдсан худалдаа эрхлэгчдийг хотоос нүүлгэж нэгдсэн газарт төвлөрүүлэх гэж аргаа барж байна. Уг нь хууль дүрэм журмаар бол манай автомашины худалдаа эрхлэгчид аль хэдийнэ өнгөрсөн наймдугаар сард багтаагаад Авто худалдааны цогцолбор руу нүүчих байсан. Гэтэл одоо ес эхлэх гэж байхад энэ асуудлаа шийдээгүй их хотдоо утаа угаар “бэлэглэж”, үр хойчдоо хар тугалга өгсөөр сууж байна. Үүнийгээ “Бид тэгээд яах юм. Нүүж чадахгүй” гэх хувиа бодсон хэдэн үгээр хааж гүрийсээр сууж байна.

Нэгэнт захуудыг нүүлгэх шийдвэр гарчихсан болохоор одоо манай зохих шатны дарга удирдлагууд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн ойрын ажил бол 1000 машины зогсоолыг даруй нүүлгэх хэрэгтэй байна. Үүн дээр цагдаа хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтран ажиллах шаардлагатай. Хууль тогтоомж, захирамж шийдвэр гаргадаг. Тэр нь салхинд хийсэх мэт үл гүйцэлддэг байж болохгүй. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө төрийн байгууллагууд харилцан уялдаатай байж нэгнээ дэмждэг байх ёстой. Тэгж гэмээнэ дараагийн нүүлгэлтийн ажлууд хурдан, шуурхай явна шүү дээ. Авто худалдааны захуудыг нүүлгэсний дараа барилгын материалын захуудыг хотоос гаргах гэдэг том ажил хүлээж байгаа. Үүний дараа их дээд сургуулийг хотоос гаргана. Ийм шат дараалалтай хүлээж байгаа ажлуудыг эхнээс нь яг таг хийгээд явчихвал эргээд ийм хэл ам гарахгүй. Эрхээ эдэлж мэддэг бол үүргээ биелүүлэх ёстой гэдэг зарчим энэ зах зээлийн нийгэмд үйлчилдэг. Та хар тугалга, элдэв хорт бодисыг нийслэлийн хөрсөнд шингээж ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан байж худалдаа эрхлэхийн оронд зориулалтын газарт нь очоод бизнесээ хийвэл Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг жинхэнэ иргэн гэж үзнэ.

Дор дороо довоо шарлуулаад суугаад байж болох ч цаана нь энэ улсын иргэд, хотын иргэдийн эрх ашиг явж байгааг санах хэрэгтэй. Нэгэнт гаргачихсан тушаал шийдвэр, захирамжийг биелүүлж, ажил хэрэг болгох үүрэгтэй дунд шатны дарга нар, албан хаагчид одоо хөдөл. Хэрвээ энэ ажилд удаан хойрго хандаж, ямар нэг ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа дарга, албан тушаалтан байвал Хотын дарга, холбогдох яамны сайд, хариуцлагатай дээд албан тушаалтнууд маань хариуцлага хүлээлгэх цаг нь болсон шүү. Авто худалдааны захууд өдийг хүртэл Авто худалдааны цогцолборт төвлөрөхгүй байгаа нь авто машины ченжүүдийн буруу биш. Энэ ажлыг гардан хийж зөв зохион байгуулалтаар зохицуулах албан тушаалтнууд ажилдаа сэтгэлгүй, хувийн сонирхлоо хамгаалан биеэ оторлон сууж байгаатай холбоотой. Тиймээс энэ ажлыг хөдөлгөх, зохион байгуулах албан тушаалтнуудаа шахаж шаард, хариуцлага хүлээлгэ. Хариуцлагын механизмаа ажиллуулж эхэл!

Д.САРНАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *