Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал”-ыг хэлэлцэв

“Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” семинар Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэхүү семинар нь “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг боловсруулахад хамтран оролцогчдод Хөдөлмөрийн статистикийн шинэ стандартыг танилцуулах түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл болон анхаарах асуудлуудыг хэлэлцэх зорилготой байв.

Тус семинарт ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ноён Тим Дэ Мэйэр, ОУХБ-ын ахлах зөвлөх Игорь Чернишев, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикийн мэргэжилтэн Тите Хабияакарэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, шинжээч Д.Анхзаяа оролцлоо. Тэд Хөдөлмөрийн статистикийн шинэ стандарт, түүнийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар илтгэл тавив.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран 2017 оны тавдугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудад загвар болох үнэлгээний тайланг боловсруулан ажиллаж байна. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад нэн таатай байна.

Ирэх оны нэгдүгээр улиралд, загвар тайлангийн төслийг эцэслэн гаргана. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр анхаарал хандуулж ажиллана” гэв.

Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Бид дэлхийн улс орнуудад жишиг болохуйц загвар тайлан гаргахаар зорьж байна. Шалгуур үзүүлэлтүүдийг тооцон гаргаж ирэхдээ тавьсан зорилго нь хөгжлийн чиг хандлагаар харилцан адилгүй байгаа улс орнуудад үлгэр жишээ болохуйц тийм тайлан, үзүүлэлтийн загварыг тогтоож гаргана” гэж ярив.

-Зохистой хөдөлмөр гэж юу вэ?

-Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг бүрэн хамруулсан хүйсийн ялгаваргүйгээр цалин хөлс, ажиллах цаг хугацаа нь зөв байхыг л зохистой хөдөлмөр гэж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн зорилтыг 2015 онд НҮБ-ээс баталсан. Харин манай улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд баталсан. Тогтвортой хөгжил гэдэг нь хүний хөгжлийн асуудал юм. Тухайн улс орны хүмүүс сайхан амьдарч байна уу гэдгийг тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдээр шалгаад дэлхийн улс орнуудын иргэд хэр сайхан амьдарч байна вэ гэдгийг нэгдсэн байдлаар тодорхойлно. Зорилт тавиад ядууралгүй байх тэгш бус хуваарилалтыг арилгахад түлхүү анхааран ажиллах юм. Ядуурал тэгш бус байдлыг арилгадаг хамгийн том түлхүүр хүчин зүйл нь зохистой хөдөлмөр, зах зээлийн үнэн зөв бодит мэдээлэлд суурилсан бодлого хөтөлбөрийн хэрэгжилт юм. Энэ агуулгаар бид өнөөдрийн зохистой хөдөлмөрийг дэмжих тогтвортой хөгжлийн зорилт гэсэн энэхүү уулзалтаа хийж байна.

Б.АМАРТҮВШИН



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *