Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаяр: Нүргэлүүлээд өгнө өө

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай тоглолтын бэлтгэлийнх нь үеэр уулзлаа.


-Танай хамтлаг энэ байранд бэлтгэл хийгээд нэлээд удчихлаа шүү?

-Ес дэх жилээ болж байна уу даа.

-Энэ юуны зориулалттай байр юм?

-Анх энэ байр ийм шал, таазтай байгаагүй юм.

-Подвал байсан юм уу?

-Подвал ч биш. Анх иргэний хамгаалалтын зориулалтаар функер хийх гээд бэлдэж байсан юм билээ. Энд тэнд шороо овоолоод том том хоолой татаад орхичихсон байсан газар байлаа. Бүх шороог нь зөөж гаргуулаад энэ байрны албан байгууллагатай нь тодорхой хэмжээнд ярьж хөөрөөд засч янзалж байгаад орсон шүү дээ. Маш их хөдөлмөр, хугацаа шаардсан. Барилгын нэг бригад орсон байх шүү. Эндээ студитэй, бэлтгэлээ хийчихнэ.

-Амьд хөгжмийн хамтлагуудад бэлтгэл хийх байр бол нэгдүгээрт тавигдах зүйл шүү. Танайх энэ байранд ортлоо их л олон газраар дамжсан байх даа?

-Олон газар дамжсан. Нэг бэрхшээл нь амьд хөгжим тоглодог гэдгээрээ хэцүү. Бэлтгэлийн байр нь нийтийн орон сууц дунд байж болохгүй, албан газруудад байж болохгүй. Амьд хөгжим тоглодог хамтлагуудын нэг номерын асуудал бол бэлтгэлийн байрны асуудал. Хамтлагууд Улсын филармони, Драмын театр гээд ээлжлээд энд тэнд очиж бэлтгэлээ хийдэг. Ер нь бусад хамтлагаа сонсоод байхад тогтвортой байртай байх асуудал хэцүү байдаг юм шиг байна лээ. Ер нь бол хэцүү л дээ. Хүндрэлтэй зүйл их гарна. Хотын төвд бэлтгэл хийж үзлээ. Хүмүүс орж ирээд бэлтгэлийг минь хараад суучихдаг. “Гарч бай, ажлаа хиймээр байна” гэж хэлж болохгүй. Найз нөхөд, хэн ч бай орж ирнэ. Хөгжим дуугарч, хөг аялгуу эгшиглэж байгаа газар хүн орж ирээд сонирхоод суучихдаг. Тэр байдал нь бидэнд ажил хийхэд бас хэцүү санагдана. Нөгөө талаас байнга хөгжим дуугараад байхаар хүмүүс сонирхож орж ирээд байдаг байхгүй юу. Хэн хэндээ тийм хүндрэлтэй. Энэ байранд бид ороод ес, арван жил болж байна. ТЭЦ IV-ийн харьяа төрийн өмчит энэ газарт бид түрээсийн төлбөрөө төлөөд зохих журмын дагуу л амьдраад, ажлаа хийгээд явдаг юм.

Анх орохдоо хоёр талаасаа харилцан тохиролцож засвараа хийцгээсэн. Бид чинь эрчим хүчний салбарын баяраар олон ч удаа тоглож өгч байлаа. Тухайн үеийн удирдлагууд нь бидэнд энэ байрыг гаргаж өгөх тал дээр сэтгэл гаргасан л даа. Гол нь хөгжимд хайртай, хөгжмийг ойлгодог хүмүүс их тус болсон. Тэр бүхний тусаар бид ийм байранд ажиллаж байна.

Энэ байр чинь хүний хөлөөс зайтай, дээд талд спорт заал бий. Пижигнүүлээд нүдэж байхад юу ч сонсогдохгүй. Хана нь маш зузаан. Биднийг бэлтгэлээ хийгээд байж байтал гадаа цөмийн бөмбөг дэлбэрлээ гэж бодъё л доо. Бэлтгэлээ хийж хийж байгаад гараад иртэл бид л үлдчихсэн байх вий дээ л гэмээр (Инээв).

-“Хурд” хамтлагийн хэдэн жилийн ой болж байна вэ?

-2018 онд 25-ны жил орж байна шүү дээ.

-Шүтдэг хамтлаг нь уран бүтээл хийгээд оргилоод байхаар фенүүд нь дагаж оргилдог. Уран бүтээл хийхгүй нам жим болчихоор бас л тэгчихдэг?

-Тэгэлгүй яахав дээ. Одоогоос хорь гаруй жилийн өмнө, 1995 онд “Хурд” хамтлаг анхны “Хар салхи” тоглолтоо хийхэд тэр үед төрж байсан, хоёр, тав, найман настай байсан охид, хөвгүүд бол манай хамтлагийн дууг сонсч өссөн хүүхдүүд. Аав, ээж нь “Цэргийн бодол”-оос эхлүүлээд эх орон, аав, ээжийн тухай сайхан дуунуудыг өдөр болгон, машиндаа явж байхдаа, гэртээ амарч байхдаа сонсоод л, телевизээр нь манай клипүүд гардаг байсан үе болохоор тэр бүхэн тэдний зүрх сэтгэлд хоногшчихсон. Энэ 25 жилд “Хурд”-ын фенүүд эргээд залуужсан. Бүхэл бүтэн хоёр, гурван үед “Хурд” оршин тогтносон нь зөвхөн “Хурд”-ын хүч чадал биш. Ард түмэнгүйгээр “Хурд”-ын тав, зургаан залуу орилоод хэрэггүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тоглолтуудаа эргээд харахаар тухайн үед нэг, гурван настай байсан, чихэнд нь “Цэргийн бодол” гэх мэт бидний анхны бүтээлүүд хоногшчихсон хүүхдүүд одоо амьдрал үзээд нэгээс хоёр хүүхэдтэй болоод иржээ. Тэд ингээд өөрсдөө амьдрал дээр гарч ирээд эргээд л манай хамтлагийн нөгөө “Ханьдаа дуулъя”, “Миний найз миний дайсан боллоо гэж үү” гэдэг ч юм уу. Мөн “Чимээгүй ирэх дурлал” дуунуудыг сонсч эхэлдэг.

-Таныг ингээд хамтлагийнхаа дуунуудыг нэрлэхэд ая нь шүлэгтэйгээ аманд аялагдаж байна?

-Бага нас нь өнгөрөөд их, дээд сургуульд элсч ороод төгсөхдөө нэгнээ тэвэрч уйлалдаад эх орныхоо зүг зүг рүү салан оддог. Энэ бүхэнд “Хурд”-ын дуу хамт л явж байдаг. Гадаадад гарлаа. Тэндээ очоод “Хайрын улаан сарнай”-г сонсч байна. Эх орон, элгэн садан, ээж аав, найз нөхдийнхөө тухай дууг сонсч байна. “Хурд”-ын дуунуудыг ингэж мөнхөд байдгийн учир нь тийм. Тэр үеийн таван настай хүүхдүүд өнөөдөр 28-30 настай залуучууд, бүсгүйчүүд болчихоод хүний хань, хүүхдийн эцэг эх болж байна. Тэдний хүүхдүүдэд “Хурд”-ын дуу дахиад л нөлөөлж байгаа байхгүй юу. Үе үеэрээ сайн бүтээл, “Хурд” хамтлагийн маневр, хийц, дууны үгийн шилэлт сонголт, аялгуу, наалдалт, найруулга бүх юм нь амьдралтай ойрхон учраас оршин тогтноод байна. Оршин тогтнож байгаагийн цөм нь мэдээж үзэгч олон.

Бид чинь ажилгүй хүмүүс шүү дээ. Улсад ажил хийж үзээгүй. Өнөөдөр бид дуугаар амьдардаг. Дуугаа талх болгодог увидастай гэх юм уу, эсвэл аз гэх юм уу. Аав ээжээс авсан энэ сайхан хүмүүжил. Тэгээд түмэн олонтойгоо явах ийм л тавилантай нэг гэр бүл. Гэр бүл гэдэг чинь маш их хайр байдаг. Хайр байна гэдэг чинь хүндлэл байна гэсэн үг. Хайр, хүндлэл хоёулаа байхад оршин тогтнох суурь эх үндэс нь бий болдог. Яагаад вэ гэвэл хэн нь ч хэнийгээ орхиж явахгүй. Энэ л манай хамтлагийн үндэс суурь юм даа.

-Ихэнх хүнд “Хурд”-ын дуутай холбоотой дурсамж байдаг юм шиг ээ. Эсвэл танай хамтлагийн ямар нэг дууг сонсохоор хуучин дурсамж нь сэдэрдэг ч юм уу?

-Сэтгэлд нь хоногшиж үлдсэн юм хүн бүхэнд бий. Амьдралд ээдрээ байлгүй л яахав. Эхнэр нөхөр, гэр бүлд маргаан гарч л байдаг. Аав ээж нь манай хамтлагийн “Ханьдаа дуулъя”, “Аавдаа би хайртай” дууг хүүхдүүдээ анх мэдээ орж эхлэхээс нь л дуулж, сонсгосон байдаг. Би олон хүнээс сонсч байлаа. Аав ээжийгээ маргалдахаар манай хамтлагийн дуртай дууг нь ч юм уу, эсвэл “Ханьдаа дуулъя” дууг тавьчихдаг гэсэн.

“Ханьдаа дуулъя” дуу,

…Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад

Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач

Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол

Салхи даган жиндэн өтөлнө… гэдэг сайхан үгтэй.

Ингэж л “Хурд”-ын дуу тэр айлын хүмүүжил, дотоод уур амьсгал, гэр бүлийн халуун дулаан амьдралд нөлөөлөх нь өндөр байгаа юм л даа. Гэр бүл салаад л явж байна. “Зураг шиг бүсгүй” ч гэдэг юм уу. Анхны хайр болгон ямар бүтдэг ч биш. Ер нь бол жижиг бага насанд шохоорхол л байдаг. Тэр нь яваандаа хайр болдог ч гэдэг юм уу. Дуу болгоны цаана нэг түүх, дуу болгоны цаана хэн нэгэн хүний амьдрал яваад байгаа юм. Энэ цаг үед хурд ингэж байгаа нь нэг талаас бид их л азтай хүмүүс юм аа. Түмэн олон, ард түмнээрээ хүрээлүүлээд тэжээлгэж байна шүү дээ. Гэхдээ бид зүгээр суугаад тэжээлгэдэггүй. Оюуны асар их бүтээл гаргадаг. Хүмүүс хармаанаасаа эргэлт буцалтгүйгээр 20, 30 мянган төгрөгийг эргэлзээгүйгээр шууд гаргаж “Хурд”-ын тоглолтыг үзэж дэмжинэ гэдэг чинь бидний хийсэн бүтээлүүд хүмүүст их сайхан хүрдгийн нэг хэлбэр. Энэ их хайрыг л дааж явах ёстой. Энэ хайрыг бид хүндэлж биширч, түмэн олондоо залбирч явах л ёстой байхгүй юу.

-Хамтлаг, дуучдын шүтэн бишрэгч дундаас амьд хөгжмийн хамтлагийн шүтэн бишрэгчид нь илүү “амьд” байдаг. Нэгэн оюутан танай тоглолтын тасалбарыг авах мөнгөгүй болохоор “UB palace”-ийн гадаа зогсоод тоглолтыг тань чагнаж даган дуулж байхыг мэдэх юм?

-Ээ… (Уулга алдав). Нэг талаасаа тийм гоё үнэнч фэнтэй болчихсон байна гэдэг бол бахархмаар. Манай тоглолтууд дээр мэр сэр залуучууд ирчихээд манай хамгаалагчдад ханддаг. Манайхан чинь их зөөлөн шүү.

-Одоо ингээд зөөлөн гээд хэлчихээр ирэх сард болох тоглолтод чинь залуус тэгж орох гээд зүтгэчихвэл яана?

-(Инээв). Сэтгэлээсээ, дотроосоо хөгжимд дурлачихсан, “Хурд”-ын дууг сонсдог, дотроо шүтчихсэн, дуртай гэдэг нь нүднээс нь харагддаг юм. Үнэхээр тийм хүүхдүүдийг дагуулаад л тоглолт руу оруулж байсан тохиолдол бий бий.

Дараа нь түүхээ ярьдаг. Савхин хүрмээ зараад “Хурд”-ын тоглолтыг үзэж байсан тухайгаа өнөөдөр хүртэл ярьдаг фэн залуу маань байгаа шүү дээ. Савхин хүрмээ заран заран байж шүү. Гэхдээ их хямдхан зарсан гэж байгаа юм. Тоглолт эхлэх гээд байдаг, хүмүүс ороод байдаг. Мөнгөгүй. Тэгээд яахав өмсч явсан аятайхан савхин хүрэм хүрмээ зараад тоглолт үзсэн байдаг. Тэр тухай ярьж бидэнтэй одоо ч холбоотой явдаг юм тэр залуу. “Хурд”-ын дууг сонсохоор л савхин хүрэм нь нэг бодогддог гэсэн. Тийм л үнэнч. Гоё байгаа биз дээ.

-Танай хамтлагийг сонсдог гадныхан гэвэл?

-Гадны хүмүүс маш их болоод байна. Тоо нь нэмэгдээд байна. Урд зүг, Европ гээд хаана ч очсон биднийг ойлгохгүй, мэдэхгүй хөгжим сонсдог хүн гэж алга шүү. Ялангуяа сүүлд Шведэд очиход манай хамтлагийг сонсдог тав, зургаан швед залуучууд биднийг зорьж ирсэн. Бидний талаарх мэдээллийг интернэтээс анх олоод судлаад дуу уран бүтээлийг маань сонсоод таалагдсан гэсэн. Норвегид бас байна. Германд бол зөндөө байна даа. Хоёрдугаарт, хэлийг нь мэдэхгүй, ойлгодоггүй ч гэсэн Ар Монголын “Хурд” хамтлаг Өмнөд Монголын хот, сум, хошуудаар маш их очиж тоглодог болсон. Шанхай, Мьянмар, Вьетнамын хил дээр зохиогддог рок фестивальд очиж оролцдог боллоо. Тэнд Монгол байтугай, Өмнөд монгол хүн ганц ч байхгүй. Тэнд бид монголоороо л дуулдаг. Тэрбум гаруй хүнтэй Хятад улсын хөгжим сонирхдог залуус “Хурд” гэж Ар Монголын ийм нэг хамтлаг байдаг гэдгийг бараг бүгд гадарладаг болчихсон гэхэд болно доо. Түүнээсээ урагшлаад Тайвань, Тайланд руу хүрээ тэлэгдээд л байна. Олон ч уралдаан, рок фестивальд оролцдог ш дээ.

-Арванхоёрдугаар сар гаргаад “Хурд” хамтлаг “Никитон” хамтлагтай хамтраад тоглолт хийхээр болжээ?

-Хамтарсан тоглолт гэдэг нь нэг талаасаа их сайхан юм байгаа юм. Энэ цаг үед эвдрэлцэх, холдох, биенээ үзэн ядах үзэгдэл ялангуяа улс төр дээр их ажиглагдаж байна. Монгол монголоо гээж, Монгол монголоо хайрлахгүй, биенээ хайрлахгүй, хүндлэхгүй болж байна. Бидний гол зорилго бол бид хэдүүлхнээ шүү дээ, адилхан л монголчууд. Яагаад нэгнээ хүндэлж ярьж ойлгож болдоггүй юм бол оо. Энэ улстөрийнхөн, том том дарга нарыг ч гэсэн юм бодоосой гэж бодсон юм. Өнөөдөр Монголын рок поп, эстрад урлагт өөрсдийнхөө хийж бүтээсэн хөдөлмөрөөрөө “Хурд”, “Харанга”, “Никитон” хамтарч тоглож байсан. Тэр бол эв нэгдэл. Нэг нэгэндээ хүндлэл үзүүлэхгүй бол хэн хүндлэл үзүүлэх юм бэ. Бид л үлгэр жишээ үзүүлэхгүй бол өөр хэн үзүүлэх юм. Улс төр л лав биш юм байна. Улстөрийнхнөөс нөхөрлөл, сайхан инээмсэглэл алга. Сайхан чин сэтгэлээсээ инээмсэглэдэг улстөрч алга болчихож. Бүгдээрээ л үрчийсэн, урвайсан, бие биенээ хардсан, сэрдсэн тийм байдал үүсчихээд байна уу даа. Унжгар дорой байхын эхлэл нь энэ улс төрчдийн увайгүй яриа юм. Хүүхэд залууст яасан үлгэр дуурайлалгүй байна аа. Уг нь улс төрч хүн гэхээр бидний багад их өөр байсан санагдах юм. Их л гоё хүмүүс байсан юм. Дарга гэхээр л гоё.

-Дарга, дарга гэцгээж хүндэлж. Даргын хүүхдүүд ч аав, ээжийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж ихэд хичээдэг байж?

-Даргын хүүхэд хүртэл аавынхаа далбаан дор ухамсартай, хүмүүжилтэй, бусдад сайнаар нөлөөлдөг, гоё байж. Одоо бол эсрэгээрээ. Яагаад вэ гэвэл энэ бүхэн аав ээж, миний үеийнхэнтэй холбоотой. Төрийн гурван өндөрлөгөөс эхлүүлээд бүхий л шатанд миний үеийнхэн байна. Яг манай үеийнхэн улс төр, бизнес, урлагийн тавцан дээр бүгд л толгой байна л даа. Уг нь хүмүүжил сайтай, мундаг хүмүүс байх ёстой юм. Тэгээд яагаад ингээд байдаг юм бол оо. Улс орноо муухай харагдуулаад байна шүү гэдэг дээр л сэтгэл их эмзэглээд байдаг юм.

Иймээс бид ярилцаад “Хурд”, “Никитон” хамтраад нэгдүгээрт, эв нэгдэлтэй, хоёрдугаарт нэг нэгэндээ хайртай байя л даа. Үүнийг л бид дуугаараа, уран бүтээлээрээ дамжуулна. Хамтарсан тоглолт тэртэй тэргүй хүн болгоны сэтгэлд баяр болж харагдана. Сэтгэл нь хөглөгдөнө, хөөрнө, баярлана. Яагаад дандаа гудамжаар дүүрэн хоёр гараа унжуулсан, хагас доошоо харсан, зовсон, сэтгэл нь гундсан хүн их болчихоод байна шүү дээ. Цоглог байя, бүгдэд нь нөлөөлж чаддаггүй юм аа гэхэд сав байрных нь боломжоор нь хүмүүс орж үзээд нэг удаа ч гэсэн сэтгэлийн их таашаал аваг гэсэн бодлоор “Никитон” хамтлагтайгаа хамтарч ийм тоглолт хийх гэж байгаа юм.

-Хоёр өдөр тоглох билүү?

-Хоёр өдөр тоглоно.

-Арванхоёрдугаар сарын 9, 10-нд байх аа?

-Тийм тийм. Хоёр хамтлагийн хамгийн хамгийн хит дуунууд эгшиглэнэ. Хоёр хамтлаг нийлээд 25, 26 дуу дууллаа гэхэд гурван цагийн концерт шүү дээ. Бүрэн хэмжээний тоглолт. UB паласт болно. Энэ тоглолтоороо бид хайр гэдэг үгийг л дахин дахин хэлмээр байна. Хэн ч бай нэгнийгээ хүндэтгэж хайрлах ёстой гэсэн ийм л уриагаар энэ тоглолтоо хамтарч хийж байна. Манай рок поп дотор ойлголцдоггүй хүмүүс байдаг. Бас ойлголцоход хэцүү хүмүүс байдаг. Гэхдээ бид бие биенээ ойлгож, ойлголцохгүйтэйгээ ойлголцож, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг адилхан л уран бүтээл хийгээд явж байна. Бусад уран бүтээлчдээ ч уриалж байна. Хайр бэлэглэмээр байна. Монголчуудад хайр дутаад байна. Монголчуудад гоё инээмсэглэл дутаад байна. Гэтэл утаа нь эхэлчихлээ. Тэгээд дээрээс нь улс төр ингээд бужигнаад байхаар яасан ч гунигтай юм бэ дээ, гурай юм бэ дээ гэж харагдах юм. Энэ болгоноос л түмэн олноо тодорхой хэмжээгээр чирч гаргах ёстой, манлайлж явах ёстой, урлагийн хүмүүс. Сэтгэл их өндөр, өег байх ёстой.

-Амьд хөгжим сонирхогчдын хувьд “Никитон”, “Хурд” хоёр хамтарч тоглолт хийх гэж байгаа нь тоглолт гэхээсээ илүүтэй баяр, шинэ жилийн бэлэг мэт л санагдаж байгаа байх?

-Ер нь тэгж бодож болно ш дээ. Энэ бол бэлэг. Үүнийг ер нь уламжлал болгоё гэсэн бодолтой байгаа. Жил болгоны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын хоёр өдөрт тааруулж урлаг, хөгжмийн ийм том баярыг хийж байя гээд эхлэлийг нь манай хоёр хамтлаг тавьж байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд энэ жил мундаг улс төрч гэж битгий шалгаруулаасай. Мундаг улстөрч гэж хэн ч харагдахгүй байна шүү. Тийм номинаци зохиож хэн нэгнийгээ битгий худлаа шагнаарай гэж хэлье. Өнөө жилийн хувьд Монголд мундаг улс төрч байхгүй байгаа шүү. Би л хэлж байгаа болохоос түмэн олны л үг шүү. Тэр нь их онигоотой санагдаад байдаг юм. Гадныханд тийм шагнал, номенаци байдаг юм уу. Шагнал өгөхийн өвчин туссан биш дээ. Урлаг ярьж байгаад улс төр ярьчихлаа. Уг нь би улс төр ярих дургүй. Улс төр бол бөөн бухимдал.

Бидний энэ удаагийн тоглолт маш сонирхолтой байх болно. Шилдгийн шилдэг дуунуудаа дуулна. Бид олон ч хоног бэлтгэлээ хамтарч хийж байгаа. Маш сонин сонин сюрприз бий. Дуу, урлагийн маш гоё ертөнцийг тэр хоёр өдөрт мэдрүүлнэ. Ирсэн хүний сэтгэлд түүх болон үлдэх тийм тоглолт болно.

-Тоглолтын нэр “Нүргээн”?

-“Нүргээн” шүү дээ. Үнэхээр нүргэлүүлээд өгнө өө.

-Танай хамтлагийн хуурцаг, цомог, сонины хайлчилбарыг олон жилийн турш цуглуулж байгаа, бүх дууг тань цээжээр мэддэг үнэнч фэнийг тань мэдэх юм байна?

-1996, 1997 оны үед байх аа. Жаахан охин зургийн дэвтэр дээр наачихсан, гялгар уутанд хийчихсэн асар олон цуглуулгаа танилцуулж билээ. “Хурд”-ын талаар сонин дээр гарсан бүх л мэдээ сэлтийг зураг хөрөгтэй нь хайчилж хадгалсаар ирсэн байсан. Тэр охин ч биш, тийм маш олон фэн байдаг юм, би зөндөө сонссон. “Нүргээн” тоглолтоос өмнө “Хурд”-ын тухай гарсан анхны сонин хэвлэлээс нь эхлүүлээд одоог хүртэл хайлчилбар хийж байгаа хүн ирэх юм бол би ногоон гэрлээр л тоглолтоо үзүүлнэ шүү. Фэйсбүүк, цахим хөгжчихсөн байхад “Хурд” хамтлагтайгаа холбоо барихыг хичээгээрэй. Фэйсбүүкт ороод ирвэл би байж л байна. Манай хамтлагтай холбоотой тэр сайхан түүхүүдийг цуглуулдаг хүмүүс Монголын өнцөг булан бүрт байдаг. “Хурд”-ын хайчилбарыг цуглуулдаг эмээ ч байдаг юм. Хороололд амьдардаг эмээ л дээ. Одоо холбоо тасарчихаад байна. Жил болгон Хүүхдийн баяраар бидэнд бэлэг авчирч өгдөг байсан сан. Хэрвээ “Хурд”-тай холбоотой хайчилбар, ямар нэгэн юм цуглуулдаг хүн байвал би шалгаруулаад тоглолтоо үзүүлэхэд бэлэн байна шүү гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулж хэлж байна. Нүргэлүүлээд өгнө өө, нүргээн болно оо. Нүргээнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *