Categories
мэдээ цаг-үе

Ш.Батсайхан: Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй

“Автотээврийн үндэсний төв”-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийсэн. Харин энэ үеэр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнөөс 20 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ноцтой байдал илэрсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Д.Батбаяр нь миний хариуцдаг хэлтсийн дарга л даа. Гэхдээ тэр хүний өрөөнд юу байсныг би мэдэхгүй шүү дээ. Энэ талаар өөрөөс нь тодруулсан нь дээр байх. Ямартай ч хууль хяналтын байгууллага нь шалгаж л байгаа бол тогтоох биз. Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас зургадугаар сард Авто тээврийн үндэсний төвд ирж санхүүгийн бичиг баримтуудтай танилцаж байсан. Тус байгууллагыг жилдээ нэгээс хоёр удаа шалгалт үзлэг хийдэг гэж ойлгодог. Энэ удаа ч тэр ачаа тээвэр болоод боомтуудад үүсээд байгаа урт дараалалтай холбоотойгоор шалгалт үзлэг хийсэн байх. Тэдгээртэй холбоотой бичиг баримтуудыг ч Авлигатай тэмцэх газраас үзэж шалгасан. Зарим тодруулах шаардлагатай зүйлсийг манай мэргэжилтнүүдээс асууж, тодруулаад явсан.

-Таныг дээрх зөрчилтэй холбоотойгоор шалгаж байгаа гэсэн үү?

– Авлигатай тэмцэх газрын шалгалт ирснээс хойш 10-аад хонож байна. Өнөөдрийг хүртэл намайг Авлигатай тэмцэх газраас дуудаж, байцаалт авсан юм байхгүй. Ер нь бол намайг болон К.Айдосыг шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй. Учир нь би ашиг сонирхлын зөрчил огт гаргаагүй. Ийм асуудалд холбогдохыг ч хүсэхгүй. Би энэ ажлыг тогтвор суурьшилтай, байгаа түвшнээс нь ахиулж хийхийг эрмэлзэж байгаа. Түүнээс би эрх мэдэл, эд хөрөнгө харж энэ ажлыг хийгээгүй. Би өнөөдөр, маргаашаар өөрийнхөө ирээдүйг балладаг хүн биш.

– Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр одоогоор шалгагдаж байгаа юу?

-Миний авсан мэдээллээр тодруулга, байцаалт өгсөн гэсэн. Одоогоор хараахан Д.Батбаяртай уулзаж амжаагүй байна. Мэдээж удирдлагуудын хувьд бүхий л зүйлс дээр хэлтсийн даргаар нь дамжуулж хяналт тавьж ажилладаг. Би ажлын хэсэг хуралдах, ажлын хэсгийн тэмдэглэлийг хянуулах болгонд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зүйлээс ангид, хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтмол шалгаж байх ёстой гэдгийг үргэлж анхааруулж байдаг. Тэгэхээр авлига авсан гэх энэхүү хэргийн тухайд ийм асуудал байхгүй л гэж бодож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ ийм асуудал байх боломжгүй гэж харж байна.

-Сүүлийн жил гаруйн хугацаанд Авто тээврийн үндэсний төв нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олныг хууль бусаар өгснөөр Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэх машины тоо эрс нэмэгдээд байгаа талаар АТГ-т гомдол иржээ. Энэ тухайд?

-C зөвшөөрөл гэдэг бол хоёр улсын Засгийн газар хоорондох хэлэлцээрийн дагуу Олон улсын байнгын ачаа тээврийн гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэлд олгодог зөвшөөрөл юм л даа. Энэ зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл гаалийн дүгнэлт хийлгээд гурван сарын хугацаанд нүүрс тээвэрлэх эрхтэй болдог. Энэ эрхийг авахын тулд манай байгууллагын тавьсан тодорхой шалгуурыг хангасан байгууллагууд гэрээ байгуулах хүсэлтээ өгдөг. Улмаар ажлын хэсэг хуралдан сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр гэрээ хийдэг. Дээрээс нь манай байгууллагатай албан ёсны гэрээт байгууллагуудад энэхүү C зөвшөөрлийг өгдөг юм. Түүнээс манайхтай ямар ч холбоо хамааралгүй байгууллага C зөвшөөрөл аваад, тээвэрлэлт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Мөн C зөвшөөрлийг хууль бусаар олгож аливаа хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хоорондох гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй.

Боомтууд дээр үүсээд байгаа урт дарааллыг бид олон талаас нь харж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сар гэхэд 24 цагт хоёр мянган машин нүүрс ачдаг байсан. Боомтын хил нэг мянган машины л даацтай. Харин бид зургадугаар сар гэхэд хоногт 1600 машин ачаа ачдаг болгосон. Гэтэл БНХАУ-ын тал нэг машиныг хэдхэн минутад шалгадаг байснаа ямар шалтгаанаас ч юм 28-30 минут шалгадаг болчихсон. Үүнээс үүдэн хилээр өдөрт 500-600 машин л гарч байгаа. Тиймээс энэ урт дараалал үүсэхээс аргагүйд хүрээд байна. Түүнчлэн уурхай 24 цаг ачдаг. Харин хил 12 цаг л ажилладаг. Энэ нь дараалал үүсэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Ямартай ч бид энэ байдлыг өөрчлөхийг тулд “Уурхай ачилтын төлөвлөлтийн программ”-ыг хийсэн. Жишээ нь нэг компаниас хичнээн машин ачаа ачихыг нь заагаад өгчихнө гэсэн үг. Тэгэхээр жолоочид тээвэрлэлт хийхгүй өдрөө амрах боломжтой болох юм. Одоогоор уурхайнуудтайгаа хамтраад ажил хэрэг болгоод явж байгаа. Мөн нүүрсний машинуудад GPS суулгах шаардлага тавьж байгаа. Эхнээсээ зарим компаниуд энэ шаардлагуудыг ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ нь осол, хурд хэтрүүлэлт, батлагдсан маршрутаар явж байгаа эсэхийг хянахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ мэтчилэн жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, компанийн засаглалыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж байна. Хэрэв эдгээр шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд компаниудтай гэрээгээ цуцлах хүртэлх арга хэмжээ авахаар яригдаж байгаа.

-Авто тээврийн үндэсний төв азын дугаар олголт, дугаарын давхардал болон ДК номер олгох зэрэгт хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа вэ?

-Бид азын дугаар зарна гэсэн зар бүхий хэд хэдэн фэйсбүүк фэйж хуудсуудыг Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллан бүрэн хаалгасан. Одоогоор дугаарын стандартын шинэчлэлээр дугаарыг машин дээр нь лацаддаг байхаар тохируулж өөрчилж байгаа. Сүүлд ирсэн мэдээллээр тээврийн хэрэгсэл дээрх дугаарын давхардал нэг ширхэг л үлдсэн. Бусад давхардлууд үндсэндээ цэгцлэгдсэн. Харин ДК номерийг гадаад яамны тодорхойлолт, зөвшөөрөлтэйгөөр олгодог. Түүнийг хэвлэх аж ахуй нэгжүүд нь ч тусдаа байдаг.Хувь иргэн бүр аваад байх боломжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *