Дэлхий даяараа анхаарал хандуулж буй хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй энэ зууны шинэ бүтээл болох криптовалютыг хэлэлцэх “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” Корпорэйт Конвеншн Центрт эхэллээ.
Үндсэн хэлэлцүүлэг криптовалют, биткойн, блокчэйн технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, ирээдүйн төлвийг хэлэлцэж эхэллээ.
Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг ярихдаа, “Биткойны суурь технологи болох блокчэйн нь өөрөө цахим хувьсгал авчирсан дэлхийн нээлт. 2009 онд тохиосон дэлхийн эдийн засгийн хямралын үед бий болсон биткойн, түүнийг олборлох боломж олгодог блокчейн гэх технологи бидэнд дэндүү хол мэт санагдах ч цаг алдалгүй танин мэдэх шаардлага гарч байна. Тухайлбал,блокчейн технологи нь зөвхөн криптовалют олборлох эд биш гэдэг нь тодорхой болчихлоо. Эдүгээ блокчэйныг төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглаж, зоос хийгээд цаг хугацаа хэмнэх боломжийг улс орнууд нэвтрүүлж байна. Блокчэйны технологийг ашиглан гарын үсэг, газар олголт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гээд хүнд суртал дагуулдаг бичиг баримтыг баталгаажуулан гаргах боломжтой. Ингэснээр цаасгүй эрин рүү шилжинэ гэсэн үг” гэв.
Монголчуудын хувьд эрчим хүчний үнэ дэлхий нийтээс хямд төсөр. Энэ боломжоо ашиглан олборлолт хийх боломж бидэнд байна. Улмаар блокчэйн технологийг одоогоор хакердах боломж байхгүй. Маш том хамгаалалттай учир үүнд эргэлзэх хэрэггүй хэмээн АНУ дахь технологи, дизайны Steppe компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Б.Гэрэлмаа онцлов.