Categories
мэдээ нийгэм

Органик гэх хуурамч шошготой бүтээгдэхүүн борлуулахыг зогсоох журам батлагдана

Монгол Улс орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог “органик”-т тооцохоор хуульчилсан. Тэгвэл Органик бүтээгдэхүүний тухай хуулийг дагалдах журмуудыг баталснаар хуурамч шошготой органик бүтээгдэхүүн борлуулах боломжийг хазаарлах юм байна.

ХХААХҮЯ-наас хоёр дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган”-ыг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Монгол Улс унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон, цэвэр органик гэдгээрээ бусад орнуудаас ялгардаг. Өнгөрсөн онд баталсан Органик хүнсний тухай хууль олон улсын жишгийн дагуу органик хүнс үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хуурамч бүтээгдэхүүнийг хумих, хүнсний тэжээллэг чанар дээшлэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бий болох, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн салбарынхан онцолж байв.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гантогтох ярихдаа, “Органик хүнсний тухай хуулийн хүрээнд 6 журам нэг аргачлалыг боловсруулан батлуулах юм. Төслөө хийгээд бэлэн болсон бөгөөд батлуулах л үлдээд байна. Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошго дээр “органик” гэсэн тодотголыг дур зоргоороо тавьдаг. Дээрх журмуудыг мөрдөж эхэлснээр лабораториудын чадавхыг сайжруулах, бүтээгдэхүүнд энэ органик гэдгийг батлах тэмдэг тавих юм. Үүнээс гадна хүнсний нэмэлт агуулаагүй “цэвэр” гэдгийг батлах гол баталгаа нь баталгаажилтын байгууллага. Тиймээс гадны зөвлөхүүд хүрэлцэн ирж бизнесийнхэнд “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнуудаас бүрдсэн 100 орчим төлөөлөгч оролцож буй юм.” гэлээ.

Чуулганы төлөөлөгчид байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасаж, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт өрнөж буй энэ үед Монгол Улс давуу талаа ашиглаж органик бүтээгдэхүүнээ экспортлоход анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *