Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр 14:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, өөрийн хүсэлтээр зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Хурлын эхэнд ояката Исэгахама болсон явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлээд “Өнгөрсөн хугацаанд Харумафүжиг архи ууж, агсан тавьж байгааг хэзээ ч харж байгаагүй. Яагаад ийм зүйл болсныг маш их гайхаж байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүсэхгүй байна. Харумафүжигийн хийсэн үйлдэл. Биднийг байнга дэмжиж ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчиддээ талархаж байгаагаа илэрхийлье” гэж хэлээд нулимс унагажээ. Дараа нь Харумафүжи Д.Бямбадорж ояката Исэгахамагийн хамт толгой бөхийлгөн уучлал гуйжээ.

Харумафүжи Д.Бямбадорж “Би өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдлээ. Японы ард түмэн, олон нийт, намайг дэмжиж ирсэн та бүгдэд төвөг учруулсандаа харамсаж байна. Багштайгаа зөвлөлдсөний эцэст зодог тайлахаар шийдсэн. Ёкозуна хүн цол хэргэм, нэр хүнд, хүндэтгэлийг дааж, хариуцлагаа ухамсарлах ёстой. Башё дууссаны дараа энэ тухайгаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийе гэж бодсон” хэмээн ярьжээ. Харин болсон явдлын талаар “Ах хүний хувьд, аварга хүний хувьд дүү бөхчүүддээ зааж, сургаж, сумо барилдахад, сумогийн амжилт гаргахын төлөө юуг анхаарах тухай зааж, зөвлөе гэж үргэлж боддог байсан. Гэвч түүнийг ийм байдалд оруулсандаа уучлал хүсч байна” гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *