Categories
мэдээ нийгэм

“Bloomberg Finance Forum 2017” боллоо

Блю Скай зочид буудалд “Bloomberg Finance Forum 2017” хэлэлцүүлэг боллоо. Энэхүү форумын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд болон судлаачид цуглаж хэлэлцсэн юм. Мөн олон улсын банк санхүүгийн зах зээлийн туршлага, асуудлын шийдэл болон сорилтын талаар санал хүсэлтээ солилцов. Тус форумыг Нэйшнл Ньюс Корпорэйшн болон Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотек эзэмшигчдийн холбоо, Санхүүгийн салбарын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж, Монголын ипотекийн корпораци ивээн тэтгэсэн юм. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Монгол Банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон нар панелистаар оролцож үгээ хэллээ.

Энэ удаагийн форумд банк санхүүгийн салбарт нөлөөтэй хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг УИХ-д эхэлж байгаатай холбогдуулан зээлийн хүүг бууруулах талаар олон санал санаачлага хэлэлцэв. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох эрхийг Монголбанкинд олгох асуудал тусаад байгаа. Харин үүний өмнөхөн Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулан, урт хугацаанд зах зээлийн зарчмаар хүүг бууруулах замын зураг боловсруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад уг асуудлаар бодлогоо зөв тодорхойлох нь хамгийн чухал болохыг оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, олон нөхцөлт, хамаарал бүхий хүчин зүйлсийн дүнд тогтож буй зээлийн хүүнд заиргааны аргаар хязгаарлалт тогтоох нь зах зээлийн ерөнхий суурь нөхцөл, зарчмаас ухарсан явдал болохыг Монгол банкны холбооны төлөөлөгчид хэлж байлаа. Харин Монгол банкны зүгээс хууль эрх зүйн тодорхой зохицуулалтууд дутмаг байгааг онцолсон. Ямартай ч уг асуудалд төлөвлөгөөтэйгээр урт хугацаанд, үе шаттайгаар хандах хэрэгтэйг судлаачид болон арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *