Categories
мэдээ нийгэм

“Шинжлэх ухаан технологи, инноваци 2017” экспо шилдгүүдээ тодрууллаа

Залуу эрдэмтдийг дэмжих зорилготой төслийн дор “Шинжлэх ухаан технологи, инноваци 2017” үзэсгэлэн энэ сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай болж шагналаа гардууллаа. Тус үзэсгэлэнд 97 байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдхүүн дэлгэгдсэн юм. Шагнал гардуулах арга хэмжээг нээж БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа үг хэлэв.

Үзэсгэлэнд оролцож байгаа шилдэг бүтээлүүдээс тусгай байр нэг, гуравдугаар байр хоёр, хоёрдугаар байр хоёр, тэргүүн байр нэгийг тус тус шалгарууллаа. Тусгай байрын шагналыг Доктор Бат-эрдэнэ удирдагчтай Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” шинжлэх ухаан технологийн төсөл шалгарсан юм. Тус төслийг хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэж 2017 оны долдугаар сарын 1-ээс 5-ны хооронд 3075 ялтны хорих ялыг дүйцүүлэн хассан технологи ажээ. Харин гуравдугаар байрыг Хими химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны Уужим булган компаний Дугаржав, Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч лаг бэлдмэл” бүтээгдхүүн эзлэв. Тус бүтээгдхүүн нь цэвэрлэх байгууламжийн лаг жорлонгийн үнэрийг хоргүйжүүлэн халдваргүйжүүлэх бүтээгдхүүн юм. Мөн Физик технологийн хүрээлэнгийн Золбаяр, Баясгалан, Бат-эрдэнэ, Бат-орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт удирдлагын систем” бүтээл гуравдугаар байранд орлоо. Тус бүтээл нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилготой, усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник прогаммыг хослуулснаараа онцлогтой аж.

“Арьс тренд” компаний хэрэгжүүлсэн “Aрьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтоох, тогтворжуулах дэвшилтэт технологи” бүтээл “Шинжлэх ухаан инноваци 2017” экспогийн хоёдугаар байрыг эзэллээ. Тус технологи нь хром, хүнд металь, давс, хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулдаг гэнэ. Мөн хоёрдугаар байрыг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн уураг амин дэмээр баяжуулсан эрдсийн шахмал тэжээл шалгарлаа. Тус үзэсгэлэнгийн тэргүүн байранд Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх Б.Одонхишиг Д.Жаргалсайхан зохиогчтой “Элч 2” дулааны аккумлятор шалгарлаа. Энэхүү шөнийн цагийн цахилгаанаар халах паз шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэхгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барих зориулалттой бүтээл юм.

Дулааны техник хүрээлэнгийн дулааны секторын эрхлэгч Б.Одонхишиг тэргүүн байранд шалгарсан бүтээлийнхээ талаар ингэж ярив.

Манай бүрэлдхүүн 2016-18 онд дулааны аккумляторын инновацийн төслийг авсан. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй төслийн үр дүн энэ жилээс танилцуулагдаж байна. Энэхүү бүтээгдхүүнээ суурь судалгаанаас нь эхлүүлээд инновацийн бүтээгдхүүн болтол нь хөгжүүлж Монголд тохирсон агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмжийг бүтээж чадлаа. Бусад илжил төрлийн бүтээгдхүүнүүдийг бодвол эзэлхүүн багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн зэрэг үзүүлэлт нь давуу тал юм. Энэхүү бүтээлийг онолын суурь судалгаанаас нь эхлүүлээд судалж гаргаж ирсэн. Манай экологийн хүрээлэнгийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ ажилласан. Маш олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээл юм.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *