Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн долдугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ээжүүд, бүсгүйчүүдийн хандиваар босгожээ

Хан-Уул дүүргийн долдугаар хороонд байрладаг 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт боллоо. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа ярихдаа:

-Манай цэцэрлэг 1984 онд ашиглалтанд орсон. 140 хүүхдийн хүчин чадалтай. Тус хорооныхоо 1408 хүүхдээс 317 буюу 40 хувь нь манай цэцэрлэгт хамрагддаг. Энэ хичээлийн жилд хоёр настай 118 хүүхэд цахимд бүртгэгдсэн, үүнээс 25 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаад байв. Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудал нь цэцэрлэгт хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх. Энэ ачаанаас үүрэлцэж, бидний үйл ажиллагааг дэмжсэн “Сайхан бүсгүй” гэж төрийн бус байгууллага өнгөрсөн есдүгээр сараас барилгын ажил эхлүүлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд 100 метр кв барилгын ажил гүйцэтгээд тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сурч хүмүүжих таатай орчинг бий болголоо.

Хоёр настай 40 хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж өглөө. Энэ бүсгүйчүүдтэй хамтарч ажилласан аж ахуйн нэгж байгууллагууд, дэмжиж тусалсан цэцэрлэгийнхээ багш ажилтнууд, эцэг эхчүүддээ баярлалаа гэв.

“Сайхан бүсгүй” фэйсбүүк группийн админ, төсөл санаачлагч, Б.Дэлгэрмаа ярихдаа:

-2017 оны есдүгээр сарын 20-нд өргөтгөлийн ажил эхэлсэн. “Сайхан бүсгүй” фэйсбүүк группийн хандиваар боссон өргөтгөл юм. Шинийн тавны билэгт сайн өдрийг тохиолдуулан хүлээлгэн өгч байна. Групп нийтдээ 131 мянган гишүүдтэй. Бүгд эмэгтэйчүүд, ээжүүд. Одоогийн байдлаар бид 49 сая төгрөгийн хандив хүлээн авч, зарцуулаад байна. Шилэн данстай. Нэг ширхэг шрүп авсан ч баримттай явдаг. Өдөр өдрийнхөө тайланг группийн гишүүддээ мэдээлж ирсэн хэмээн ярилаа.

Олон ээжүүд өргөтгөлийг босгоход зориулж 500 төгрөг, 1000, 2000 төгрөгийн хандив өргөсөн байна. Сая төгрөгийн хандив өргөсөн хоёр компани байжээ. Мөн тоглоом бэлэглэж, өргөтгөлийг тохижуулахад тусалсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн “Өдрийн сонин”-оос хүлээн авна уу.

Б.ЭГШИГЛЭН

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *