Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.
“Greenhall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөнүүдээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.
21 аймгийн шүүхтэй цахимаар холбогдсон “Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой юм. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчин бүрдүүлж, эерэг сэтгэгдлийг төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр шийджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хэлэхдээ: “Greenhall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс “Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл дөрөв дэх жилдээ хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй байгаа ч хэмнэлтийн зарчмаар ажиллаж хоёр жишиг танхим байгууллаа.Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд байгуулахад Монголын шүүгчид шүүх хуралдаанаа өрөөндөө хийж байсан. Тэр цаг үе ард үлдэж,шүүгчид дэлхийн жишигт нийцсэн танхимд шүүх хуралдаанаа хийж байгаа нь Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн үр дүн.
Шүүх хуралдааны танхим шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын маш чухал хэрэглэгдэхүүн. Ийм танхимд орсон шүүгч, хэргийн оролцогчид оюун санааны түвшинд сэргэлт авах ач холбогдолтой.Энэ танхимд хууль ёс ялж байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм.
Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан танхим тохижуулж, ажиллах нөхцөлөөр хангасанд шүүгч, хуульчдыг төлөөлж талархал илэрхийлж байгаагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаяр нээлтийн үеэр хэлсэн юм.
Жишиг танхимыг “Greenhall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж “Greenhall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.