Categories
мэдээ нийгэм

Мэндчилгээ

Монгол Улсад Геологийн төв лаборатори үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус лабораторийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг үргэлжлүүлж буй лабораторийнхоо нийт ажиллагсад тэдний гэр бүл, харилцагч, хамтран ажилладаг байгууллага хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн зураглал, хайгуул шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, эрдсийн задлан шинжилгээгээр эцсийн үр дүнг тодорхойлох зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Дорнодын Геологийн Экспедицийн дэргэдэх лабораторийг БНМАУ-ын Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнгийн /ШУДБХ/ химийн лабораторитой нэгтгэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Геологи Шинжилгээний Удирдах Газрын харъяанд /ГШУГ/ “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори”-ийг байгуулсан нь өнөөгийн Геологийн төв лабораторийн суурь тавигдсан түүхтэй.

Монгол орны эрдэс баялгийг нээн илрүүлэх нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай ажилд геологич нөхдийнхөө хамт Эрдэнэт, Цагаан суваргын Зэс молибден, Төмөртийн овоо, Цав, Улааны цайр-хар тугалга, Баяндаваа, Жанчивлангийн цагаан тугалга, гянт болд, Заамар, Бороогийн алт, Асгатын мөнгө, Төмөртэйн төмөр, Бүрэнхааны фосфорит, Бэрх, Бор-Өндөрийн жонш, Налайх, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Тавантолгой, Нарийн Сухайтын нүүрс, Мардайн уран, Оюутолгойн зэс-алтны гэх зэрэг мянга гаруй том, жижиг хэмжээний орд, найман мянга гаруй илрэлийг олж илрүүлэхэд өөрийн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн юм.

Өнөөдөр Геологийн төв лаборатори нь үйл ажиллагаандаа олон улсын ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043 стандартуудыг нэвтрүүлж, олон улсын хэмжээнд гурвалсан стандарт буюу “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-аар итгэмжлэгдсэн Монголдоо төдийгүй дэлхийн 73 оронд хүлээн зөвшөөрөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид 2017 оны гуравдугаар улирлын байдлаар шинжилгээний ажлаар нийт 2,0 тэрбум 313,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 2,0 тэрбум 70,4 сая төгрөгийн зардал гаргаж татварын дараах ашгаар 36,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилтаар ойгоо угтаж байна.

Манай хамт олон харилцагчийг дэмжих, урт хугацааны хамтын ажиллагаа, найдвартай харилцааг улам илүү бататгах, геологийн зураглал, ашигт малтмалын хайгуулын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний цогц, чанартай үр дүнгээр түргэн шуурхай хангах, салбартаа үргэлж манлайлагч байхыг зорьж байна.

Геологийн төв лаборатори (ТӨҮГ)-ийн Захирал

Өлзийн Оюунбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *