Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Утааг ганцхан хүн үйлдвэрлээгүй биз дээ

-НИЙСЛЭЛ РҮҮ ИРЭХ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН. ДАХИАД Ч ХЯЗГААРЛАНА-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.


-Нийслэл өвлийн бэлтгэлээ хэр зэрэг хангав. улаанбаатар хот өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаагүй гэдгийг анхны цас нотолчих шиг боллоо. Хаа сайгүй халтиргаа гулгаа, мөс үүссэнээс эхний хэдэн өдөр осол аваарын дуудлага нэмэгдэж, хүмүүс олноор халтирч унаж гэмтсэн?

-Хэн нэгэн явганаас унаж бэртэх, машиныхаа зуны дугуйг өвлийнхөөр солиогүйгээс халтиргаа гулгаанд гулсаад машин очиж мөргөхийг хотын дарга зохицуулахгүй. Хотын өвлийн бэлтгэл гэж юу юм бэ гэхээр дулаан, цахилгааны шугам сүлжээний бэлтгэл ажил л юм. Монголд өнөө жил л ганцхан өвөл болж байгаа юм биш шүү дээ. Бид жил болгон л өвлийг угтдаг. Тиймээс хувь хүн, аж ахуйн нэгж болгон өвлийн бэлтгэлээ хангах учиртай. Өнөө жилийн анхны цас нэлээд их хэмжээтэйгээр орлоо. Уг цасыг бид хоёр өдрийн дотор бүрэн арилгах давс, цас хайлуулагч бодисоо нөөцөлчихсөн байсан. Хотын нийтийн аж ахуй, Захирагчийн ажлын алба, хот тохижилтын газар бүгд бэлэн байдалд байж бүх хүчээрээ ажилласан.

-Давсны нөөц хангалтгүй байгаа гэх юм. урьд жилүүдийнхтэй харьцуулбал…?

-Хангалттай байгаа.

-Тэр давс, бодисыг нь гадаадаас захиалахгүйгээр дотоодоосоо хангах боломж байдаггүй юм уу?

-Давсаа Монголоос авч байгаа. Хайлуулагч бодисоо ОХУ-ын Эрхүү хотоос авч байгаа.

-Цас хайлуулагч бодисыг хотын төвд, хүний хөл ихтэй газар, талбайд цацчихаад бусад газруудад цацдаггүй. Гэр хорооллыг чиглэсэн замд тийм бодис цацна гэж ер байдаггүй?

-Хотын замуудыг хуваагаад авчихсан байдаг. Хот тохижилтын газар, дүүрэг нь аль аль замыг хариуцах вэ гээд хуваачихсан. Хотын Захирагчийн ажлын алба болон хот тохижилтын газрын хариуцдаг зам гэж бий. Үүн дээр хөдөлгөөний их эрчим байдаг учраас бодисоо цацдаг. Бодис нь давснаасаа үнэтэй. Тиймээс бүх зам дээр бодис цацах боломжгүй. Боломжтой газарт нь бодисоо цацаад боломжгүй газартаа давс цацаж байгаа.

-Уг нь хүйтний улирал эхлээгүй байхад утааны асуудлаа шийдэх талаар дорвитой ажиллах байсан. Гэтэл одоо ч утаагаа ярьж байна?

-Бид бүх юмаа энэ утааны эсрэг ашиглаж байна. Гэхдээ ганцхан л хотын зүгээс утаатай тэмцэх арга байхгүй. Засгийн газраас эхлүүлээд бүх шатандаа утаатай тэмцэх зайлшгүй шаардлагатай. Бид байгаа мөнгөө утааны эсрэг ашиглаж байна. Хотын даргын хувьд захиргааны хувьд авдаг бүх арга хэмжээгээ авсан.

Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, бүсчлэлээ тогтоосон, зуухыг хориглосон, цахилгааны үнийг хямдруулсан. Тэгэхээр иргэн бүр өөрсдөө энэ бүхэнд оролцох хэрэгтэй байна. Түүхий нүүрс түлж болохгүй гэсэн газарт түүхий нүүрс түлмээргүй байна. Тэр бол иргэнийх нь үүрэг. Өөрөө гэр, байшингийнхаа яндангаар түүхий нүүрсний утаа гаргачихаад “Би утаанд хордож үхлээ” гээд хотын захиргаа руу хандаад байвал хэзээ ч бүтэхгүй. Бүгдээрээ хамтдаа байж, иргэн бүр нэгэндээ шаардлага тавьж байж утаатай тэмцэх ёстой. Хэрвээ та насжилттай машин унадаг бол тэрийгээ унахаа болих хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн утаа саагиулсан машин унаад явж байвал холбогдох газарт нь мэдэгддэг байх ёстой. Хэрвээ иргэн хүн утаанд хордоод байвал хашаандаа олон гэр барьж түүнийгээ түрээслүүлж, түүхий нүүрс түлүүлдгээ болих хэрэгтэй.

-Та утаа ихтэй газруудаар явж үзсэн үү?

-Бүх газруудаар явсан. Хяналт шалгалтыг сайжруулахгүй бол утаа хориглосон бүсүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд нүүрс түлж байна. Үүнийг хянадаг, шалгадаг байцаагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэд нэг нэгэндээ тавьдаг хяналтаа сайжруулах хэрэгтэй. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдсан бүсүүдэд нүүрс түлэхээ больж, цахилгааны хөнгөлөлтөө эдлэх хэрэгтэй. Хямд үнээр борлуулж байгаа цахилгаан халаагчийг авах хэрэгтэй. Шөнийн цахилгааны тарифийг тэглээд байхад тэр цагаар цахилгаан хэрэглэхгүй юм. Энэ бүхэн дээр төр засаг, аж ахуйн нэгж, иргэд бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Утааг ганцхан хүн үйлдвэрлээгүй биз дээ.

-Ханиад томууны үе эхэллээ. Элдэв өвчин дэгдэж эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больдог. Хүүхдүүдийг эмнэлгийн коридорт хэвтүүлдэг. Энэ байдал давтагдах уу?

-Энэ тал дээр бүх талаар бэлтгэл хангасан. Эмнэлгийн орыг нэмэгдүүлсэн. Томуу дэгдэлтийн үед яаралтай хүлээн авах орнуудын тоог нэмсэн. Эмнэлгүүдийн Хүүхдийн тасаг, Мэс заслын тасгуудыг агаар цэвэршүүлэгчээр хангасан. Энэ жил ханиад томууны бүр дийлдэхгүй том дэгдэлт гарчихгүй л бол хүүхдүүдийг коридорт хэвтүүлэхгүй байх бүх арга хэмжээг авсан. Бага насны хүүхдүүдийг томуугийн урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна.

-Баянхошуунд түрээсийн орон сууц барих хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн ч газар нь асуудалтай байгаа. Газрыг нь зарчихсан гэх яриа яваад байна?

-Тийм зүйл байхгүй. Бид цаашид түрээсийн орон сууцыг олшруулъя гэсэн бодолтой байгаа. Түрээсийн орон сууц барихын тулд төрөөс мөнгө гаргах хэрэгтэй. Компаниуд орон сууц барьчихаад түрээслэх сонирхолгүй байдаг. Яагаад вэ гэвэл компаниуд өөрсдөө борлуулаад мөнгөө авах сонирхолтой.

Дахин төлөвлөлтийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлэн явуулахаар байсан ч харамсалтай нь улс төрийн нөхцөл байдлын улмаас санхүүжилт нь орж ирэхгүй байна.

Хоёрдугаарт, нэг сайн мэдээ гэвэл бид Азийн хөгжлийн банктай хамтраад “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Тус банкны хөнгөлөлттэй зээлээр. Одоо гадуур борлогдохгүй байгаа орон сууцнууд бол өртөг өндөртэй орон сууцнууд. 100 метр квадратаас дээш талбайтай. Бидний барьж байгаа бодлого бол 40-80 метр квадраттай, метр квадратын үнэ нь 1.2 сая төгрөгөөс доош үнэтэй байх ийм орлогод нийцсэн орон сууцыг зах зээлд нийлүүлээч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Азийн хөгжлийн банкаар нэвтрүүлэх төсөл маань ч үүн рүү чиглэнэ. Эхлээд иргэдээ орон сууцанд оруулж сургах хэрэгтэй, амьдрах нөхцөлөө өөрчилье гэдэг сэдлийг бий болгох хэрэгтэй. Улаанбаатарт 4-5 өрөөтэй, тансаг орон сууцны хэрэгцээ хангагдчихсан. Одоо бол хоёр өрөө, 40-80 метр квадраттай орон сууцны эрэлт, хэрэгцээ их байна.

Гуравдугаарт, миний хувьд явуулсан шинэлэг бодлого гэвэл иргэдийн хашааны газрыг нь барьцаалаад 30 хувийн урьдчилгааг нь олгож байгаа. Бид хэдийгээр бага хэмжээний мөнгөөр эхэлсэн ч одоогийн байдлаар 40 орчим айл энэ хэлбэрээр орон сууцандаа орчихоод байна. Цаашид Засгийн газраас дэмжвэл үүнийг нэлээд өргөжүүлье гэж бодож байгаа. Хашааны газраас өөр барьцаалах юмгүй залуу гэр бүлүүд ч юм уу, орлого багатай айл өрхүүд маань хашааны газраа нийслэлд өгөөд урьдчилгаатай болоод орон сууцанд орох юм.

-Эдийн засаг хямарсантай холбоотойгоор төв, нийслэлээ бараадах нь ихэссэн. Гэтэл та сая шилжих хөдөлгөөнийг зогсоолоо гэж ярилаа?

-Нийслэл гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарчихсан учраас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Дахиад ч хязгаарлана. Өмнө нь нийслэлд 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол өнөө жил 7800 хүн шилжиж ирсэн бол 7800 орчим хүн шилжиж явсан. Тэгэхээр нийслэлийн механик шилжилт хөдөлгөөн зогссон гэж хэлж болно.

-Нийслэлд амьдаръя гэвэл иргэн хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ, тэгвэл?

-Нэгдүгээрт, нийслэлд орон сууц худалдан авсан байвал амьдарч болно. Яндан нэмэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, урт удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэвэл нийслэлд шилжиж ирж болно. Өөр тохиолдолд нийслэлд шилжиж ирэх бололцоо байхгүй.

-Нийслэлийн ИТХурал хуралдаж чадахгүй байна. Энэ нь нийслэлийн амьдралд мэдээж нөлөөлнө шүү дээ?

-15, 25-нд хуралдаан зарлачихсан. Одоо ингээд жигдрээд явчих байх гэж бодож байна.

-Та Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон. Ямар зорилго тавьж байна вэ?

-Миний тавьж байгаа зорилго бол МАН гэдэг энэ намын манлайллыг сэргээе гэж бодож байгаа. Иргэдэд итгэл үнэмшил төрүүлээд бодлогын хувьд иргэдээ болон намын гишүүдээ удирдаж, чиглүүлж явдаг ийм нам болох ёстой. Түүнээс биш нам гэдэг бол ямар нэгэн албан тушаал хуваарилдаг байгууллага биш. Бас бүхнийг мөнгөөр шийддэг байгууллага биш. Энэ бол манлайллаар, үзэл бодлынхоо манлайллаар удирдаж явдаг байгууллага учраас Нийслэлийн МАН-ын хороо тийм байгууллага болох бодлого гаргадаг байх ёстой.

-Нийслэлийн МАН-ын хороо дотроо хэрүүл уруул, үл ойлголцолтой байгаа?

-Би тэгж бодохгүй байна.

-Хөндлөнгөөс тэгж харагдаад байна л даа?

-…

-Нэг зүгт харж болдоггүй юм уу. Яагаад ингээд эв түнжингүй байгаад байна вэ?

-…

-Үндсэн хуульд хот гэж статус байхгүй. Нэмж хотуудыг бий болгох нь нийслэлийн ачааллыг бууруулна гэж үздэг?

-Нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийсэн томоохон ажил гэвэл Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлаад УИХ-д өргөн барьсан. Уг хууль энэ чуулганаар батлагдана. Энэ хууль батлагдвал нийслэл хотын статус, зэрэглэл арай өөр болно. Нийслэлийн иргэн гэдэг өөр болно, нийслэлийн иргэний эрх , үүрэг нь юу байх вэ. Нийслэл нь өөрөө ямар эрх мэдэлтэй байх юм. Дүүрэг нь ямар эрхтэй байх юм, хороод нь ямар байх юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж ямар эрх, үүрэгтэй байх вэ. Нийслэлийн иргэн гэхээрээ юуг дагаж мөрддөг байх юм. Ямар дүрэм, журам мөрдөгдөх юм гээд бүх асуудлууд шийдвэрлэгдэнэ. Энэ мэт бүх зүйлийг хуулийн төсөлд тусгачихсан байгаа. Эл төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Иргэд энэ хуульд саналаа өгөх боломжтой. Уг хууль батлагдвал нийслэл эрхзүйн хувьд тусгай статустай болно. Яагаад вэ гэвэл улсын хүн амын 50 хувь нь оршин буй энэ хотын хувьд асуудлаа өөрөө шийддэг, хөрөнгө мөнгөө өөрөө олж, тэрийгээ өөрөө зарцуулдаг тийм хот болно.

-Дагуул хотын асуудал?

-Нийслэл дагуул хоттой байхаар уг төсөлд тусгасан. Багануур, Багахангай, Налайх ч юм уу, Aircity ч юм уу. Тийм дагуул хотуудтай байж хөгжихөөр тусгагдсан байгаа.

-Эргэн тойрны суурин газруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэрэн дундаа Хөшгийн хөндий, Майдар хотыг хөгжүүлэх нь нийслэлийн ачааллыг бууруулна гэж тооцоолдог?

-Монголчууд зөвхөн Улаанбаатар хотод шаваад байх шаардлагагүй. Хотын даргын хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр орон нутгууд хотуудыг хөгжүүлэх Засгийн газрын бодлого гаргах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд хотожсон, хотын хэмжээнд хөгжсөн газар гэвэл Дархан, Эрдэнэт байна. Энэ хотууд руу хүн амаа шилжүүлэх, тархаан суурьшуулах ийм ажлуудыг хийх хэрэгтэй. Дархан, Эрдэнэт хот бол дэд бүтэц сайтай учир хөгжих боломжтой, аймгуудын төвийг бодвол. Залуучууд маань хот, төв суурин газарт ажиллаж амьдрах сонирхол байгаа цагт Улаанбаатартай эн зэрэгцэхүйц хоттой болъё гэвэл хамгийн түрүүнд Дархан, Эрдэнэтээ хөгжүүлээд нийслэлд төвлөрөөд байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж, их, дээд сургуулиудыг тэр хотууд руу гаргах хэрэгтэй. Түүнээс биш юу ч байхгүй, хээр талд шинээр хот байгуулна гэдэг эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хэцүү. Одоо хот болоод хөгжчихсөн байгаа тэр газруудад орон сууцыг нь бариад, төрийн захиргааны зарим байгууллагыг нь шилжүүлээд Дархан, Эрдэнэт, Улаанбаатарыг холбосон гурвалжин үүсгэх шаардлагатай. Энэ гурван хот байрладаг аймаг болох Булган, Сэлэнгэ, Төв аймгийг давхар хөгжүүлээд явбал Улаанбаатар хотын ачааллыг бууруулна. Улаанбаатарт л хүн ихтэй гээд дээрээс нь нэмж шилжиж ирээд байвал ачааллаа дийлэхгүй. Байгаль цаг уур, экологи нь дийлэхгүй. Нийгмийн ачааллаа ч дийлэхгүй байдалд орно. Үүнд нь хичнээн хөрөнгө мөнгө цутгаад ч дийлэхгүй. Тэгэхээр буцаад задлах бодлогыг явуулах нь зүйтэй.

-Улаанбаатар хотыг залуусын хот гэдэг ч залуус руу чиглэсэн үйл ажиллагаа ховор байдаг. Ямар сайндаа “Чөлөөт цагаа өнгөрөөх газар олдохгүй байхаар нь бааранд гулгаад орчихлоо” гэх вэ дээ?

-Улаанбаатар хот бол өөрөө залуу хот. Хамгийн түрүүнд энэ залуучууд маань хотын соёлд суралцах хэрэгтэй. Улаанбаатар хотод ирж амьдарч байгаа бол та дүрмийг нь дагах хэрэгтэй. Хотын бусад иргэдтэй адил соёл, дэг журмыг нь хамт дагах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөө уулын аманд эзэнгүй байгаа юм шиг аашилж болохгүй. Хотын соёлыг залуучуудад эзэмшүүлэхийн тулд Залуучуудын хөгжлийн газрыг тусад нь байгуулсан. Тэр газар маань залуучуудад эерэг амьдрах, хотод нийгэмшиж амьдрах, хотын соёлыг түгээх ажлыг хийдэг.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох шаардлагатай. Улаанбаатар бол зөвхөн монголчуудад зориулсан хот биш. Өнөөдөр Монгол Улс нээлттэй гадаад бодлоготой болохоор гадна дотны жуулчид маш их ирж байна. Тийм болохоор хүн амьдрахад аятай таатай орчинтой байх ёстой. Тэр орчныг бүрдүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Сүүлийн үед шүүмжлээд байгаа хөшөө бариад байна гэж. Хөшөө дурсгалаа ч барина, модоо ч тарина, утаатайгаа ч тэмцэнэ, замаа цэвэрлэнэ, замаа ч барина. Нэгийг нь хийгээд нөгөөг нь орхино гэж байхгүй. Яаж ч шүүмжилсэн бай бид хийдэг юмаа хийнэ. Өнөөдөр утаатай байна гээд бүх юмаа утаанд зориулаад театрынхаа хаалгыг барих ёстой юм уу. Эсвэл хөшөө дурсгал барихгүй байх ёстой юм уу. Эсхүл зам барихгүй байх ёстой юм уу. Тийм өрөөсгөл байж болохгүй шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарыг хүн ирэхэд ая тухтай байх тэр нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах ёстой.

-Улс орнуудын нийслэлийг анзаараад байхад нийслэл нь банк санхүү, эсвэл аялал жуулчлал гээд тодорхой нэг зүйл дээр төвлөрсөн байдаг. Манай нийслэл юм юмны хярамцаг шиг л байх юм?

-Манай Улаанбаатар хот хуучин тогтолцооны үед үйлдвэрлэлийн хот байсан. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрүүдтэй болж хөгжиж ирсэн. 1990-ээд оны хувьчлалын дараа энэ бүх үйлдвэрүүд нь нуран унасан. Одоо манай хотын орлогын ихэнх нь үйлчилгээний орлого. Төсвийн орлого нь хүн амын орлогын албан татвар дээр түшиглэж байна. Цаашид Улаанбаатар хот маань үйлдвэрлэлийн бүсээ хотоос гаргана. Хотын тодорхой хэсэг нь л үйлдвэрлэл дээр тогтох ёстой. Эмээлтийн үйлдвэр, технологийн парк, Багануурын технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркаа хөгжүүлж хотоос үйлдвэрүүдээ гаргана. Улаанбаатар хотод агаар, экологид хортой үйлдвэрүүдийг хөгжүүлэхгүй. Нийслэл хот маань Монгол Улсын хувьд банк санхүү, аялал жуулчлал, үйлчилгээний төв болж хөгжих учиртай. Дахиж Улаанбаатар хотод барилгын материалын үйлдвэр, цементийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр байгуулахгүй. Эд хотын гадна хөгжинө. Дэлхийн хотуудын чиг хандлага бол хот нь өөрөө хүн амьдрахад таатай орчныг хэр бүрдүүлж байна вэ гэдгээрээ л өрсөлддөг болсон. Өндөр байшин, үйлдвэрийн том яндан бол өнгөрсөн зууны бэлгэдэл. Цаашдаа Улаанбаатар хот төрийн захиргааны байгууллагууд нь төвлөрсөн, банк санхүү, үйлчилгээ, аялал жуучлал дээр тулгуурласан хот болно.

-Цэвэрлэх байгууламжийн асуудал он он дамжаад байна. УИХ-ын гишүүдийн хувь сонирхол явдаг учраас энэ асуудал хойшлогдоод байдаг?

-Энэ асуудал дээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд онцгой анхаарал тавьж байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж байгаа. Энэ хавраас барилгын ажлыг нь эхлүүлээд хоёр жилдээ багтааж дуусгах ийм төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Метротой болох асуудал нэг хэсэг хүчтэй гарч ирээд бараг 2020 онд нийтийн тээврийн бүх ачааг нуруундаа үүрнэ гэж байсан даа?

-Тэр судалгааг “Жайка”, япончууд хийсэн. 2025 оноос нааш Улаанбаатар хотод метро байгуулах нь эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр 2025 оноос цааш метроны асуудлыг ярих учиртай. Гэхдээ энэ судалгаа орхигдоогүй, үргэлжилж байгаа. Улаанбаатар бол хүйтэн хот. Хүйтэн цаг агаартай, сэрүүн бүсийн хот учраас газар доорх байгууламжийг бий болгох хэрэгтэй. Гэхдээ метрополис хотын хувьд газар доогуурх байгууламжтай, тэнд нь үйлчилгээ явуулдаг байх нь өнөөдөр ингээд халтиргаа гулгаа гэж ярьж байгаа үед ийм байгууламж барих нь үе үеийн Засаг дарга нарын ярих ёстой асуудал.

-Монголчууд бүх юманд ямар нэгэн эзэн олж, тухайн болохгүй байгаа зүйлээ тохохыг хүсдэг болж. Танд тийм зүйл анзаарагдаж байна уу. Цас ороход та буруутай, утаа өтгөрч байгаад та буруутай ч юм шиг?

-Дэлхийн хотуудын дарга нар ийм зовлонтой. Энд тэнд олон улсын чуулга, уулзалтуудад хотын дарга нар уулзаад ярьдаг юм. Бүгдээрээ л муулуулдаг юм байна лээ (инээв). Ингэж муулуулдаг нь хотын дарга нарын тавилан юм шиг байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *