Categories
мэдээ нийгэм

МҮЭХ Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлэхийг эсэргүүцэж байна

ЗурагМҮЭХ-ноос 2018 оны улсын төсөвт Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-г ЭМЯ-нд шилжүүлэхээр тусгасныг эсэргүүцэж буйгаа өнөөдөр мэдэгдэв.

Энэ талаар өнөөдөр тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийв. Тэрбээр, “ЭМДС-гийн мөнгөн хөрөнгийн захиран зарцуулах асуудлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд ЭМДҮЗ байгуулагдсан цагаасаа хойш огт хуралдаагүй. Гэтэл уг санг ЭМЯ-нд шилжүүлж, хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн байгууллагуудын завсар, үйлчилгээг сайжруулах чиглэлд зарцуулах асуудал ярьж байна. ЭМДС бол иргэдийн төлсөн татвараас бүрддэг. Тиймээс МҮЭХ даатгуулагчийн төлөөллийн хувьд тус сангийн мөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт оруулсныг тууштай эсэргүүцэх болно. Энэ сангийн мөнгө иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 100 хувь зарцуулагдах ёстой. Тиймээс ЭМДҮЗ-ийг нэн даруй хуралдуулж, ЭМДС-ийн бие даасан байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээв.

Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 8-9-нд болсон МҮЭХ-ны XXII их хурлын талаар товч мэдээлэл хийв. Их хурлаар Х.Амгаланбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр улираан сонгосноос гадна холбооны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, МҮЭХ нам, эвслээс ангид, хараат бус, бие даасан, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах байгууллага байна гэсэн заалтыг дүрэмдээ нарийвчлан тусгажээ. Мөн дараагийн Их хурал хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд холбооны дүрэмд өөрчлөлт оруулахыг хориглодог байсныг “МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 75 хувь санал болгосон эсхүл шаардсан тохиолдолд дүрэмд тодорхой өөрчлөлт оруулна” хэмээн өөрчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *