Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн зэсийн зах зээл ба ойрын төлөв төлөв

Чилийн “Коделко” компанийн “Чукикамата” зэсийн уурхай

Сүүлийн үед УИХ төсөв батлах хамгийн чухал ажилдаа орлоо. Үүнийг монголчуудын өвлийн идэш гэж болно. Гэхдээ энэ ажил дуусахад аравхан хоног үлдсэн. Энэ хугацаанд хэр чанартай идэш хийх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Бидний идэш өнөө маргаашдаа уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарна. Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр. Эдгээр бүтээгдэхүүний үнэ бидний идэшний хэмжээг тодорхойлно. Сүүлийн үед нүүрсний үнэ өссөн ч биднээс авдаг хятадууд том хориг тавьчихлаа. Монголбанк ахиухан алт авна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ ахиухан авсан алт долларын ханшийг барихаас өөр нэг их ашиг авчрахгүй.

Харин ойрын хоёр жилд аминд орох зүйл нь зэсийн үнэ болж таарч байна. Сүүлийн сар шахмын хугацаанд зэсийн үнэ өссөн. Өнөөгийн улстөрчдийн аминд орох зэс цаашдаа ч өсөх хандлагатай байна. Бид зөвхөн зэсээс төсвийнхөө дөрөвний нэгийг олно. Дэлхийн зэсийн зах зээлийн 2017 оны эцэслэн гарсан мэдээнээс харвал ойрын ирээдүйд зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх ч, нийлүүлэлт хангалттай байх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Яг энэ мөчид манай зарим улстөрчдийн зүхээд байгаа Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт аминд орно. Тус ордын гүний уурхай ашиглалтад орох цаг нь зэсийн өндөр эрэлтийн үетэй давхцах магадлал өндөр гэнэ.

Харин энэ үед бид зэсээс хүртэх ашгаа нэмэгдүүлэх эсвэл одоогийн үнээр зараад сууж байх уу гэсэн асуулт гарна. Өнөөдөр бид тонн зэсийг 7000 доллараар зарж байна. Хэрэв хайлуулаад зарвал тонныг нь арав гаруй мянган доллараар зарах нь. Харин цахим хэрэглэлийн эд ангиудыг хийж чадвал нэг тонн зэсийг 100 мянган доллараар зарах юм байна. Энэ нөхцөлд зөвхөн зэсээс төсвөө давсан орлого олно. Сүүлийн үед хоёр сайн мэдээ гарсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн зэсийн үйлдвэр барих тухай ярьсан. Мөн Оросын мэдээллийн хэрэгслээр баялгийн үнэ ХКН-ын их хурлын шийдвэрээс хамаарахгүй, харин Энэтхэгт ойрын жилүүдэд ашиглалтад орох арван АЦС-аас хамаарна гэж мэдээлэв. Дээр нь өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа цахилгаан машины үйлдвэрлэл зэсийн хэрэглээг нэмэгдүүлнэ.

Зэсийн хэрэглээ хэрхэн өссөн тухай мэдээллээс харвал байнга өсч ирсэн түүхтэй аж. 1900 онд дэлхийн хэмжээнд 500 шахам мянган тонн зэс үйлдвэрлэж байсан гэнэ. Харин 1997 онд 11.5 сая, 2015 онд 22.8 сая тонн болж өсчээ. Дээрх хугацаанд зэсийн үйлдвэрлэл дэлхийн улс төр, эдийн засгийн байдлаас үл хамааран дунджаар байнга гурван хувиар өсч иржээ.

Зэсийн хамгийн том олборлогч нь Чили улс. Тус улс 2015 онд 5.7 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Зэсийн хамгийн том үйлдвэрлэгчид нь Чили, Хятад, Япон, АНУ. 2015 оны байдлаар Ази тивд 11 сая тонн, Европт 3.3, Америкт 3.1, Африк болон арлын орнуудад сая гаруй тонн зэс хайлуулжээ. Харин зэсийн хэрэглээний 37 хувийг барилга байгууламжид 26 хувийн цахилгаан хэрэгслийн салбарт, 26 хувийг тээвэр, машин үйлдвэрлэл эзэлдэг аж.

Зэсийн дэлхийд илэрсэн нөөцийн 28 хувь нь Чили улсад байдаг. Гэхдээ экспортын 50 хувийг зэс эзэлдэг боловч ДНБ найман хувийг нь эзэлдэг гэнэ. Чилийн хамгийн том зэс олборлогч компани нь “Коделко”. Хамгийн том зэсийн орд нь “Чукикамата”. Энэ орд жилд 600 мянган тонн зэс гаргана. Тус ордын өргөн 4.5 км, урт нь 3.5 км, гүн нь нэг км. 1910 онд ашиглаж эхэлсэн энэ уурхайгаас өнөөг хүртэл ил уурхайгаас 5.4 сая тонн зэс олборложээ. Арван жилийн дараа гүний уурхай ашиглалтад орно. “Чукикамата” гэдэг нэр нь Энэтхэгээр металлын орд гэсэн үг аж. Хүдэр зөөдөг машин нь 320 тн-ын даацтай нэг ээлжинд 1.3 тн түлш зарцуулна. Тус уурхайн эцсийн дамжлага нь гурван хайлуулах үйлдвэр. Энд дэлхийн хамгийн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр 180 кг жинтэй 500 долларын үнэтэй зэс хавтан үйлдвэрлэнэ. Зөвхөн энэ уурхайд л өдөрт 11 мянган зэс хавтан үйлдвэрлэдэг гэнэ. “Коделко” компанийн төв Чилийн нийслэлд байрлана. ТУЗ долоон хүнээс бүрдэх ба тэднийг тус улсын төрийн тэргүүн томилно. ТУЗ-ийг Уул уурхайн сайд тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Зэс үйлдвэрлэгчдийн холбоо, Зэсийн аж үйлдвэрлэлийн инженер техникийн үндэсний холбооны төлөөлөгч орно.

Энэ аварга компани өнгөрсөн наймдугаар сарын дундуур Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа тухай мэдэгдсэн. Компанийн гүйцэтгэх захирлын мэдээлснээр Монголд зэсийн чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд ямар нэгэн эрсдэлгүй. Дээр нь Монголын хайгуулын ажил маш бага хийгдсэн тул цаашид зэсийн том ордууд илрэх магадлал өндөр гэж үзэж байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлсэн.

Харин зэсийн хэтийн төлөвийн талаар хоёр томоохон таамаг бий. Зэсийн ирээдүйн хэрэглээг өндөр хөгжилтэй орны болон хөгжингүй орнуудын хэрэглээ гэж хуваана. Өндөр хөгжилтэй орнууд цахим хэрэгсэл, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр түлхүү хэрэглэнэ гэж үзэж байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувь нийгмийн асуудлаа шийдэхийн тулд хэрэглээ эрчимтэй өснө гэж үзнэ. Жишээлбэл, Энэтхэгт өнөөдөр 300 гаруй сая хүн эрчим хүчээр дутагдаж, Хятадад 200 сая шахам хүн шаардлагатай эрчим хүчээр хангагдаагүй. Дээр нь Индонез, Вьетнам зэрэг орнуудын иргэд ахуйн хэрэглээний эрчим хүчээр бүрэн хангагдаагүй аж. Ойрын ирээдүйд ашиглалтад орох Энэтхэгийн АЦС-ууд цахилгааны асар том сүлжээ байгуулна. Зарим судлаачийн үзэж буйгаар Энэтхэгийн улс төрийн тогтвортой зах зээл ойрын 20 жилд Хятадын хэрэглээнээс давах магадлалтай. Мөн буурай хөгжилтэй орнуудын 500 гаруй сая хүн цахилгаан эрчим хүчний хомсдолд амьдарч байгаа нь зэсийн зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэнэ. Энэ нь зэсийн эрэлтийг байнга өсөхөд нөлөөлөх аж. Харамсалтай нь хүлээж байгаа зэсийн эрэлт, үнийн өсөлтөд бид бэлэн биш. Бэлэн нүүрсээ зараад л суудаг. Бид зэсэн дээр ч тийм байдалтай байх бололтой. Бид гүйж, гуйж зэсээ зарж чулуу болгохгүй бол хэн ч биднээс зэс гуйж ирэхгүй. Дэлхий Монголын зэсээр дутахгүй. Харин дэлхийд зарж чадахгүй бол ирэх жилүүдэд хэдэн биенээ хэмлээд сууж байх нь.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *