Categories
мэдээ цаг-үе

Улстөрчдийн ааш араншин Монгол Улсыг элгээр нь хэвтүүлэх нь

2017 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Чикагогийн их сургуулийн профессор Р.Тэйлер “Зан төлөвийн эдийн засаг буюу эдийн засаг ба сэтгэл зүйн харилцан хамаарлын тухай судалгаа”-гаараа хүртлээ. М.Энхсайхан “Араншинт эдийн засаг” гэж орчуулсан байна лээ. Энэ судалгааны бүтээлд эдийн засагт сэтгэл зүй, зан төлөв нөлөөлдгийг гаргаж тавьсан юм. Өмнө нь сонгодог эдийн засгийн онолд эдийн засаг, хувь хүний зан чанар хамааралтай гэж үздэггүй байсан. Тэгвэл Нобелийн шагналтан маань хэд хэдэн хүчин зүйлээр эдийн засаг, зан төлөвийн хамаарлыг гаргажээ. Товчилвоос хүмүүс өөрт байгааг бусдаас илүү гэж үзэх ба өөрийн шийдвэрийг оновчтой гэж боддог. Цаашлаад энэ нь нийт эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судалж. Нөгөө талаас хүмүүс хүслээ барьж дийлэхгүй богино хугацаанд сэтгэл ханамж авах сонголтыг хийдэг талаар болон нийгмийн сонирхолд нийцсэн үйлдэл нь эдийн засгийг тодорхойлж буйг тогтоожээ. Эцэст нь хүн хэдийгээр маш олон зах зээлд оролцогч талуудтай харьцаж, тэдгээрийн нөлөөлөлд ордог ч хувийн сэтгэл зүйн онцлог нь хадгалагдсаар байдаг гээд үүнийгээ хөрөнгө оруулагчийн зан төлөв дээр судалжээ. Эндээс харахад хувь хүний зан төлөв, сэтгэл зүйтэй эдийн засаг яалт ч үгүй хамааралтай болж таарах нь. Тэрний бодит жишээ бол манай төр засгийн удирдлагууд, улстөрчдийн ааш аяг, зан төлөв улсынхаа эдийн засагт нөлөөлөөд, өөд нар харуулахгүй, элгээр нь хэвтүүлээд байгааг дурдъя.

Монголын эдийн засаг манай шийдвэр гаргагчдаас хамааралтай байдаг. Өнөөдөр Монголын эдийн засаг тааруу байгаа нь удирдагчдынхаа зан харилцаандаа анхаарахгүй бол болохоо байсныг илтгэнэ. Төр засгийн удирдлагад байгаа хэдэн нөхөд маань бие биетэйгээ ашгийн төлөө муудаж, сүүлдээ энэ нь ил цагаан боллоо. Нэг нам нь гараад ирэхээр нөгөө намынхнаасаа илүү идэх гэж л үзэж тарж байснаас Монголыг хэн сайжруулахав, эдийн засгийг нь хэн босгохов гэж уралдаж байсангүй. Харин одоо нам дотроо хуваагдаад талцдаг боллоо. Хэний бүлэглэл их идэх вэ, хэн нь хувьдаа их ашиг олохоороо л талцаж хэрэлддэг болов. Энэ бүгдийн үр дүн нь өнөөгийн Монголын байгаа байдал. Гурван сая иргэн нь элгээрээ мөлхөхдөө тулаад байгаа нь та нарын араншингаас болоод байна, улстөрчид өө. Ардчилсан нам ялаад эдийн засаг доройтуулчихлаа гэсээр гарч ирсэн МАН-ынхан өнөөдөр ааш авираа дийлэхгүй талцан хоёр хуваагдлаа. Саяхан чуулганы танхимд хэрэлдэж элдвээрээ дуудалцсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нарын хэрүүлээс Монголын улстөрчдийн үнэн нүүр царай харагдлаа. Ж.Мөнхбат нь У.Хүрэлсүхээ хаан уу, заан уу, намын мөнгөнөөс хулгайлсан хулгайч гээд баримтыг чинь дэлгэнэ гэлээ. У.Хүрэлсүх нь их томроод байгаа пацааныг байранд нь тавина, авлига авч томилсон болгоныг чинь хална, төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ гэв. Энэ хэрүүлээс аль аль нь Монголын төрөөс идэж уудаг юм байна, тэрийгээ бас мэдсээр ирсэн юм байна гэж ойлгогдоно. Энэ нь манай эрх баригчдын эдийн засагтаа хандах хандлагыг баталж байгаа юм. Айлын хойморт дэлгэцээр хамаг муу хараалыг хэлж, биесээ доромжлох тэдний араншин Монголын улстөрчдийн өнөөдрийн нүүр царай. Эдийн засаг өөдөлдгүйн жишээг энэ хоёр хүн өөрсдөө хэлчихлээ. Манай улстөрчид дандаа хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирлээ.

Та нарын авиргүй ааш, зан харилцаанаас болж энэ улс хөгжихөө байлаа. Өчигдөр чи идсэн бол өнөөдөр би иднэ. Оюу толгойн гэрээг батлуулахдаа чи авлига авсан бол би өнөөдөр Таван толгойгоос хувь хүртэнэ. Таван толгойгоос надад хувь хүртээхгүй бол энийг чинь би зогсооно. Чи олон лиценз авсан байхад надад цөөхөн байна. Тэр намынхан банктай байхад манай намынханд алга.

Чингис, Самурай бондоос АН-ынхан илүү хүртсэн юм чинь, Гэрэгэ, Мазаалай, Хуралдай бондоос МАН-ынхан илүү хүртэнэ шүү гэх зэргээр талцав. Эрдэнэтийг нэг хэсэг нь нууцаар тохирч авлаа, нөгөө хэсэг нь улсад авна гэлээ. Үнэн хэрэгтээ Монгол Улсад авна гэдэг нь ч худлаа. Нэг бүлэглэл нөгөөгөөсөө булаах л санаархал. Шуугиан тарьсан Эрдэнэтийн асуудал шүүхийн шатанд яваа. Аль бүлэглэл авах нь цаг хугацааны л асуудал. Ард түмэн тэндээс юм горьдох хэрэггүй. Х.Баттулга тэргүүтнүүд төмөр зам тавина, тавихгүй гэсээр өнөөг хүрэв. Хэрүүл өргөн, нарийн цариг гэж үргэлжилж, Монгол Улс төмөр замгүй үлдэв. Эсвэл нэг дарга нь өөрийнхөө хувийн амралт, хаус руу очихын тулд эдийн засгийн ямар ч ашиггүй, өөрөөс нь өөр хүн явдаггүй зам тавиулчихна. Ингэж хэн ахиухан хүртэж, хэн ахиухан идэхэв гэж уралдсаар өдийг хүрлээ. Энэ тэмцэл, улстөрчдийн ааш араншингаас болж хөрөнгө оруулагчид ч нүүр бурууллаа. Тэд “Танай улстөрчид авлига нэхдэг. Хэлсэндээ байдаггүй. Засгийн газар чинь тогтворгүй, хууль чинь хэзээ ч яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байдаг“ гэж хэлдэг шүү дээ.

Эдийн засагч Р.Амаржаргал баялгийн дахин хуваарилалт болох нь гэж ярьж байсан. Энэ нь ч эхнээсээ батлагдаад эхэллээ. Уул уурхайгаас хүртэж чадаагүй, хүнсний үйлдвэрлэл дагнаж ирсэн нь уул уурхай руу сонирхлоо чиглүүллээ. Дахин хуваарилалтаас ашиг олох хамгийн том хоёр салбар бол уул уурхай, банк санхүү. Энэ мэтчилэн хэдэн улстөрчид нь улсаараа тоглож дуусах нь.

Би тэрнээс хүртэх ёстой, энэнээс ч авах ёстой гэсээр хорин жил хэрэлдлээ. Нэг хэсэг нь баялгаас ахиу хүртсэн гучин гэр бүл байгаа гэж зарлан, юм л бол гучин гэр бүлийн төлөөлөл гэлцэн зүхэх болов. Лицензийг нь хураана гэлээ. Нэгэнт авчихсан лицензээ тийм ч амар өгөх ч үгүй биз. Ингэж Монголын улстөрчид дотооддоо зөрчилдөх зуур хоёр хөршийн маань эдийн засаг өдрөөс өдөрт сайжирч, өргөжин тэлсээр байна.

Хятад, Америк асар их зөрчилтэй улс. Гэсэн ч Хятадын удирдлагууд АНУ-ын удирдлагуудтай уулзаж, ойлголцолд хүрч чадаж байна. Энэ хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт маш сайн байгаа. АНУ-ын засгийн газрын хамгийн их бондыг өнөөдөр Хятад улс худалдаад авчихсан байгаа. Энэ жишээ үзэл суртал эдийн засгийн хориг болдоггүй юм байна гэдгийг харууллаа. Улс гүрнүүдийн төрийн тэргүүнүүдийн уулзалт Засгийн газрын харилцаа эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг болсон. Өнөөдөр улс орнууд баталгаатай мэдээлэл авахыг зорьдог болсон. Ихэнх мэдээллээ хувийн харилцаагаар тэр тусмаа өндөр албан тушаалтнуудаас авахыг хичээдэг болсон. Тийм учраас эдийн засагт Адам Смитийн онолын үл үзэгдэгч гар биш хүмүүсийн харилцаа илүү чухал нөлөөлдөг болсон байна. Үүнийг энэ жилийн Нобелийн шагналтны онолоос харж болохоор байна. Сүүлийн хорин жилийг түрүүчийн дөчин жилтэй харьцуулахад улс орнуудын төрийн тэргүүнүүд, засгийн газар хоорондын уулзалт олон дахин нэмэгдсэн. Энэ нь өөрөө хувь хүний харилцан ойлголцлоос мэдээллээ баталгаатай авахаас гадна эдийн засгийг зөв зохицуулахад хүргэж байгаа.

Гэтэл монголчууд өнөөг хүртэл Таван толгой дээр нэгдсэн ойлголт байхгүй байгаа. Өнөөдөр Таван толгойг урагшлуулахад зөвхөн мөнгө биш, технологи ч биш, хүмүүсийн, тэр тусмаа улстөрчдийн нэгдсэн ойлголт харилцаа маш чухал болчихоод байгаа юм. Харамсалтай нь тэгсэнгүй. Төрийн гэх Таван толгой өнөөдөр нүүрсний квот авах гээд хэрүүл хийгээд явж байна. Гэтэл Оюу толгой өнөөдөр хоёр дахь төсөл буюу гүний уурхайгаа ашиглалтад оруулах гээд явж байна. Төрийн таван толгойд дугуй шахах ажил явагдаж байгаа бол хувийн Оюу толгой хамгийн том татвар төлөгч болсон.

Таван толгой яагаад зогсолт хийгээд байна гэхээр өнөөх л бүлэглэл, улстөрчдийн зөрчлөөс л үүдэлтэй. Хамгийн их мөнгө олох боломжтой уул уурхайгаас ашиг олох гэсэн дараагийн ээлжний, дараагийн улстөрчийн л шуналаас эхтэй. Тиймээс ч төмөр замыг бариулахгүй гацаалаа. Төмөр зам бариулсангүй гэж шүүмжилдэг Ч.Хүрэлбаатарыг замаасаа зайлуулах гэж үзлээ. Эрх барих үедээ эзэн хаан мэт авирладаг манай улстөрчид нэг удаа улсаа бодохгүй нь гачлантай. Энэ мэтчилэн баялгийн дахин хуваарилалт буюу дараагийн ээлжийнхний идэж уух шуналаас дахиад л Монголын улстөрчдийн “зодоон” эхлэх нь. Үр дүнд нь гурван сая л улам ядуурна. Энэ шуналт араншингийн золиос нь монголчууд бид л байлаа шүү дээ. Цаашид ч бас бид л золиос байх болно.

Х.СҮНЖИД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *