Categories
мэдээ цаг-үе

Онц сурлагатнууд, Ардчилсан хөдөлгөөнд оролцогчидтой математикийн тавын “А” ангийнхан


Хонхны баярын дурсгалын зураг

1986 он. Нутаг нутгаас ирсэн хүүхдүүд МУИС хэмээх их айлын математикийн ангид элсэн орсон байлаа. Тэр жил математикийн гурван ангид элсэгчид авч, шинэхэн оюутнуудыг “А”, “Б”, “В” гэсэн гурван бүлэгт хуваажээ. Гэхдээ шинэ оюутнууд эрдмийн ширээнд тохой нийлүүлсэнгүй шууд л Сангийн аж ахуй руу намрын ажилд гарчээ. Намрын ажлаас бууж ирсэн хойноо л анги ангидаа хуваарилагдав. Яагаад ч юм арван жилд математиктаа сайн, тэр хичээлээр олимпиад уралдаан тэмцээнд оролцдог сурагчдыг үеийнхэн нь ихэд хүндэтгэхийн сацуу, нэг их ойртож найзлаад байдаггүй. Яагаад вэ гэвэл тоондоо сайн хүүхдүүд нэг л даруухан, номын гэмээр байх нь элбэг байдаг болохоор өнөөдүүл нь бэргэдэг. Тэгэхээр арван жилдээ тоондоо сайн байсан, мундаг хүүхдүүд Монгол Улсын их сургуулийн математикийн ангид орсон байх нь мэдээж. “А” бүлгийн оюутнууд хичээл сурлагадаа сайн, сурлагаараа багш нараа үргэлж гайхашруулна.

Ж.Гантулга, Д.Гунгаабаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Баттогтох тэргүүтэй онцчуултай. Эдэн дундаас Ч.Бат-Эрдэнэ нь таван жил сурахдаа ганц ч удаа “Сайн” гэсэн дүн авч үзээгүй дан “Онц” дүн авдаг байсан болохоор “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай оюутан байжээ. Эдний ангийнхан бол степенттэй сурсан сүүлчийн оюутнууд гэж хэлж болно. Ямартай ч оюутны таван жилд 180-300 төгрөгийн цалинтай явсан “баян” оюутнууд байж.

Сургуулиа төгсөх жилүүдэд нь Ардчилсан хөдөлгөөн өрнөж, Монголын Ардчилсан холбооны үйл ажиллагаа эрчимжиж, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан ид шуугиан тарьж байв. Нэг уулзварын цаахантай л өрнөж байгаа тэр үйл явдлыг өдөр болгон харж, цагаан хоолойгоор ярьж байгаа хүмүүсийн дуу анги танхимын онгорхой салхивчаар “айчлан” орж ирж байсан цаг.

Ингээд л жил жилийн намар хамтдаа ургац хураалт, тариа будааны ажилд явдаг байлаа

Иргэн Лхамжав хэмээн олонд танигдсан Д.Лхамжав гуай тэр үед МУИС-д багшилдаг байлаа. Мөн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж ч МУИС-д байсан үе. Ийм мундаг ардчилагчдын нөлөө, үг оюутнуудынх нь чихний бөглөөсийг авч, угаас сийрэг тархинд нь нэмж салхи оруулсан нь тодорхой. Эдний ангийн хөвгүүд Ардчилсан хөдөлгөөнд тун чиг идэвхитэй оролцоно. Ч.Бат-Эрдэнэ, Ц.Баттогтох, Я.Бямбасүрэн гээд бүх хөвгүүд нь ардчиллыг дэмжиж байжээ. Эдний ангийнхан хичээл сурлагаараа сайн болохоор өөрсдийгөө илэрхийлэхдээ гарамгай. Заримдаа бүр хэтрүүлчихнэ. Ямар сайндаа “Бидэнд ангийн багш хэрэггүй” гэж хэлээд ангийн багш Н.Ёндонгоо гомдоож байх вэ дээ. Ерөнхийдөө эдний ангийг “Эсэргүү” гэх болж. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд ханын самбар гаргана. Тэрэн дээрээ “Монгол Улс Оросын колони маягтай болчихоод байна” энэ тэр гэсэн утгатай юм бичээд сургууль, хичээлээсээ хөөгдөж туугдаж явсан “эсэргүүнүүд”.

Гэсэн ч оюутнуудыг үнэлдэг гол үзүүлэлт болох сурлагын дүнгээр эдний анги бусад анги байтугай, тэр үед математикийн чиглэлээр сурч байсан оюутнуудаа манлайлдаг байсан учир эрдэмтэн, багш нар үргэлж магтаж “Танай анги шиг ийм сурлага сайтай ангийг бид ойрд үзээгүй. Үнэхээр сайн анги. Сурлагаар та нартай өрсөлдөх анги байхгүй” гэж нуулгүй хэлдэг байж. Тэглээ гээд тэд биеэ тооно гэсэн юм мэдэхгүй. Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэцгээнэ. Багийн спортыг их сонирхохын зэрэгцээ даам, шатарт дуртай. Эдний ангийн охид ч спортод гарамгай тэр үед Бүх ард түмний спартакиадад МУИС-ийн охидын баг аварга болж байжээ.

Төв шуудан орж гадаадын спортын сонин, сэтгүүлээс гадна математикийн бодлогын тусгай сэтгүүлүүдийг ч худалдаж авна. Эдний ангид тэр үед тамхи татдаг хүүхэд байгаагүй гэхээр нэлээд чамбай оюутнууд байсан нь харагдаж байна. Ч.Бат-Эрдэнэ “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай оюутан нэг ч “Сайн” дүн авах ёсгүй. Тийм болохоор би таван жил гүрийсэн дээ” хэмээн инээхэд Д.Гунгаабаяр “Бид олон жил найзалж нөхөрлөж байна. Тэр үед бид хичээл хийхээсээ өөр юм хийж байсангүй. Одоо бодоход хамтдаа кино үзэж, гадуур сэлгүүцэж байсан үе байгаагүй юм байна” гэлээ.

Тавын таван жилийн турш МУИС-д, тэгээд бүр математикаар ганц ч “Сайн” дүн авалгүй сурна гэдэг үнэхээр том амжилт. МУИС-ийн математикийн ангид 1943 оноос хойш ингэж онц сурсан зургаан оюутан байдгийн нэг нь Ч.Бат-Эрдэнэ юм байна. Мөн Р.Гончигдорж дарга ч тэр зургаан онц сурлаганы нэг.

Өнөө онц сурлагатнууд, Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигчид

Наймдугаар сарын сүүлээр цуглуулаад гурван ангийг нийлүүлээд САА руу явуулчихна. Таван жилийн турш ингэж намрын ажилд хамтдаа явжээ. Нэг намар наймдугаар сарын 25-нд яваад арваннэгдүгээр сар гаргаад ирж байсан нь хамгийн урт хугацаатайгаар намрын ажилд явсан нь тэр. Ингэж явж байхад жинхэнэ амьдрал өрнөнө. Залуус заяаны ханиа олж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрцгээж, юм юмтай танилцана. “Мартагдашгүй намар” киноны үйл явдал тэр чигээрээ өрнөдөг байлаа. Ингэж гурван ангийн оюутнууд бөөнөөрөө САА-д ажилладаг байсантай ч холбоотой юм уу эдний төгсөлтөөс нийт арван хос гарсны хоёр нь эдний анги.

Одоо эдний ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ хариуцсан албандаа тус бүртээ хариуцлагатай ажиллаж байна. Олон доктор, профессоруудтай. Я.Бямбасүрэн нь одоо Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, дэд профессоор ажилладаг бол Б.Энхцэцэг, Д.Оюунцэцэг, Л.Оюунчимэг нар докторын зэрэгтэй. Ц.Баттогтох нь “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан хот дахь захирлаар ажилладаг бөгөөд дэд профессор цолтой. Ч.Бат-Эрдэнийг спорт сонирхогчид сайн мэддэг. Тэрээр Азийн даамын холбооны Ерөнхийлөгч, “Шинэ Яармаг” хөлбөмбөгийн клубийн ерөнхийлөгч гээд спортын чиглэлд олон ажил хийдэг нэгэн. Тавын “А”-гийнхан бүгд л ингэж оногдсон ажил төрлөө нэр төртэй хийж, эхлүүлсэн ажил хөдөлмөр, бизнесээ цэцэглүүлэн эх орныхоо ирээдүй, бүтээн байгуулалтад математикчийн ончтой ухаанаараа зүтгэцгээж явна.

Тавын “А”-гийнхан 22-уулаа төгсчээ. Өнгөрсөн жил МУИС-ийн 1986-1991 оны математикийн ангийнхан төгсөлтийн 25 жилийн ойгоороо уулзацгаажээ, тавын “А”, “Б”, “В” бүлгээрээ. Тэгэхэд эдний ангиас нэлээд хүүхэд ирж. Харин саяхан, хоёр долоо хоногийн өмнө уулзахад арав гаруй хүүхэд иржээ. Фэйсбүүкт ангийн групптэй болохоор байнга нэг нэгэнтэйгээ холбоо, харилцаатай байцгаадаг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *