Categories
мэдээ цаг-үе

Савелий Крамаровын “эрүүл, зөв” амьдралын гашуун сургамж


Зөвлөлт улсын кино урлагийн тун том төлөөлөгч Савелий Викторович Крамаров хэмээх жаахан далиу нүдтэй оролцсон кино бүртээ жижигхээн дүр бүтээдэг, тэр нь уг киноныхоо шилдэг хэсэг нь болж үлддэг тийм хосгүй авьяастай нэгэн хорвоод амьдарч байгаад явсан. “Баригдашгүй өшөө авагч” гэдэг кино далаад оны дундуур Улаанбаатар хотын хүүхдүүдийг байлдан дагуулж байхад уг киноны эсрэг талын дүрийг бүтээсэн Крамаровын царай, жүжиглэлт уур хилэн биш, инээд ханиад л бэлэглэдэг байлаа шүү дээ. За энд гэхдээ түүний тоглож амилуулсан дүрүүдийнх нь тухай бус амьдралынх нь тараар өгүүлж бага ч гэлээ сургамж авах гэсэн юм.

Түүний сүүлчийн эхнэр Марина Крамарова ингэж ярьжээ.

-Савелий амьдралынхаа ихэнх хэсгийг яавал эрүүл зөв амьдрах вэ гэдэг шугам баримталж туулсан. Гэхдээ ингэж амьдардаг хүмүүстэй харьцуулахгүйгээр давуулан биелүүлж хатуу горим журамтай амьдарч байлаа гэж хэлэхэд болно. Дорнын анагаах ухаан, Өрнөдийн эрүүл ахуйн салбарын зөв хооллолтын зөвлөгөөг сайтар уншиж, дагаж мөрдөнө гэж жигтэйхэн. Гал тогооны өрөөгөөр нь дүүрэн элдэв зурагт хуудас, зөвлөгөө өлгөөстэй, түүн дээр нь тийм ч хоол болохгүй, түүний дараа үүнийг ид гэх мэтийн зааврууд пиг бичээстэй байх. Өөрөө болохоор тэрхүү зөвлөгөөнүүдийг ягштал биелүүлж 120 хүртэл насална гэдэгтээ аймаар итгэчихсэн явдаг байлаа. Өглөө босоод зөвхөн натураль ургамлын гаралтай ханд бүхий цайг буцалсан усанд хийж ууна. Залбирал үйлдсэнийхээ дараа гүйнэ, усанд сэлнэ, үдийн хоол зөвхөн жимс, ариутгалын цаг, шинэ ногооны салат идээд оройдоо бол зөвхөн зөгийн бал, чидун жимсний тостой төрөл бүрийн хөц будаагаар хооллодог байлаа. Баасан гариг бүр зөвхөн ууран дээр болгосон загас идэж даршилж дараагүй сок ууна. Гурилан бүтээгдэхүүн сахар зэргийг огт хэрэглэхгүй. Тийм мөртлөө хэсэг хугацааны дараа арав хүртэл хоногоор мацаг барьж ходоодоо цэвэрлэнэ гээч. Йогийг их хүндэлнэ. Өдөр бүр йогийн дасгал хийж байна гээд толгой дээрээ зогсчихдог байлаа. Архи уухгүй, тамхи татахгүй, газрын теннисийг гайгүй тоглочихдог, усанд орж гарч ирэхдээ шампунь хэрэглэдэггүй, сармис сонгины хольцтой тусгай тосоор үсээ угаадаг, яагаад гэвэл үс унахгүй өнгөө алдахгүй гэж тайлбарлана. Хэн нэгэн үдэшлэг найр наадамд урьвал тусгай саванд хоолоо хийгээд явдаг байлаа шүү дээ. Нас хэвийгээд ирэх үедээ шүтлэг нь бүр ч гаарсан. Бүх еврей хүмүүсийн адил өөрийн гэсэн раввинтай ч гэлээ түүнийгээ давах шахуу горим баримтлана гээч. Хэрвээ зураг авалт еврейн шашины баяртай давхцах, бямба гаригийн мөргөлийг нь тасалдуулах хуваарьтай бол ямар ч ашигтай санал байсан хамаагүй шууд татгалзана. Раввинаасаа байсхийгээд л ийм үед утсаар ярьж болох уу, гэрэл асааж болох уу гэх мэтийн сонин гажууд асуултууд асууж байхыг нь зөндөө сонсож байлаа.

Савелий Крамаров 1934 онд Москва хотноо төржээ. Түүний аав нь нилээн алдартай өмгөөлөгч байсан тул тэр үеийн хатуу ширүүн цагийн урсгалд өртөн хоёронтоо хэлмэгдэн шоронд орж алга болсон. Ээж нь еврей гаралтай бөгөөд түүнийг 16-тай байхад хорт хавдраар өнгөрч авга ах Леопольд Соломонович Волчекынхоо гэрт цаашид амьдрах болсон нь ирээдүйд түүнийг жүүд хүний цадиг хуулиар алхах жимийг нь тодорхойлсон гэх. Крамаров анхаасаа л “цагаан хэрээ” байсан гэвэл худлаа. Кино зохиолч Аркадий Инины хэлснээр бол “Савва, залуу байхдаа хамт сууж байгаад сайхан уучихдаг, тамхийг баагиулдаг” нэгэн байжээ. Тэгээд далаад оны дундуур Полл Брэг гэдэг хүний зөв хооллолтын тухай номыг олж уншсанаасаа хойш огцом өөрчлөгдсөн гэнэ. Америкт очиж амьдрах болсон гол шалтгаан нь ердөө л өөрийнхээ “багштайгаа” ойр байж дэглэмийг нь ягштал биелүүлэх хүсэл байлаа. Брэггийн зөвлөгөө ёсоор цоглог бүжгийн дугуйланд явж зөвхөн залуу бүсгүйчүүдтэй таанцлана. Бүсгүй гэснээс эхнэр нь хичнээн залуу байх тусам урт наслах боломж ихэсдэг гэнэ. Тийм учраас Савелий гурван удаа эхнэрээ “залуужуулж” сольсон. Зөвлөлт засгийн үед бүх хүмүүс картын бараа, хүнсэн дээр амьдарч байхад Крамаров яаж ийгээд л натураль хүнс олдог байж. Өндөг, зөгийн бал, өргөст хэмх, улаан лоолийг зөвхөн тосгоноос, хөдөө нутгаас очиж авахаас бус дэлгүүр лүү зүглэхгүй. Зуугийн талыг наслах үедээ ямар ч харвин байхгүй, ханиад гэдэг өвчин юу юм бэ гэдэг, анальгин хүртэл ууж үзээгүй учир нь натураль амьдралтай хүмүүсийн жишиг дагуу аливаа эм танг жигшдэг хүмүүжилтэй чигээрээ байжээ.

Ийм л үед аянга ниргэлээ. Жаран нас хүрэх үед нь түүний зүүн ташаагаар хөндүүрлэх болжээ. Аргагүйн эрхэнд эмчид хандахад “та бүдүүн гэдэсний хорт хавдартай болчихсон байна шүү дээ” гэх аймшигт үгийг дуулгасан байна. Бүхий л насаараа зөв зүйтэй хооллож ундалсан түүний хувьд үүн шиг хатуу үг олдох уу. Олон газар дахин шинжлүүлсэн ч гэлээ дүгнэлт адилхан гарч Савелий яалт ч үгүй хагалгаа хийлгэсэн юм билээ. Тийм ч их хүндэрчихээгүй, олон хүмүүс ороод гардаг тэр хагалгааны дараа Савелий Крамаров хими эмчилгээг даалгүй нас барсан. Хожим учир мэдэх хүмүүс шивэгнэлдэхдээ “түүний бие хэтэрхий цэвэрхэн байсан. Тийм учраас ямар ч нянг эсэргүүцэх чадваргүй болчихсон, эмчилгээний эм тариаг таних чадваргүй болчихсон байсан юм билээ” гэж хүүрнэж билээ.

Б.Хулан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *