Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагуудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлаа хийхийг шаардаж жагслаа

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төр, засаг өгсөн амлалтаа биелүүлэхийг шаардаж өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын гадна талбайд жагсаал зохион байгууллаа.

Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Засаг Дарга тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй байна. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажил хийлээ. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжүүлэх амлалт нь ч хэрэгжихгүй байна. Түүнчлэн 2017-2020 онд гэр хороололд 100 сервис центр байгуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, жилд 33-ыг байгуулах ёстой. Гэтэл энэ онд ердөө эхний таван байршилд л сервис центр барих шав тавилаа. Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс дээр дурдсан ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардаж байна гэлээ.

Дараагийн жагсаал энэ сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд тус тус болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *