“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөл, өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ. БСШУСЯ-наас Багш нарын түр хороонд хандан албан ёсоор 2017 оны 11, 12-р сард ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал хэлбэрээр 516 мянган төгрөгийн нэмэгдэл олгох болсон тухай мэдэгдсэн байна. МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт зарласан ба багш нар урамшуулал авах болсон учраас ажил хаялтад оролцохгүй гэлээ.
“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны зохицуулагч Ц.Мөнхтуяа “Бид ямартай ч нааштай үр дүнд хүрлээ. 2017 онд цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсэн шаардлагын хүрээнд гурван яамтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр БСШУСЯ-наас багш нарт 2017 оны 11, 12 дугаар сард 516 мянган төгрөгийн урамшуулал өгч, бодит орлогыг нэмэгдүүлэхээр боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг бид албан ёсоор маргааш багш нартаа хүргүүлнэ. Харин 2018 оны нэмэгдлийн тухайд бид дахин хэлэлцээрт сууж, хамтран ажиллана. Ямар нэгэн аргаар багш, ажилчдынхаа бодит орлого болох үндсэн цалинг нэмэгдүүл гэсэн ч цалин нэмж болохгүй бол урамшуулал маягаар бодит орлогыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй” гэв. Мөн “Бид 2018 оны нэг сараас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсээр байгаа. Энэ байр суурин дээрээ ч зогссоор байх болно” гэлээ.