Categories
мэдээ соёл-урлаг

“Жүрт” 6-60 насны уран нугараачдын тоглолт боллоо

МУГЖ Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулсан “Жүрт” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 5-нд Corprate convention centre-д боллоо. Монгол гэрийн эд хогшлыг ашиглан циркийн жүжиглэлт оруулан гэр барьж, дээр нь нугарч үндэсний хэв маягаа орчин үетэй хослуулсан тоглолт байлаа. Уг тоглолтын чимэг болсон нэг зүйл нь 6-60 насны 90 уран нугараач оролцсон явдал байв. Бүжиг, хөгжим, цирк хослуулан найруулж оруулснаараа Монголд анхдагч хэмээн үзэгчид онцолж байлаа.

МУГЖ Л.Энхцэцэг нь 1980-аад оны үед дэлхийн тавь гаруй улсад Монголын уран нугаралтыг сурталчлан тоглолт хийжээ. Тухайн үед өмссөн хувцас, ширээтэйгээ энэхүү тоглолтод нугарсан нь өнгөрсөн цаг хугацааг эргүүлээд аваад ирсэн мэт.

Уг тоглолтод Япон, Тайланд, АНУ-аас олон жүжигчид уригдаж ирж уран бүтээлийн дээжээсээ толилуулсан билээ. Тэдний нэг нь дэлхийд алдартай Нарны циркийн дасгалжуулагч багш, Монголын анхны хос нугараачдын нэг, “Монте Карло”-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан СТА Ж.Эрдэнэчимэг байсан юм. Мөн “Могойн чуулган” , “Цэцэгсийн цоморлог” зэрэг нугаралтыг Анжелс төвийн 90 уран нугараач үзүүллээ.

МУГЖ Л.Энхцэцэг ярихдаа: “Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ тоглолтын санаа орж ирсэн. Миний хань амьд байхдаа Монголын түүх, соёл урлагийн тухай ном уншаад арван XIII зууны үед монголчууд монгол гэрийг уулан дээр, уулан дунд, модон дунд, уулны бэлд, талд барьдаг байжээ. Тэдгээр гэрүүдийг өөр өөрөөр нэрлэдэг байж гэх хэсэг мөрийг хүү, бид хоёрт уншиж өгч билээ. Талд барьдаг гэрийг Жүрт гэж нэрийдэг байжээ. Иймээс Монгол гэрийг тайзан дээр бариад Жүрт гэдэг нэртэй тоглолт хийе гэж ярьж байлаа. Энэ тоглолт бол миний ханийн мөрөөдөл байсан юм. Өнөөдөр хань минь байхгүй ч гэсэн түүний минь зорьж төлөвлөж, хүсэж мөрөөдөж байсан сайхан зүйлийг нь хүү, бид хоёр төлөвлөж хийж чадсандаа баяртай байна хэмээн МУГЖ Л.Энхцэцэг дурсаж байлаа.

СТА Ж.Эрдэнэчимэг өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ:

“Өнөөдөр уран нугараачдыг нэгтгэсэн сайхан тоглолт боллоо.МУГЖ Л.Энхцэцэгийн маань уран бүтээлийн 45 жилийн ой, Анжелс төв үүсэн байгуулагдсаны 10 жил ойнууд давхар тохиосон тоглолт боллоо. Би 8 настайдаа 1966 оны хавар улсын циркт уран нугараач болохоор шалгуулж байлаа. Үүнээс хойш 52 жил энэ мэргэжлээр тасралтгүй ажилласан байна. Нуруу нугасны эмч нар, мэс засалчид ирж манай уран нугаралтын таван уран нугараачид судалгаа явуулсан. Тавин жил ажилсан уран нугараачдын арван хоёр үе шаттай яс, мөч гэмтэл согог байхгүй байна. Эд эсийн өөрчлөлт байхгүй байгаа нь ямар гайхамшигтай юм бэ? Ингэж их дасгал сургуулилтыг өдөр тутам явуулснаараа нурууныхаа сайн чанарыг хадгалж чадсан байна гэж дүгнэсэн байдаг. Энэ нь уран нугаралтын нэг гайхамшиг юм. 6-60 насны энэ уран нугараачид цугларсан болохоор дэлхийн аль ч тайзнаас үзэж чадахгүй тоглолт боллоо” гэв.

Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай хэлэхдээ: “Өнөөдөр зааланд орж ирээд миний сэтгэл маш их хөдөллөө. Яагаад гэвэл өмнө Улсын цирк гэж байх үед уран бүтээлээрээ цэцэглэж байсан уран бүтээлчид тоглолтод оролцож байгаа явдал нь гайхамшигтай байлаа. Олон жилийн өмнө Москвагийн эрдмийн их театрт Цэнд багшийн найруулгаар таван жүжигчин тавьсан номероо тоглочхоод Монгол доо ирээд.

Тэр номерын бичлэгийг Налайхын арын Туул голын эрэг дагуу уулын орой дээр

кино зураг авхуулахад, нэг жүжигчний оронд бяцхан

Энхцэцэгийг аваад явж байсан. Бид Энхээг (Л.Энхцэцэг) өхөөрдөөд хэлж байсан. Олон жилийн дараа

мундаг жүжигчин болчхоод, энэ киногоо үзээд “би ийм сөөсгөр охин байж дээ гэх байх даа” гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэр охин маань сайхан

алдартай жүжигчин болоод 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаад бахархаж байна.

65 насандаа энэ циркийн тайзнаа өөрийнхөө шавь нартайгаа дахин тоглолт

хийхийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад тоглолтын төгсгөлд СТА Ж.Эрдэнэчимэгт “Монголын уран нугаралтын хатан хаан” хүндэт өргөмжлөлийг олгосон юм.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *