Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Чиндо Констракшин” группийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр БНХАУ-ын “Чиндо Констракшин” группийн Ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотод цэнгэлдэх хүрээлэн барих санал тавилаа.

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм” хэмээв.

Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группийн барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ.

Тэрбээр, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судлах болно. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *