Categories
мэдээ нийгэм

Аав, ээжүүд агаарын бохирдлыг бууруулахыг шаардаж жагсана

Image result for агаарын бохирдл“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төр, засгаас амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ. Эхний жагсаал энэ сарын сарын 10-нд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын гадна талбайд зохион байгуулах юм. Дараагийн жагсаал энэ сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд тус тус болох ажээ.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ: “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Засаг Дарга тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс эхний жагсаалаа нийслэлийн удирдлагуудад хаяглаж байгаа юм. Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй байна. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажил хийлээ. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжүүлэх амлалт нь ч хэрэгжихгүй байна. Түүнчлэн 2017-2020 онд гэр хороололд 100 сервис центр байгуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, жилд 33-ыг байгуулах ёстой. Гэтэл энэ онд ердөө эхний таван байршилд л сервис центр барих шав тавилаа. Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс дээр дурдсан ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэв.

Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцолж байсан юм.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал хэлэхдээ: “Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байна. Уг сан өнөөдрийг хүртэл иргэд зээл өгч чадахгүй байгаа юм. Харин арилжааны банкнууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай. Ингэж тооцвол иргэн нэг сая төгрөг аваад гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлнө. Энэ нь маш өндөр хүү. Харин гадаадын орнууд Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. Тухайлбал Холбооны Бүгд Найрамдах Герман Улс жилд 1.7 хувийн хүүтэй байна. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Нийслэлээс эмнэлгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар цэвэршүүлэгч тавихаар ажиллаж байгаа билээ. Энэ жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг тавьсан гэж бидэнд ирүүлсэн албан бичигт дурдсан байсан. Нийслэлд агаар цэвэршүүлэгч шаардлагатай нийт 3500 орчим цэцэрлэг, бага ангиуд байна гэж багцаалдсан. Хотын захиргаа жилд 200 агаар цэвэршүүлэгчээр хангах хурдаар ажиллавал 17 жилийн дараа бүх хүүхдүүд агаар цэвэршүүлэгчтэй болно. Иймээс жилд 200 гэдэг дэндүү хангалтгүй байна. Энэ тоогоо нэмэхийг хотын даргаас шаардаж байна хэмээн “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын гишүүн Б.Эрдэнэ мэдээллийн үеэр дурдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *