Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Чингэлтэй дүүрэг хамтран нийслэлийн боловсролын нийгмийн ажилтнуудын дунд “Асуудал-Шийдэл” сэдэвт анхдугаар чуулганыг зохион байгуулжээ. Чуулганыг Чингэлтэй дүүргийн нийгмийн ажилтнууд удирдан явуулсан байна. Чуулганаар “Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд”, “Сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, түүнд оруулах өөрчлөлтүүд”, “Сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагаа, түүний үр дүн” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Мөн нийгмийн ажлын салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийг дагаж мөрдөх асуудал, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, төрийн албаны ангилал зэрэглэл зэрэг асуудлаар санал солилцож, тогтоол, дүрэм журмын төсөлд өгөх саналын төслийг боловсруулахаар болжээ.