Мэдээллийн технологийн салбарт Хөрөнгийн Биржээс босгож буй анхны хөрөнгө оруулалт болох IPO амжилттай болбол мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломж нээгдэнэ хэмээн Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна.
Монголын Хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээрх анхны хувьцааг босгохоор “Айтүүлс” ХК анхдагч хувьцаагаа өнөөдөр нийтэд санал болголоо.
Зургаан жилийн туршид интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй Айтүүлс ХК нь мэдээлэл технологийн салбарт анхны “IPO”-г гаргаж буй нь энэ юм. Тус компани олон улсын TIER III стандартыг хангасан газар зүйн нөөц дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж буй бөгөөд уг төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийт хувьцааныхаа 38.86 хувиас босгохоор зорьжээ.
“Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Баттамир ярихдаа, “Айтүүлс ХК нь 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод байгуулан, амжилттай ажиллуулж, улмаар 2016 онд дата төвийнхөө хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. IPO гаргаснаар дата төв байгуулах төсөлд хөрөнгө татахын зэрэгцээ мэдээлэл технологийн салбарт дэд бүтцийг хангах дата өгөгдөл болон компанийнхаа засаглалыг сайн засаглалаар удирдуулахыг зорьж буй юм. Манай компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид ITLS кодоор бүртгүүлсэн бөгөөд нэгж хувьцааг 100 төгрөгөөр олон нийтэд санал болголоо. MSE:ITLS-г худалдан авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд Хөрөнгийн биржийн гишүүн 58 үнэт цаасны компаниар зуучлуулан авах боломжтой” гэлээ.
Анхдагч зах зээлээс Айтүүлс ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгын хугацаа өнөөдрөөс эхлэн 10 хоног үргэлжлэх юм байна. Айтүүлс ХК олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр паркийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж, тавилгыг худалдан авахад зарцуулах юм байна. Ингэснээр дата төвийн паркийн байнгын аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, гадны халдлагаас хамгаалах орчин бүрдэнэ гэдгийг албаныхан тодотголоо.