Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН хоёр нам болж салах уу

Image result for МАН

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар хоёр хуваагдсан МАНын талцал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 2016 оны УИХын сонгуулийн дараа нэг намд хэтэрхий их эрх мэдэл өгчихлөө гэж байсан бол одоо айлтгүй болжээ. Өөрөөр хэлбэл МАН дотроо хуваагдаж хоёр намаас өөрцгүй болчихлоо. Уржигдар л гэхэд МАНын бүлэг хуралдсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх гэсэн ч саналаа нэгтгэж чадаагүй байна.

Тиймээс үргэлжлүүлэн “Эрдэнэс МГЛ” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд оруулах асуудлыг ярилцжээ. Одоогоор тус компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэлд байгаа. Үүнийг 32ынхон хүчтэй эсэргүүцсэн гэнэ. Хэдийгээр салбарын яам нь уул уурхайн компаниа харьяандаа авбал зөв шийдвэр байж болох ч нөгөө талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгооны хүн очсон байгаа. Тиймээс МАНынхан “Эрдэнэс MГЛ” ХХКийг Ерөнхийлөгчийн халаас руу хийчихэж байгаа гэсэн үг.

Үүнээс болоод бүлгийн хурал дээр зодоон болохоос наагуурх маргаан дэгдсэн гэнэ лээ. Харин өчигдөр чуулганы өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэх байсан ч 32, 33-ынхан тохиролцож чадаагүй учраас ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Уг нь бол гишүүд ордонд байгаагүй биш байсан. Тиймээс 11:00 цаг өнгөрөөж чуулганы хуралдаан эхлүүлсэн. Чуулганаар Төрийн албан хаагчдын тухай хуулийг хэлэлцээд ганцхан цаг болов уу үгүй юу үдээс өмнөх хуралдааныг завсарлуулчихав.

Ингээд гишүүд урьдын хуваагдсанаараа шууд л Ж.Эрдэнэбат, Н.Энхболд нарын өрөө рүү гүйж албан бусаар хуралдаж эхэлсэн юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүхийн фракцийнхан Ч.Хүрэлбаатарыг явуулахыг хүсэхгүй байгаа ч дараагийн үр дагавраа бодоод толгой нь гашилж буй сурагтай. Учир нь хэрэвзээ энэ удаад Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар нь үлдээчих юм бол Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч алхам хийж магадгүй байгаа юм.

Томоохон, бодлогын шийдвэр гаргах үед Ерөнхийлөгч энэ мэтээр хориг тавьж ажлыг нь урагшлуулахгүй байх магадлалтай. Үгүй юмаа гэхэд Засгийн газар байгуулагдсан цагаасаа л хэл ам дагуулахыг хүсэхгүй нь мэдээж. Ядаж 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгохыг шүүмжилж байна. Бас Ерөнхийлөгч уг шийдвэрт хориг тавина гэдгийг Тамгын газрын дарга нь илэрхийлчихсэн.

Үүнээс болоод 300 мянган төгрөг олго гэж шахсан С.Чинзориг, Ц.Цогзолмаа нартайгаа Ч.Хүрэлбаатар түнжин тааруу байгаа сурагтай. Харин нөгөө талд М.Энхболдын 32-ынхон Ч.Хүрэлбаатараар далимдуулж засгийг ганхуулъя гэж төлөвлөөд эхэлсэн гэсэн. Бүр иймэрхүү байдлаар муухай харагдуулж байгаад намынхаа Их хурлын үеэр наанадаж даргын суудлаа У.Хүрэлсүхэд өгөхгүй, цаанадаж Засгийн газрыг нь огцруулах хэмжээнд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ. Бас зарим нь барьцаа улам лавшруулахдаа дэд сайд, агентлаг, газрын дарга нар дээр гайгүй тохироо хийх гэж байж ч мэднэ. Иймэрхүү нөхцөл байдалтайгаар УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр талд гарсан хэвээр байна.

Өчигдөр 14:00 цагийн үед УИХ-ын дарга М.Энхболдын өрөө рүү бүлгийн дарга Д.Хаянхярваа хар гүйхээр орж явсан. Түүнийг орсноос хойш тун удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат явж орно лээ. Араас нь хагас цаг орчмын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас л орсон юм. Ингээд М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нар цаг гаруй “хуралдаад” 15:20 цагийн үед бөөнөөрөө чуулганы танхим руу орцгоосон. Удалгүй бүлгийн дарга чуулганаас завсарлага авсан юм. Бүлгийн дарга Д.Хаянхярвааг чуулганы танхимаас гарч ирэх үед тодруулга авахад “Төсвийн зарим нэг зүйл, заалттай холбоотойгоор тав хоногийн завсарлага авлаа. Мөн гадуур дотуур яригдаад байгаа юмнуудад ямар үндэслэл байна вэ гэдгийг судалж үзье гэсэн. Хуульд хэр нийцсэн байна вэ гэдэгт анхааръя гэсэн зорилготой байгаа. Бүлэг өнөөдөр хуралдах байх. Ямар асуудал хэлэлцэхээ тогтчихоод хурлаа зарлана” гэв. Харин хоёр талд хуваагдаж буй талаараа “Бид хоёр талд хуралдаагүй. Бүлэг одоо л хуралдах гэж байна” хэмээв. Улмаар бүлгийн хурал зарласан ч бас л ирц хүрээгүй шалтгаанаар өнөө өглөө эрт хуралдахаар болжээ. Бүлгээр хэлэлцэх гол зүйл нь ирэх оны төсвөөс илүүтэй Ч.Хүрэлбаатарын асуудал гэдэг нь ойлгомжтой. Хэрэв тэд энэ долоо хоногт учраа олж тохиролцож чадахгүй бол Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусна. Хэдийгээр байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санал дэмжигдээгүй ч гэлээ одоо бол асуудал хурцадчихсан байгаа. Хэрэвзээ гишүүдийн гуравны нэг нь Сангийн сайдын эсрэг саналаа өгчих юм бол У.Хүрэлсүхийн Засгийн газар хэсэг хугацаанд Сангийн сайдгүй ажиллахаас өөр аргагүйднэ. Үүнтэй уялдаад ирэх оны төсөв хэрхэх вэ гэх асуудал үүсэх нь. Өчигдөр МАН 2018 оны төсвөөр тав хоногийн завсарлага авсан гэхээр үндсэндээ 10 хоногт багтаан хэлэлцэж батлах болж байна. Харин МАН-ынхан нэгэнт төсвөөр завсарлага авсан болохоор эхлээд Сангийн сайдын асуудлаа нэг тийш болгохоор шийдсэн бололтой. Юутай ч 65 гишүүн хоёр хуваагдаад зогсохгүй цаашлаад бүр хоёр нам болж салах асуудал ч яригдаж магадгүй болчихлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *