Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэлгэрням: Бид Азидаа аваргалсан шиг дэлхийд ч аварга болохыг хүсч байна

Image result for 3x3 тэмцээнСагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3-ын сагсан бөмбөгийн холбоод хамтарч Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тэмцээнд Азийн 15 улсын 24 баг оролцсоноос манай улсын шигшээ баг аваргын төлөөх тоглолтонд Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Уг тэмцээний эрэгтэй мөнгөн медалийг Шинэ Зеландын баг, хүрэл медалийг Австралийн баг Казахстаны багийг 21:18 гэсэн онооны харьцаатай буулган авснаар хүртсэн юм. Ингээд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Тивийн аварга болсон танай багт баяр хүргэе. Тэмцээн хэрхэн болж өнгөрөв, аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид үнэхээр их баяртай байна. Сагсан бөмбөгийн яг энэ төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа болж байна. Ингэхдээ Монгол Улсад, бидний эх оронд зохион байгуулсан нь үнэхээр том амжилт. Манай багийн хувьд сагсан бөмбөгөөр тэр дундаа багийн спортоор Ази тивийн аварга болно гэдэг мөрөөдөл байсан. Харин өнөө жил энэхүү мөрөөдөлдөө хүрч, зорьсон зорилгодоо нэг том алхаж хүрлээ. Анхны тивийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, аварга болсондоо баяртай байна.

-Ямар, ямар багуудыг хожиж, аваргын төлөө гарч ирэв. Тэмцээний тухайд ярихгүй юу?

-Манай багийн хувьд хэсэгтээ дэлхийн чансааны 13, Азийн чансааны номер нэг багийг 21:16 харьцаатай буулган авсан. Улмаар хоёр дахь тоглолтондоо Бахрейн улсын шигшээ багийг 22:11 гэсэн онооны харьцаатай дутуу гаргасан юм. Хасагдах шатны эхний тоглолтоо Тайваний багийн эсрэг илт илүү хийж дуусгасан. Манай баг Тайваний багийг 21:13 харьцаатай буулган авч улмаар их шөвгийн тоглолтондоо Австралийн багийн эсрэг зогссон. Гайхалтай өрсөлдөөнтэй өрнөсөн уг тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон. Нэмэлт цагт манай багийн довтлогч Э.Дөлгөөн амжилттай шидэлт гүйцэтгэснээр манай улс аваргын алтан медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглохоор болсон юм. Дэлхийн чансааны 19 дүгээр байранд бичигдэж буй Шинэ Зеландын баг хасагдах шатанд Казахстаны багтай мөн л хүнд тоглолт хийж нэмэлт цагт буулган аваад байсан. Тоглолтын сүүлийн гурван минут руу манайх хоёр онооны давуутай орсон. Гэхдээ багийн алдаа долоо болсон нь хүндхэн зүйл болж байлаа. Учир нь дүрмийн дагуу багийн алдаа долоогоос дээш болсон тохиолдолд алдаа бүрт хоёр торгуулийн шидэлт гүйцэтгэдэг юм. Эсрэг багийн төвийн тоглогч нь 210 см өндөртэй байсан нь алдаа их гаргасан гол шалтгаан болж байсан шүү. Ингээд цаг дуусахад ганцхан минут дутуу байхад өнөөх төвийн тоглогч хоёр шидэлтээ амжилттай болгож тоог тэнцүүлээд байх үед манай багийн Г.Цэнгүүнбаяр холын шидэлтээ амжилттай болгож нэг довтолгоогоор гурван оноо авсан нь үнэхээр гайхалтай. Ингээд гурван онооны дараа дахин нэг сайн хамгаалалт хийж Г.Цэнгүүнбаяр дахин нэг холын шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн. Улмаар энэ онооны давамгайллаа хадгалж явсаар үндсэн цагт 19:14 харьцаатай эсрэг багаа өвдөг сөхрүүлж, Азийн аварга боллоо. Энэ бол насанд хүрэгчдийн багийн спортын төрөлд манай улсын гаргасан хамгийн том амжилтуудын нэг байлаа.

Монголын сагсчид Азийн аварга боллоо-Энэ спортын төрөл 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтсан. Сая Ази тивийн аварга болсон болохоор олимпод оролцох оноо чамгүй цуглуулсан байх шүү?

-Мэдээж хэрэг тивийн аварга шалгаруулах тэмцээн болохоор хамгийн өндөр оноог манай баг хүртсэн. Ирэх олимпод орох боломж байлгүй л яахав. Бидний хамгийн эхний сорил энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Үүнийгээ бид амжилттай давлаа. Одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, ирэх жил зохиогдох оноо цуглуулах тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл багийн спортын төрлөөр олимпод оролцох бүрэн боломжтой байна.

-Тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярихгүй юу. Монголын баг хэдэн оноотой явж байна вэ?

-Олимп болохоос өмнө хоёр ч дэлхийн аваргын тэмцээн зохиогдох байх. Энэхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс бид нийтдээ 6400 оноо цуглуулж чадлаа. Цаашид дэлхийн аварга болоод бусад олон улсын чанартай 20 гаруй тэмцээн уралдаанд оролцоно. Ирэх жил шүү дээ. Ингэж явсаар бид 2020 оны олимпод оролцох эрхээ авчихна. Бид Ази тивдээ нэгээр гарч ирэх байх. Ирэх сарын нэгэнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос ирэх оны зургадугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох орнуудыг албан ёсоор зарлана. Энэхүү эрхээ бид аль хэдийнэ авчихсан.

-Дэлхийн аваргын тэмцээнд аль баг нь илүү хүчтэй өрсөлдөгч вэ?

-Мэдээж хэрэг хүчтэй, ур чадвартай, өндөр нуруутайгаараа Европын орнуудын багууд их хүчтэй өрсөлдөгч болох байх. Тухайлбал, Серби, Словани, Герман, Орос гэх мэт байна. Гэхдээ тэр бүгдээс айхгүй, зоригтой тоглолт хийх болно.

-Азийн аварга болсон баг хэзээ байгуулагдаж байсан бэ? Багийнхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2016 онд М.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, О.Нямбаяр бид дөрөв анх Элсний наадамд оролцож мөнгөн медаль хүртэж энэ багийн суурь тавигдаж байсан. Үүний дараа жил болох 2017 онд олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээнд оролцох урилга ирсэн. Улмаар дөрөвдүгээр сард Нанжины челленжид оролцсон. Одоогоор зургаагаас долоон тэмцээнд оролцоод байна даа. “Ворлд тур” тэмцээнд оролцож Дэлхийн шилдгүүдтэй тоглож дөрөвдүгээр байр эзэлсэн. Ерөнхийдөө бүрэлдэхүүний хувьд 3х3 сагсан бөмбөгөөр Дэлхийн их дуулгын цувралуудад Улаанбаатар Хангарьд нэртэйгээр өрсөлддөг багийн тамирчид. Харин манай багийн дасгалжуулагчаар С.Тулга ажилладаг.

-Манай улсын шигшээ багийн бэлтгэл сургуулилт сайн байсан нь тоглолтоос тань харагдаж байлаа.

-Бидний хувьд энэ оны дөрөвдүгээр сард Нанжины челленжид оролцсон. Үүнээс хойш бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн.

-Монголын багийн хувьд энэ удаагийн Азийн аваргад оролцсон багуудтай өмнө таарч тоглож байсан уу?

-Тиймээ. Дийлэнх багуудтай нь тоглож байсан. Өнгөрсөн Азийн танхимын спортын наадамд Катарын багтай ширүүн тоглолт хийж байсныг спорт сонирхогчид санаж байгаа болов уу. Мөн Киргизстан, Япон зэрэг орны багуудтай өрсөлдөж хожиж байлаа. Харин Хятадын багтай тоглож байсан ч энэ тэмцээнд өөр тамирчид ирсэн.

-Ирэх дэлхийн аварга, олимпийн наадамд энэ төрлийн спортод мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид болох NBA-ийн тоглогчдыг оролцуулах эсэх талаар олон улсад маргаантай байгаа гэж сонссон. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Токиод болох олимпод сагсан бөмбөгийн энэхүү төрлөөр NBA-ийн тамирчдыг оруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо NBA-ийн тоглогчдыг мэргэжлийн лигт тоглож байгаад шууд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр тоглож, олимпод оролцохыг хориглож байгаа.

-Багийн цаашдын зорилго нь олимпод оролцох болов уу. Монголын ард түмэн ч гэсэн та бүхнээс олимпод оролцож, медаль хүртээсэй гэсэн их итгэл найдвар хүлээлгээд байгаа…

-Тийм ээ. Бидний туулийн зорилго олимпоос медаль хүртэх. Мөн монголчуудынхаа итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээх болно. Бид Азидаа аваргалсан шиг дэлхийд ч аварга болохыг хүсэж байна. Бид цаашаа улам хичээж, дараа, дараагийн тэмцээн уралдаан болгондоо илүү их амжилтыг гаргасаар байх болно.

Монголын сагсчид Азийн аварга боллоо

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *