БСШУЯамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болон олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм. Эргэлзээтэй бичигддэг 700 орчим үгэн дээр санал солилцож, эцсийн шийдвэрт хүрч, тухайн үеийн БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Эхэндээ багагүй шүүмжлэл дагуулж байсан журамласан үгсийг одоо дийлэнх нь мэдэж, даган мөрдөх болсон.
Харин 2017 оны хичээлийн жилээс эхлэн эдгээр 700 үгнээс “чээж” хэмээх үг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа. Уг шийдвэрийн дагуу энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд “цээж” хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөлөөс мэдээлэв. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “цээж” гэж бичнэ хэмээн сурагчдад зааж эхэлсэн байна.