Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт З.Өнөржаргалтай хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ярилцлаа. Хүний эрхийн үндэсний комисс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа хийж, шийдвэр гаргагчдад санал хүргүүлсэн юм.
-Монголчууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийн зах зээлд гаргах тухай ярьж байгаа. Ингэхийн тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахих шаардлагатай юу?
-Монголын эдийн засаг дэлхийн зах зээлд, ялангуяа Европын холбоо, АНУ зэрэг худалдааны гол түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх нөхцөл тогтоосноор олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл болоод байгаа юм.
Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гурван талт хэлэлцээний үр дүнд бий болсон буюу Засгийн газар, ажилчид, ажил олгогчдын төлөөллийг оролцуулан боловсруулсан эрх зүйн баримт бичиг юм. Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан учраас дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа. Тиймээс худалдааны түншүүдтэй хамтран ажиллахдаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахиж мөрдөх нь олон улсын зах зээлд нэвтрэх үндсэн нөхцөл болж, дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт нь ажилчдын боловсрол, ур чадвар, тогтвор суурьшил, хөдөлмөрийн бүтээмжид голлон суурилдаг. Эдгээр нь эргээд хөдөлмөрийн нөхцөл, хэм хэмжээнээс шууд хамаарах юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэхдээ нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн талаар судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, шаардлагатай санхүүжилт хуваарилах талаар зөвлөсөн байдаг.
-ХЭҮК-т хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол их ирдэг үү?
-Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 удаагийн илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаар хөндсөн.
Шүүхийн шийдвэрийн статистик мэдээнээс үзэхэд иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэрэг маргааны дотор Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг маргаан сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2008-2016 онд Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн 10430 маргааны 59.7 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан, 26.4 хувь нь цалин хөлсний маргаан эзэлж байна. Мөн манай байгууллагад хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар багагүй гомдол ирж байна. Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комисст 2008-2016 онд нийт 177 гомдол ирснээс 27 хувь нь ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, 14 хувь нь ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа, 6 хувь нь ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелэсэн ч дахин ажлаас халагдсан тухай, үлдсэн хувь нь цалин хөлс, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын байран дахь дарамт зэрэг асуудлаар хандсан.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрлөх эрх хэр их зөрчигдөж байна вэ?
-Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр “Карьер хөгжлийн хүрээлэн” Төрийн бус байгууллагатай хамтран хувийн хэвшлийн салбараас төлөөлүүлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох гэсэн дөрвөн суурь зарчмын хүрээнд судалсан.
Судалгаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний 59, ноос ноолуурын чиглэлийн 19, нийт 78 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын 1750 ажилтан, ажил олгогчдыг хамруулсан юм.
Судалгаанд оролцсон 1577 ажилтны 1089 буюу 69 хувь нь худалдаа үйлчилгээний, 488 буюу 31 хувь нь ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын ажилтнууд бөгөөд тэдгээрийн 27 хувь нь эрэгтэй, 73 хувь нь эмэгтэй байна.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт албадан хөдөлмөр эрхлэлт байна гэж үзсэн байна лээ. Ямар тохиолдолд албадан хөдөлмөр эрхлэлт болох вэ?
–Албадан хөдөлмөр нь хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөрчил юм.
Албадан хөдөлмөрийн хэлбэрт сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эмзэг байдлыг буруугаар ашиглах, хуурч мэхлэх, өрийн барьцаа төлөөс болгох, ажилтны бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, ажиллаж, амьдрахад хортой хүнд нөхцөл, илүү цагаар ажиллуулах зэрэг хамаардаг. Тухайн нөхцөл байдалд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг нэгэн зэрэг илэрвэл албадан хөдөлмөр гэж тодорхойлж болно.
Тухайн ажлын мөн чанар нь бус харин түүнийг гүйцэтгэж, гүйцэтгүүлж буй хүмүүсийн хоорондын харилцаа албадан хөдөлмөрийг бий болгодог. Түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны гэж үзэх ердийн ажил үүргийг зөвшөөрөлгүйгээр, эсвэл шийтгэлээр сүрдүүлж гүйцэтгүүлсэн бол албадан хөдөлмөрт тооцно. Албадан хөдөлмөрийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон, цалин хөлсийг бүрэн ба хэсэгчлэн төлсөн эсэхээс үл хамааран өргөн хүрээнд ойлгоно.
Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт албадан хөдөлмөрийн хэлбэр илэрч байна. Тухайлбал, зарим ААНБ-ын хөдөлмөрийн гэрээнд ажилтан өөрийн боловсролыг гэрчлэх бичиг баримт, мэргэжлийн үнэмлэх зэргийг заавал ажил олгогчид хадгалуулах тухай заасан байна. Гэтэл судалгаанд оролцогчдын 41 хувь бичиг баримт барьцаалдаг гэж хариулсан байна.
Мөн сүлжээ дэлгүүрүүдэд цалин хөлс, өрөөр барьцаалах тохиолдол байгааг хэлж байна. Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгож болдог байдлаар цоожилж, кодолсон ААНБ тохиолдсон нь ажлын байранд хязгаарлалт тогтоосон нэг хэлбэр юм.
–Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хүүхэд ажиллаж байгаа хэрэг үү?
-Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт хүүхдийн хөдөлмөр өндөр хувьтай илрээгүй ч тодорхой хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 1.4 хувь нь 15-аас доош насны ажилтнууд байдаг, 4.6 хувь нь 16-17 насны ажилтнууд байдаг гэж хариулсан бол ажил олгогчид 15-аас доош насны ажилтан байхгүй, харин 16-17 насны ажилтан байдаг гэж 9.1 хувь нь хариулсан байна.
Харин экспертийн ярилцлагаар Орхон аймагт аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд 36 ААНБ-д үзлэг шалгалт хийхэд хоол үйлдвэрлэл, гэр хорооллын дэлгүүр, хүнсний захад 16 хүүхэд ажиллаж байсныг илрүүлсэн талаар хэлж байсан.
–Ажлын байранд нь ямар нэгэн хэлбэрээр дарамт шахалт үзүүлж, ялгаварлан гадуурхах үзэгдэл илэрч байв уу?
-Ажлын байран дахь дарамт, ялгаварлан гадуурхалт ямар хэлбэрээр илэрч байгааг бид тодруулсан. Судалгаанд оролцогчдын 12.2 хувь нь хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжилдэг, 11 хувь нь хэл амаар доромжилдог, 9.6 хувь нь албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, 7.3 хувь нь ажлын байрны тодорхойлтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлдэг гэсэн байв. Эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварладаг гэж 5.5 хувь нь, боловсрол, нийгмийн гарал байдлаар ялгаварладаг гэж 2.5 хувь нь, биеийн гадаад байдал, эрүүл мэндээр ялгаварлаж харилцдаг гэж 2.3 хувь нь хариулжээ.
Салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарынхан хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, загнах, хэл үгээр доромжлох, хараах зэрэг тохиолдол их гардаг гэж үзжээ. Харин ноос ноолуурын салбарын оролцогчдын албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлдэг гэсэн хариулт худалдаа үйлчилгээний салбарынхнаас даруй 1.6-3.6 пунктээр өндөр байна.
Мөн хүйсийн хувьд эмэгтэйчүүд, насны хувьд 18-30 насны залуучууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэйгээр дарамтад өртдөг байна. Ялангуяа ажилтныг ажилд авахад ялгаварлан гадуурхалт илүүтэй тохиолддог бөгөөд үүнд насаар болон хүйсээр ялгаварлах байдал хамгийн өндөр хувьтай байна.
-Шинэ ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж, цалин хөлс өгөхгүй бол Хөдөлмөрийн хуулиар торгох болсон байх аа?
-Бидний авсан судалгаанд оролцсон 1577 ажилтны 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гэсэн бол 30.4 хувь нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй байна. Харин ажил олгогчдын 59.7 хувь нь ажилтнууддаа хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгдөг, 16.1 хувь нь өгдөггүй, 4.8 хувь нь заримдаа өгдөг хэмээн хариулсан байлаа. Мөн анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, туршилтын хугацаагаар ажиллуулаад цалин хөлс олгодоггүй зөрчил гарч байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 12.4 хувь нь 14 хүртэл хоногоор гэрээ байгуулалгүй ажилласан гэж хариулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 4 сард туршилтын хугацаа, дагалдан, цагаар ажиллах зохицуулалтыг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллах зөрчлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд Хөдөлмөрийн тухай хууль зөрчих ялгангуяа хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар зохицуулсан.
Зөрчил гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ. Өөрөөр хэлбэл зөрчил нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д илүү цагаар ажиллах нь түгээмэл байна. Судалгаанд оролцогчдын 55.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг, 18.8 хувь нь 31-40 цаг ажилладаг гэсэн байна. Мөн сард 360 цаг ажиллаж, 7 хоногт 90 цагаар ажиллах тохиолдол гарч байна. Судалгаанд оролцогч ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д ажиллагсдын 60.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг гэж хариулсан бөгөөд судалгаанд оролцогчид дийлэнх нь “Энэ тохиолдолд илүү цагийн цалин хөлс олгодоггүй” гэжээ.
Тухайлбал ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
-Таны хэлсэнчлэн илүү цагаар ажиллуулсан, илүү цагийн мөнгө өгдөггүй гэх мэт гомдлыг хаана гаргах ёстой вэ?
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид (хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч) нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.
-Энэ бүх зөрчлийг арилгахын тулд хэрхэх вэ?
-Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын талаар тусгаж, одоогийн хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан Хөдөлмөрийн тухай болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулиудыг шинэчлэх саналыг шийдвэр гаргагчдад хүргүүлсэн.
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлан үр дүнгийн талаар холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Судалгааны үр дүнд гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, (Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) ажил олгогч, (Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо) ажилтнуудын төлөөллийн байгууллагуудтай (Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо) хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.