“Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагынхан утааны улирал эхэлж буйтай холбогдуулан тэмцлээ дахин эхлүүлсэн байна. Тэд ирэх сарын 10-нд Нийслэлийн засаг даргын тамгын газар, 17-нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадаа жагсахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 18 буюу Цэргийн баярын өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан Сүхбаатарын талбайд жагсаж, хэдий утаа багассан ч утааны эсрэг жагсаалыг сар бүр зохион байгуулахаа мэдэгдэж байв.
Тус холбооныхон хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах, хүүхдийн эмнэлэг барих, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах, Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах, утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг удаа дараа шаардсаар ирсэн билээ.