УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай оффшорын сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс орны жагсаалтыг батлахдаа гол 13 орныг хассан гэж та бүхэн мэдээлэл хийлээ. Уг жагсаалтыг Засгийн газраас хэзээ баталсан байна вэ?
-Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнгөрсөн аравдугаар сард баталсан байна. Чоно борооноор гэгчээр Засгийн газар огцорсон, шинээр байгуулагдах завсрын үед буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгч байх үед жагсаалтыг гаргасан байгаа юм. Оффшор данс нээлгэж болохгүй улс орнуудын жагсаалтыг гаргахдаа оффшорын мөнгө гол хадгалагддаг улс орнуудыг зориудын гэмээр байдлаар жагсаалтад оруулахгүй хасчихсан байна. Швейцарь, Панам, Малайз, Сингапур, Макао, Арабын нэгдсэн Эмират зэрэг 13 орныг жагсаалтаас хасчихсан. Ялангуяа Швейцарь, Панамын улсууд оффшор бүсээр тэргүүлдэг орон. Эдгээр гол улс орнуудаа хасчихаар ямар юмных нь оффшортой тэмцэх болж байна вэ. Засгийн газраас баталсан 42 орныг харахад бараг оффшоргүйд тооцогдох улс орнуудыг түүгээд оруулчихсан харагдаж байна. Үүнийг эсэргүүцэж бид хэвлэлийн хурал хийсэн л дээ.
-Яг аль яам энэ жагсаалтыг гаргасан бэ?
-Гадаад харилцааны яам зонхилно.
-Манай улс оффшорт хамаарах улс орны жагсаалтыг анх удаа гаргаж ирж байгаа. Тэгэхдээ өөрсдийн оффшор дансаа нээлгэсэн улс орнуудаа зориудаар хасч байна гэхээр өмнөх Засгийн газар хувийн эрх ашгийн сонирхлоор хандсан гэж харагдаж байна уу?
-Улс орнуудыг оффшор бүсэд байх эсэхийг гурван үзүүлэлтээр авч үздэг. Гурван үзүүлэлтийг бүрэн хангахуйц Швейцарь зэрэг улсыг оруулаагүй хэрнээ зөвхөн татварын орчин сул гэсэн үзүүлэлтийг хангаж байгаа орнуудыг жагсаалтад оруулчихсан байх жишээтэй. Бид УИХ дотор оффшорын эсрэг лобби бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Зөвхөн УИХ-аас оффшортой тэмцэх бүлэг ажилласнаар амжилтад хүрэхгүй л дээ. Гүйцэтгэх засаглалын хууль хяналтын байгууллагууд, олон нийтийн байгууллагууд бүгд хамтран тэмцэж байж үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол их мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс чинь аливаа зүйлийг баллуурдах, аргалах, бултах талдаа мэргэшсэн байна шүү дээ.
-Эрх ашгийн зөрчилтэй байгаа жагсаалтыг сая шинээр байгуулагдсан Засгийн газар өөрчлөн шинэчилж чадах уу?
-Оффшорын мөнгө бол нууцлалын зэрэг өндөртэй их хэмжээний мөнгө эргэлддэг учраас оффшортой холбоотой бүхий л мэдээлэл ил тод байх ёстой. Хөгжилтэй орнуудад өндөр татвартай байдаг болохоор татвараас зугтаах эсвэл хууль бус мөнгө буюу хар тамхи, зэвсгийн наймааны мөнгө оффшороор эргэлддэг.
Манай улсын хувьд Африктай адилхан ихэвчлэн байгалийн баялаг, газар шороогоо зарсан мөнгө гадаад улс орны оффшор бүсэд хадгалагдаж байгаа. Монгол Улс байгалийн баялагтай гэж яригддаг мөртлөө гаднаас зээл тусламж авч төсвөө бүрдүүлсэн арчаагүй сул дорой байдалтай сууж байна. Гэтэл нэг хэсэг хүн уул уурхайтай холбоотой мөнгийг оффшорт аваачаад хийчихдэг байж таарахгүй. Бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ орхигдсон улс орныг нэмж оруул гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. Тиймээс Засгийн газар хийсэн энэ хуудуутай зүйлээ эргэн харж, орох ёстой улс орнуудыг нэмж оруулна гэдэгт итгэж байна.
-Оффшор данстай хүмүүсийг 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг Ерөнхийлөгч хүртэл уриалаад нэмэргүй байна. Энэ хугацаанд нэг л хүн мөнгө оруулж ирсэн тухай мэдээлэл бий. Оффшорын мөнгө буцаад эх орондоо орж ирэх найдвар ер нь байна уу?
-Найдвар харагдахгүй байна. Нуугдчихаад оруулж ирэхээсээ айж түгшин, итгэхгүй байна. Харин ч бултах нуугдах аргаа илэрхийлээд эхэллээ. Ерөнхийлөгч 49 хоногийн хугацааг хуулиар зааж өгсөн. Энэ хугацаанд үндсэндээ мөнгө орж ирээгүй гэдэг юм билээ. Нэг л хүн оффшорын мөнгөө оруулж ирсэн гэгдэж байгаа. “Петровис”-ийн Давааням дөрвөн сая ам.доллар оруулж ирсэн гэсэн. Энэ бол бага мөнгө л дөө.
-Манай улсад оффшор данстай нийт хичнээн хүн бий вэ. Оффшор данстангууд голчлон ямар улс оронд данстай байх магадлал өндөртэй вэ?
-Яг хичнээн хүн, хэн гэдэг хүн оффшор данстай талаар баталгаатай мэдээлэл одоогоор хараахан алга. Саяны хасагдсан улс орнуудад нэлээд хэсэг нь байх ёстой гэж үзэж байна. Манайхан санаатай юу эсвэл санамсаргүй юу оффшорт хамаарагдах гол улс орнуудыг хасчихсан сууж байна. С.Баярцогт гэхэд Швейцарийн оффшор бүсэд данстай нь илэрлээ гэсэн мэдээлэл түгж байсан даа. Ингэж мөнгө хадгалсан байх гол улс орнуудыгаа хасчихаар манай улс яаж оффшортой тэмцэх гэж байгаа юм бол.
-Оффшор данстай эсэхийг тогтоох боломж хомс байна. Хуулийн хүрээнд оффшортой өргөн хүрээнд яаж тэмцэх вэ?
-Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна. Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна.
-Оюутолгойн гэрээ байгуулахад оролцсон дөрвөн компанийн хоёр нь оффшор компани бий гэдэг мэдээлэл байгаа. Ямар дөрвөн компани юм бэ. Нэрлээч?
-Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс лимитед” гэсэн дөрвөн нэртэй компаниуд оролцсон гэдэг. Оюутолгойн гэрээ байгуулахад маш их луйвар орсон. Магадгүй оффшор данстай холбоотой эхний сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, энэ компанитай холбоотой хүмүүсээс гарч ирэх байх. Ухвал их зүйл гарч ирнэ дээ. Яагаад вэ гэвэл Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хүртэх ашиггүй шахам гэрээ байгуулагдсан. Дубайн гэрээ бол Монголыг бүр өрөнд оруулахаар болчихсон. Энэ бол цэвэр луйвар. Үүний цаана авлигал хээл хахууль нуугдаж байгаа нь ойлгомжтой. Одоогийн УИХ-д ч тэр Оюутолгойн гэрээг байгуулахад гар бие оролцож явсан хүмүүс үлдсэн л байна.
-Оффшортой тэмцэх хууль батлагдан гарсан. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Оффшорын хуулийг хэрэгжүүлэх үндэслэл алга. Харин ч хамгаалсан хууль болж байна. Оффшорын тухай хуульд төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгт оффшор данстай эсэхээ үнэн зөв тайлагнах ёстой. Хэрэв ингэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий. Тэгсэн хэрнээ оффшор данстай гэдгээ ил тайлагнаж бүртгүүлж байгаа байдал алга л байна. Хэрвээ оффшортой тэмцэх ажил олон нийтэд нээлттэй явахгүй бол хааж нуугдах байдал бий болж байна. Заавал байх ёстой орнуудыг хассан нь санамсаргүйгээр зүйл биш гэдэг нь тодорхой.