Categories
мэдээ цаг-үе

Ажил дээрээ шинэлэг, жимс, ургамлын үнэртэй сүрчиг түрхэх нь тохиромжтой

Бид хээрийн салхи, агь, ганга, борооны дараахь чийг, ээжийн сүүтэй энгэр, нялх үрсийн сэвлэг, аавын дээлийн дотно үнэр шиг сайхан зүйл үгүй гэж дуу хуур, шүлэг найрагтаа магтан дуулсаар ирсэн. Сайхан бүхнийг сайхан үнэртэй ийнхүү зүйрлэдгээс нь үзвэл монголчууд эртнээсээ үнэр, үнэртний соёлтой, үнэрийн мэдрэмжтэй ард түмэн байжээ гэж тодорхойлно. Сүүлийн үеийн энэ үнэртэй ус, сүрчиг гэх зүйл худалдаанд гарахаас өмнө монголчууд хүдрийн заарыг хувцас, дээлэндээ шингээдэг байсан тухай баримт бий. Бүр дуундаа хүртэл “Хүдрийн заарыг шингээсэн юм аа хө” гэж дуулцгаадаг байлаа. Ингэхээр үнэртэн, үнэртэй ус, сүрчиг гэх ойлголт биднээс хол хөндий юм биш.

Египетийн мандан бадралын үед ихэс дээдэс нь аль болох байгалийн гаралтай үнэртнээр өөрсдийгөө хүрээлүүлдэг байсан бол Францыг үнэртний өлгий, үнэртний ертөнц хэмээн бүгд зөвшөөрдөг. Тус улсад буй үнэртний үйлдвэрүүд ховор түүхий эдээ Америк, Араб, Хятад, Энэтхэгээс авдаг бөгөөд үйлдвэрлэлийн үе шатууд нь өндөр нууцлалтай байдаг.

Үнэртний худалдаа нь урлагийн хэмжээнд хүрсэн бөгөөд дотор нь Америк, Европын гэсэн хоёр урсгалд хуваах нь бий. Европынх нь эртний түүхтэй, олон төрөл найрлагатай болохоор тэр хэрээр асар их баялаг мэдрэмжийг төрүүлдэг. Түүнчлэн савлагаа нь урлагийн хэмжээнд хүрсэн хээнцэр тансаг. Харин америк урсгалын үнэртнүүд маш энгийн спорт маягийн, хөнгөн мэдрэмж төрүүлдэг. 1920-иод он хүртэл үнэртэн нь байгалийн гаралтай, цэцэгсийн хандаас гаргаж авсан байвал үнэ цэнэтэйд тооцогддог байсан бол дараа нь үнэртэй усны зах зээлд альдегид буюу зуун хувь химийн гаралтай түүхий эд үйлдвэрлэлд нэвтэрсэн. Энэ үеэс үнэртэнг байгалийн цэвэр түүхий эдтэй, нөгөөх нь зуун хувь химийн гаралтай гэж ангилах болсон билээ.

Үнэртэй усыг түрхсэнээс хойш гурван нот (note) буюу үнэр гаргадаг. Эхний үнэр нь 15-20 минут үргэлжилнэ. Үүнийг топ нот гэнэ. Удаахь нь 3-4 цаг. Үүнийг зүрхэн нот. Харин басе буюу төгсгөлийн үнэр нь хувцас болон биед шингэж үлдэх үнэр юм. Харин хуурамч ус ингэж гурван нот гаргахгүй. Спирт, ус, эфирийн тос, альдегид гэсэн энэ дөрвөлийг ерөнхийд нь үнэртэй усны гол нэгдэл гэж үздэг.

Энгийн хүмүүсийн хувьд үнэртэй усыг эрэгтэй, эмэгтэй хүнд түрхэх гэж ерөнхийлөн ойлгодог бол сүрчиг сонирхогчид, мэргэжлийн хүмүүсийн хувьд үнэртэй усыг маш олон төрлөөр ангилан цуглуулдаг. Жирийн хүмүүс өөрт таалагдсан нэгээс гурван үнэртэй устай байлаа гэхэд тухайн өдрийн сэтгэл санааны байдлаасаа болоод үнэртэй усаа сонгож түрхдэг. Харин дуртай ганц л үнэртэй усаа түрхдэг хүнд сонголт байхгүй гэсэн үг. Ингээд бүхий л өдрийн турш өөрийнхөө дуртай үнэртэй усаа хаа явсан газартаа сэнгэнүүлж өөрөө тэндээсээ таашаал авдаг. Гэтэл үнэртэй усыг сонгохдоо өөрийнхөө л дуртай үнэрийг сонголоо гээд хувиа хичээгээд байж болохгүй гэнэ. Та тухайн өдрийн өглөөгүүр хаана очиж хэнтэй уулзах билээ. Өдрийн хоол хаана, хэнтэй идэх билээ. Орой үдэшлэг, уулзалт, театр гээд чухам ямар орчинд очих билээ гэдгээсээ хамаарч үнэртэй усаа сонгох ёстой. Өглөө, өдөр, орой, ажил, сургууль, үдэшлэг, аялал, спортынх гээд үнэртэй уснууд ялгаатай. Үнэртэнд дурлагчид зүгээр л харагдсанаа, таалагдсанаа, сав нь гоё болохоор цуглуулаад байдаггүй. Үнэртэй ус болгоноо тодорхой зорилготой авдаг юм байна. Дандаа түрхдэг ганц үнэртнээ та ажил, гэр, сургууль, аялал, хөдөө гадаагүй үнэртүүлээд байж болохгүй. Энэ нь үнэртэй усны соёлыг уландаа гишгэсэн үйлдэл. Тиймээс эхлээд үнэртэй усны төрлүүдээ мэдэх нь зүйтэй. Та үнэртэй усны саван дээрх тайлбараа үз дээ. Eau de co­logne гэсэн бичигтэй байвал таны түрхэж байгаа үнэртэй ус хамгийн хөнгөн үнэртэн юм байна. Харин Eau de Toilette гэсэн тайлбартай байвал хавар, зун хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд түргэн арилдаг сэргээгч үнэртэн. Eau de Parfum нь үс, бие рүү шүршихэд тохиромжтой бөгөөд зөөлөн, онцгой арчилгаа шаардлагатай материалд цацахаас болгоомжлох ёстой. Хөнгөн шинжтэй үнэртэн. Parfum нь үнэрт усны хамгийн өндөр агууламжтай. Үнэртнүүд дотроос хамгийн хүчтэйг нь нимгэн арьстай, судасны цохилттой хэсгүүдэд түрхдэг.

Үнэртэй ус, сүрчиг хоёр нь ялгаатай. Үнэртэй усны ганцхан дусал нь хэдхэн цагийн дараа ууршаад алга болдог бол сүрчиг нь ууршихгүй 20 цаг болдог. Нэг ижил сүрчгийг хоёр хүн зэрэг түрхэхэд хоёр өөр үнэр ялгарна. Идсэн хоол, архи тамхи хэрэглэдэг эсэх, уусан эм, шүршүүрийн саван, биеийн тос зэргээс нь хамаарч сүрчиг, үнэртэй усны үнэр өөр өөр байдаг.

Үнэртэй ус, сүрчиг хэрэглэх дүрмүүдээс сонирхуулбал,

SӨглөөгүүр хурц үнэртэй эсвэл сул үнэртэй сүрчгийг их хэмжээгээр түрхэх нь тухайн хүний мэдрэлийн эд эсийг цочроодог учир өглөөний зөөлөн, сэргээх чадалтай үнэртэй усыг сонгох нь зүйтэй.

SОлон нийтийн газар, хүлээн авалт, үдэшлэгт очоод бие засах газарт нь ороод хувцас бие рүүгээ сүрчиг цацаж болохгүй. Ядаж багаар бодоход арван минутын өмнө үнэртэй усаа бие рүүгээ цацаад хувцасласан байх ёстой.

SУдаан хэрэглэсэн сүрчиг тань сул үнэртэй, үнэрээ хурдан алдаад байгаа юм шиг санагдаж магад. Хүн үнэрт дасдаг учир удсан үнэртнээ сул болчихлоо гээд их хэмжээгээрээ цацаж болохгүй.

SНаран шарлагын газар руу явахаас өмнө сүрчиг цацдаггүй.

SҮнэртэй усыг хэт их түрхэх нь тохиромжгүй. Мөн элдэв үнэр холилдуулан үнэртүүлэхгүйн тулд таны хэрэглэдэг үнэртэй ус, цэвэрлэгч шингэн, дезодорант зэрэг нь бүгд нэг төрлийнх байх учиртай.

SАлбан тасалгаанд байхдаа хэт хурц, нялуун үнэртэй ус түрхэж болохгүй. Харин төвийг сахисан шинэлэг, жимсний, ургамлын үнэртэй сүрчиг тохиромжтой.

SХарин бүсгүйчүүд болзоонд очихдоо романтик мэдрэмж төрүүлэх сарнай, цэцэгсийн үнэртэй анхилам сул үнэртэй ус сонгох бол эрчүүд ч мөн хөнгөн чанарын үнэртэй ус түрхдэг.

SФитнесийн үнэртэй ус нь маш сул байх ёстой. Биеийн тамираар хичээллэх үед хүний цусны эргэлт хурдасч арьсанд шингэсэн үнэртэй ус их хэмжээгээр ялгардаг.

Харин шүршүүрт орсны дараа сүрчгээ хэрэглээрэй.

SҮнэртэй усны рекламууд “Ажил хэрэгч бүсгүйн сонголт”, “Танд эр хүч бэлэглэх үнэр” гэх мэт үгтэй. Тэдгээр үгс нь зүгээр л бараагаа борлуулах гэсэн бодлого.

SХэн нэгний түрхсэн үнэртэй усыг үнэртээд та дуурайгаад худалдаж авч болохгүй. Үнэртэй ус хүн хүнд өөр өөр үнэр гаргадаг.

SҮнэртэй усыг хэрэглэх соёл нь худалдан авах соёлоос эхэлдэг. Та үнэртэн авахаар очихдоо үнэртэй ус түрхээгүй, ядраагүй байвал сайн. Мөн их тайван байх тусмаа таны анхаарал төвлөрөх учир тусгайлан нэг өдрийг сонгож зөвхөн үнэртэй ус, сүрчиг авахад цаг гаргах ёстой. Халуун ногоотой хоол, архи, тамхи хэрэглэсэн үедээ үнэртэй ус худалдан авдаггүй. Мөн толгой өвдсөн үед, ханиадтай байвал үнэртэн худалдан авахгүй байх нь зөв.

SТаалагдсан үнэрээ олъё гэвэл тагийг нь биш үнэрийг нь шингээсэн буюу гурав дахь ноттой цаасыг нь үнэрлэ.

SҮнэртэнд дурлагсад хэзээ ч онлайнаар худалдан авалт хийдэггүй.

SҮнэртэй ус таны ямар нэг үнэрийг дарах зорилготой биш. Таны өөртөө итгэх итгэлийг сэргээх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Сүүлийн үед мөнгө дууддаг үнэртэй ус худалдаанд гарах болсон. Зурхайн ордуудын онцлогт тохируулсан найрлагатай үнэртэй усыг найруулдаг газрууд бий. Жишээ нь хонины ордныхонд хуш, нарсны үнэр ээлтэй бөгөөд ийм үнэр нь энэ ордныхонд мөнгө дууддаг гэж үздэг. Тиймээс хуш, нарсны үнэртэй үнэртэй усыг хонины ордныхонд санал болгодог. Үүгээр бол охины ордныхонд шимтэглэй, нимбэг, лаванда, розмери, жинлүүрийн ордныхонд сарнайн мод, батрашийн үнэртэй ус түрхэх ёстой болох нь.

Мөн ОХУ-ын изотерикийн шинжлэх ухааны эрдэмтэд хүний гэрлэн биеийн хүрдүүд нь тус тусдаа үнэрээр хооллодог учир хүрд тус бүрийг хооллох зориулалттай үнэр гаргадаг лааг санал болгодог. Үүнтэй адил таны амьдрал, ажил, зүрх гээд аль хүрд гэмтсэн байна тэрэнд тань сайнаар нөлөөлөх үнэртэй усыг ч гаргах болсон. Хэрвээ ажил төрөл тань бүтэмжгүй, гэрээ хэлцэл тань саатаад байвал шар өнгийн үнэртэй усыг сонгохыг санал болгодог.

Сүүлийн үед манайд үнэрээр эмчилдэг дорнын уламжлалт анагаах ухааны үйлчилгээнүүд ч нэвтрээд байгаа. Ароматерафи буюу үнэрээр эмчлэх нь 1907 оноос Европод хөгжсөн, эссэншил тос болон үнэртэй ургамлыг ашиглан хүний сэтгэл санаа, үйлдэл, эрүүл мэндэд нөлөөлөн эмчилдэг орчин үеийн эмчилгээний төрөл нь шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байгаа юм. Мөн сарнайн үнэр нь өндгөвчний булчинг суллаж, эмэгтэйчүүдийн өвчнөөс сэргийлдэг бөгөөд төрсний дараахь бухимдал, стрессийг тайлдаг. Гааны сэнгэнэсэн үнэр нь толгойн өвдөлтийг намдааж анхаарлыг төвлөрүүлж, амьсгалыг уужруулдаг. Розмери нь арьсыг эмчилж үе мөчний өвдөлтийг намдаадаг бөгөөд булчинг суллаж өгдөг. Энэ мэтээр байгалийн гаралтай үнэрээр хүнийг эмчилж байна.

Харин үнэртэй ус сонирхогчид, үнэртэнд дурлагсад үнэртэй усыг ийнхүү эмчилгээ, домд зориулж эм, тан мэт хэрэглэхийг төдийлөн таашаадаггүй бөгөөд сүрчиг, үнэртэй усыг тохирох хэмжээгээр, тохирсон газартаа цагийг нь олж сонголт хийж түрхэх нь юугаар ч орлуулшгүй мэдрэмжийг эзэндээ өгдөг. Түүнээс нь таашаал авч тухайн хүний сэтгэл сэргэн, цаанаасаа л жавхаалаг болдог тул ийм тийм мөнгө дуудна, ажил төрлөө бүтээнэ гэх явцуу зорилгоор ашиглах нь үнэртний соёлд нийцэхгүй гэж үздэг юм байна.

Үнэртэй усны үйлдвэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *