Categories
мэдээ цаг-үе

А.С Бабушкин: Орос Монголын харилцаа илт сэргэх байх гэж харж байна

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Төрийн Думын гишүүний зөвлөх А.С.Бабушкин Орос Монголын эдийн засгийн форумд оролцсон юм. Тэрбээр Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн гурав дахь ерөнхийлөгч. Ирэх жил 60 жилийн ой нь болох гэж байгаа энэ байгууллагын анхны дарга нь ЗХУ-ын маршал С.М.Будённый, хоёр дахь дарга нь сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар В.В.Гарботка юм. А.С.Бабушкин сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн цэргийн сургуулийн салааны захирагч ажээ.


-Орос Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн ажлыг хэзээ авсан бэ?

-Одоогоос гурван жилийн өмнө Орос-Монголын нийгэмлэгийн дарга В.В.Гарботка тэтгэвэртээ гарсан. Тэгээд намайг ерөнхийлөгчөөр сонгосон.

-Та яаж Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга болов?

-Өмнө сүүлийн арван жил Орос Монголын найрамдлын нийгэмлэгийн нэгдүгээр орлогчоор ажилласан. В.В. Гарботка дарга 2014 онд 80 нас хүрээд тэтгэвэртээ гарсан. Одоо манай нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч.

-Хэзээнээс монголчуудтай ойр дотно харилцаатай болж эхэлсэн бэ?

-Монголчуудтай харьцаад 43 жил болж байна. 1974 онд би Чуковскийн нэрэмжит Агаарын цэргийн сургуульд суралцаж байсан. Тэр үед намайг гадаадынхан сурдаг салбарын захирагчаар томилсон. Тэр үед би ахлах дэслэгч цолтой байсан. Харин миний удирдсан салбарт герман, монголын сонсогчид суралцдаг байсан юм.

-Монгол оюутнуудаа санаж байна уу?

-Зургаан оюутан байсан. Би бүгдийг нь нэрээр нь санаж байна. Тэдний дунд ЗХУ, БНМАУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа байсан. Тэр үед Ж.Гүррагчаа маань бага дэслэгч цолтой ирж байсан. Маш даруухан залуу байлаа. Хожим нь 1978 онд би оддын хотхонд Гүррагчаа, Ганзориг хоёртой тааралдсан.

-Сонин тохиолдол байсан уу?

-Тийм. Гүррагчаа намайг харангуутаа “Та энд юу хийж байгаа юм бэ” гэж асуусан. Би хариуд нь “Би энд алба хааж байна. Чи харин яаж явна” гэсэн чинь “Би сансрын багт орсон” гэж хэлсэн. Бид хоёр ахмад цолтой. Тэр цагаас эхлэн гэр бүлээрээ үерхэж эхэлсэн.

-Та анх Монголд хэдэн онд ирсэн бэ?

-2007 онд анх загасчлахаар ирж байсан. Миний хашиж байсан албанаас шалтгаалаад гадагшаа явах эрхгүй байсан. 2007 онд албанаасаа гараад арван жил болсон учраас гадаадад зорчих эрхтэй болсон. Түүнээс хойш жилд хоёр удаа Монголд ирдэг болсон.

-2009 онд та Ерөнхийлөгч Д.Медведевт хатуу үг хэлсэн гэсэн.

-Хатуу гэхээсээ үнэн үг гэж ойлгох хэрэгтэй. Би ялалтын баяраар Монголоос Халхын голд байлдаж явсан, гурван хүн Москвад авчирсан. Тэгээд Ерөнхийлөгч Д.Медведевт “Бусад газраас түшмэдүүд ирсэн байна. Би жинхэнэ дайчдыг авчирлаа” гэж хэлсэн. Ерөнхийлөгч Медведев хамгийн түрүүнд бидэнтэй ирж гар барьсан юм. Тэр үед надад Алтангадас одон гардуулсан.

-Хөдөлмөрийн гавьяаны одонг хэзээ авсан бэ?

-2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулсан.

-Ю.Цэдэнбал даргын ач охин танай нийгэмлэгийн гишүүн гэсэн.

-Ю.Цэдэнбал даргын хүү Зоригийн охин манай нийгэмлэгийн гишүүн. Тэр Москвад амьдардаг.

-Аавтайгаа амьдардаг уу?

-Үгүй ээжтэйгээ амьдардаг. Аавтайгаа нэг их харьцдаггүй юм шиг байна. Ю.Цэдэнбал даргын ганц удам шүү дээ. Их ухаалаг, өндөр боловсролтой эмэгтэй байдаг.

-Та Орос Монголын харилцааг ямар түвшинд байна гэж үзэж байна?

-2000 оны эхээр харилцаа зогсонги байдалд орсон гэж үздэг. Харин Ерөнхийлөгч В.Путины айлчлалын дараа нэлээд сэргэсэн. Одоо бүх талаар идэвхжиж байна. Бид 3.5 мянган км нутгаар хиллэж байна. Энэ бол манай хамгийн тайван бүс нутаг.

-Монгол найз олон уу?

-Олон. Би бас хилчидтэй найз.

-Та байнга ирдэг хүн манай улсын хөгжлийг юу гэж дүгнэх вэ?

-Би 2015 онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ирж чадаагүй бусад жилүүдэд ирсэн. Танай орны хөгжил хурдацтай байгааг нисэх буудалд буух болгондоо хардаг. Том том бүтээн байгуулалт, замууд гээд маш олон нааштай зүйлүүдийг нэрлэж болно. Хямралтай гэж нэлээд ярих юм. Гэхдээ миний ажигласнаар Улаанбаатарт маш их Ланд круйзер явж байна. Бас ийм олон малтай улс хямраад байгаа гэхэд гайхдаг. Хүмүүс амьдралаа сайжруулахын төлөө маш их хөдөлмөрлөж байгааг би харж байна. Дээр нь асар их байгалийн баялаг байна. Би танай орныг удахгүй сайхан болно гэж хардаг. Менделеевийн үелэх системд байгаа бараг бүх эрдэс Монголд байгаа байх. Улс төрийн хувьд таатай байна.

-Шинэ Ерөнхийлөгчтэй уулзсан уу?

-Баяр хүргэсэн. Манай нийгэмлэгт Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон жил найзалсан бөх гишүүн байдаг. Бид Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал илгээсэн. Владивостокт очиход бид бас тэнд байж таарсан. Манай нийгэмлэгийн тухай сайн мэддэг гэсэн. Бид ямар нэг байдлаар уулзалдах байх гэж бодож байна. Манай хоёр орны Ерөнхийлөгч нар сайн найзууд. Хоёулаа бөх барилддаг. Бас хар бүстэй. Энэ хэлхээ холбоо манай орнуудын хувьд их чухал нөлөөтэй. Дээхэн үед манай орнуудын харьцаа их сайн байсан. Монголтой хийсэн наймаа гуравт ордог байсан. Одоо ганц тэрбум орчим долларт эргэж байгаа бололтой юм. Одооноос илт сэргэх байх гэж харж байна.

-Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэний 30 жилийн ойгоор бид олуулаа ирсэн. ЗХУ-ын хоёр удаагийн баатар таван хүн ирсэн. 18 ширхэг баатрын одонтой хүмүүс ирсэн. Ж.Гүррагчаагийн хоёр баатрын одонг нэмээд 20 баатрын одон нэг дор цугласан. Зарим нь дөрвөн баатрын таван хошуутай байсан.

-Жишээлбэл?

-Коваленко, Савинных, Гарботка нар тус бүр дөрвөн баатрын одонтой. Гарботка Вьетнамын, Монголын нэг нэг, ЗХУ-ын хоёр удаагийн баатрын тэмдэгтэй. Коваленко Германы, Савинных Болгарын баатар болсон. Ляхов ЗХУ-ын хоёр, Афганистаны нэг удаагийн баатар цолтой. Жанибеков ЗХУ-ын хоёр удаагийн бас Монголын баатар.

-Танай нийгэмлэгийг хэн санхүүжүүлдэг вэ?

-Биднийг хэн ч санхүүжүүлдэггүй. Мэдээж улсаас мөнгө өгөхгүй. Багахан гишүүдийн татвар дээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгэмлэгийн гишүүдийн ихэнх нь тэтгэврийн насныхан байдаг юм.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *