Categories
мэдээ спорт

Олимпын аварга Фабио Базилег Г.Одбаяр цэвэр яллаа

Абу Даби-2017 их дуулгын -73 кг-ын 1/8 шигшээд манай улсыг төлөөлж явсан Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр 2016 оны Риогийн Олимпын аварга Италийн тамирчин Фабио Базилетэй учраа тааран барилдлаа. Дэлхийд данстай хоёр бөхийн барилдаан эхнээсээ барьцны төлөөх тэмцэлтэй өндөр хэмнэл дунд өрнөсөн юм. Барилдааны эхэнд манай бөх шидогоор торгуулж бага зэрэг давуу байдлыг алдсан. Гэхдээ барьцны төлөөх өрсөлдөөнд давуу байдлыг хоёр дарааллан авч эсрэг тамирчнаа идэвхигүй харагдуулж чадсанаар хоёр бөхийн шидо торгууль тэнцсэн. Ингээд барилдааны цаг дуусахад 10 секунд дутуу байхад манай бөх хөмөрч эхний вазаригаа авсан. Үүний дараа Фабио Базиле үнэлгээгээ нөхөх гэж улайрч дайрахад нь дагуулж мэх хийгээд цэвэр ялалт авч чадлаа.

Ингэснээр манай бөх хэсгийн аваргын төлөө барилдах эрхээ авч байна.

Абу Даби-2017 их дуулгын -81 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөө буюу хожсон нь мөнгөн медаль халаасалж, аваргын алтан медалийн төлөө барилдах эрхийн төлөө тус жинд хүч үзсэн манай хоёр бөх хоорондоо учраа таарлаа. О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад О.Ууганбаатар вазари үнэлгээ салгаж чадсан. Дотоодын өрсөлдөөнд хоорондоо олон удаа таарч барилдаж байсан хоёр бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж өнгөрсөн. Хэн хэн нь өөрийн шийдсэн мэхээ хийж байлаа. Өндөр хэмнэл дунд үргэлжилсэн барилдааны ялагчаар О.Ууганбаатар тодорч аваргын төлөө барилдахаар болж байна. Харин Н.Дагвасүрэн хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *