Categories
мэдээ нийгэм

Багш нар тэмцлийг нь үнэгүйдүүлсэн 300 мянган төгрөгийг авахгүй гэж мэдэгдлээ

Өчигдөр УИХ-аар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед төрийн албан хаагч бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон тус бүр 300 мянган төгрөг олгох санал гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэг хүлээсэн. Нөхөн олговор олгоход нийт 54.9 тэрбум төгрөг шаардах бөгөөд уг зардлыг төсөвт суулгаж өгсөн юм. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүхий л төрийн албаныхан энэ ондоо багтаан 300 мянган төгрөг авах болсон. Эл асуудал өнөөдрийн чуулганы хуралдаанаар эцэслэн батлагдана.

Засгийн газраас ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар цалин нэмэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч эмч, багш, соёл урлагийн салбарынхан дээрх зовлонг ойлгохгүй жагсаал цуглаан зохион байгуулж, цалин нэмэхийг шаардаж буй тул арга буюу дээрх арга хэмжээг авахаар УИХ-аас шийдвэрлэсэн” хэмээжээ.

Харин өнөөдөр эл шийдвэрийг эсэргүүцэж Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав хэлэхдээ “ Монголын багш нарын гол асуудал бол ерөөсөө л цалингаа нэмүүлэх, ирээдүйд итгэлтэй байх, нэмүүлсэн цалингаараа ирээдүйгээ зөв тооцоолох, эргээд амьдралаа илүү үнэ цэнэтэй болгох гэсэн шаардлага. Ингэж нийгмийн баталгааг нь хангаснаар эргээд хүүхдийн сурч боловсрох эрх хангагдана. Багш нар ирээдүйдээ итгэлтэй байснаар боловсролын үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой. Тийм учраас энэ асуудлыг төр засагтаа хэлж, энэ 300 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, багш нар энэ мөнгийг авахгүй гэдэг байр суурийг өнөөдөр илэрхийлж байна. “ гэлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ “Тэмцэл хийгээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Гурав дахь сар луугаа орох гэж байна. Бидний тэмцлийн үйл ажиллагааг Засгийн газрын болон УИХ-ын түвшинд мэдээд байгаа мөртлөө дүлий хүн шиг ямар ч шаардлагын хариу өгөхгүй өдийг хүрлээ.

Аравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газарт хоёр талт хэлэлцээрт суух мэдэгдлээ хүргүүлсэн. Үүний хариу өчигдөр ирэх ёстой байсан ч ирсэнгүй. Монголын Засгийн газар Монголын багш нарыг тоохгүй байгаа бол бид дараагийн шатны тэмцэл рүүгээ орно. Аравдугаар сарын 30-наас эхлэн Монголын багш нар улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарлах болсноо мэдэгдэж байна” гэв.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ “Тэмцэл маань эхлээд 78 хоног болсон байна. Бидний тэмцлийг 300 мянган төгрөгөөр үнэллээ. Тиймээс бид тэмцлээ цаашид хурц хэлбэрт шилжүүлж хугацаагүй ажил хаялт зохин байгуулахаар боллоо. Энэ хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог харлаа, хүлээлээ. Жагсаал цуглаан хийдэг юм байна. Улсын хэлэлцээр нэртэй зүйл хийдэг юм байна. Эцэстээ цалин хөлс нэмүүлэх биш 300 мянган төгрөгийн халамж өгөхөөр болголоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өмнөх хоёр жил яагаад энэ ажлуудаа хийж байгаагүй юм. Энэ жил яагаад хийж байгаа нэр зүүгээд, 300 мянган төгрөгөөр багш нарынхаа тэмцлийг үнэгүйдүүлж байгаа юм бэ. Тийм учраас бид цаашид хатуу тэмцэнэ. Цаашдын үйл ажиллагаагаа цаг тухайд нь мэдэгдэнэ.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *