Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн даатгал таныг гадаадад “харлах”-гүй гэсэн баталгаа болдог

Нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн болон хувийн хэвшилд ажилладаг хүн бүр албан журмаар төлдөг. Харин малчин, тариачин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүнийг сайн дурын үндсэн дээр төлөөд явдаг. Таны цалингаас сар бүр нийгмийн даатгалын сан руу ордог арван хувийг бид амьдралдаа хэрхэн ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж болох талаар иргэд тэр бүр сайн мэддэггүй билээ. Ихэнх иргэд тэтгэвэрт гарахад хэрэгтэй гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Ингэж бодсон хүмүүс монголчуудын дундаж наслалт богиносч байгаа тул төлөхгүй байсан ч болно гэж боддог тохиолдол бий. Ялангуяа өнөөгийн залуус нийгмийн даатгалд шимтгэл төлснөөс хадгаламжид хийсэн нь дээр гэлцдэг. Тэгвэл нийгмийн даатгалыг төлөх нь таны амьдралд ямар ач тустай талаар доор өгүүлье.

СОЛОНГОСТ АЖИЛЛАЯ ГЭВЭЛ НИЙГМИЙН ДААТГАЛАА ЗУРГААН САРААС ДЭЭШ ХУГАЦААНД ТӨЛСӨН БАЙХ ХЭРЭГТЭЙ

Аль ч улсын элчин сайдын яаманд та визний мэдүүлэг өгөхдөө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа авч очих ёстой. Энэ нь таныг нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн, эрхэлсэн ажилтай нэгэн болохыг нотолно. Өөрөөр хэлбэл таныг тогтмол орлоготой, манай улсад очоод “харлах”-гүйг батлах үндсэн үзүүлэлт болдог гэсэн үг. Хэрвээ та Солонгос улс руу явж гурван сар ажиллаад ирье гэвэл нийгмийн даатгалын шимтгэлээ дор хаяж зургаан сар төлсөн байх хэрэгтэй. Үүнд 501 мянган төгрөгөөс дээш цалинтай хүмүүс хамаардаг байна. Үгүй бол Солонгосын элчин сайдын яам дансандаа таван сая төгрөг байршуулсан байхыг шаарддаг. Энэ нь таныг манай улсад очоод “харлах”-гүй, заасан хугацаанд аялж, ажиллаж, амраад ирэх боломжтой хүн гэдгийг мэдэх гэсэн нэг үзүүлэлт болдог ажээ.

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВЬЯ ГЭВЭЛ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛЖ ХЭВШЭЭРЭЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Зээлтэй бол дээлтэй” хэмээн уриалснаас хойш зээлгүй хүн монголд цөөхөн болсон. Байр, машин зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны зээлээр л бий болгож байна. Банкнаас зээл авах үндсэн нөхцөл, эргэн төлөх чадвартай хүн болохыг тань нотолдог нэг үзүүлэлт бол нийгмийн даатгал. Та тухайн байгууллагадаа зургаан сараас дээш хугацаанд нийгмийн даатгал төлж, цалин авсан бол байр, машин, хэрэглээний зээл авахад нээлттэй болно.

НИЙГМИЙН ДААТГАЛ-ЖАРАН НАСНААС ХОЙШХИ ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Нийгмийн даатгалын талаар бидний хамгийн сайн мэддэг зүйл бол мэдээж тэтгэвэрт гарсны дараа сар бүр улсаас “цалин” авах боломж юм. Та бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн долоон хувь нь тэтгэврийн даатгалын санд хуримтлагддаг. Ингэж гавьяаны амралтаа авч тэтгэвэрт суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, одоогоос арван жилийн өмнө буюу 2006 онд тэтгэвэр авагчдын тоо 183.541 байсан бол өнгөрөгч 2016 онд 268.873 хүн болж өсчээ. Мөн тэдэнд олгосон мөнгөн дүнг харьцуулбал, 2006 онд 111 сая төгрөг байсан бол өнгөрөгч онд 973 сая төгрөгийг зарцуулсан байна.

ЖИЛД 57600 ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨӨД ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БИЙ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл өнгөрсөн жил нэмэгдэж оюутан сурагч, 0-18 насны хүүхэд сар бүр 2400 төгрөг, насанд хүрэгчид сар бүр 4800 төгрөг төлдөг болсон. Бидний цалингаас суутгадаг нийгмийн даатгалын арван хувийн шимтгэлийн хоёр хувийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлдэг гэнэ. Тооцоод үзвэл иргэд эрүүл мэндийн даатгалд жилд 57600 төгрөг төлдөг. Харин үүнийхээ хариуд тухайн жилдээ хоёр сая төгрөг хүртэлх даатгалын тусламж үйлчилгээг хүртэх боломжтой юм. Үүнд хэвтэн эмчлүүлэх, амбулатори, оношилгоо, сэргээн засал, өдрийн эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх хими туяан эмчилгээ зэрэг нийтдээ 16 төрлийн үйлчилгээ багтаж байна. Тэгэхээр эрүүл энхийг хүсэмжлэгч хэн бүхэн даатгалын дэвтэрээ барьж очоод өөрийгөө бүрэн оношлуулж болно гэсэн үг. Үүний нэг тод жишээ бол энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны 50 мянган төгрөгийн гурван багцаас сонгон үйлчлүүлдэг болоод байгаа явдал юм. Мөн эрүүл мэндийн даатгал төлдөг хэн ч гэсэн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 35 рашаан сувилалд 110 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх, улиралд 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх, нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 689 эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авах бүрэн боломжтой. Үүнээс гадна “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий 22 лабораторид С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх, эх нялхас, хавдар судлалын үндэсний төв, гэмтлийн эмнэлэгт хийгдэж буй өндөр өртөгтэй мэс заслын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна. Ийм хөнгөлөлтөд өнгөрсөн жил нэг хүн хамрагдаж 64 сая төгрөгийн тусламж авч байсан бол энэ жил 83 сая төгрөгийн хөнгөлөлтийг мөн нэг хүн эдэлсэн гэж ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн С.Сарантуяа ярьсан юм.

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Нийгмийн даатгал төлж байгаагүйгээс болж “текрит” буюу жирэмсний тэтгэмж авч чадаагүй эмэгтэйчүүдтэй олон таарч байсан. Тэд дараагийн хүүхдээ төрүүлэхээс өмнө заавал нийгмийн даатгал төлж “текрит” авах бяцхан мөрөөдөлтэй байдаг юм билээ. Тэгэхээр эмэгтэй та тухайн байгууллагадаа жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард тасралтгүй нийгмийн даатгал төлөх хэрэгтэй. Ингэж чадвал нийгмийн даатгалын дэвтэр болон эмнэлгийн хуудсаа барьж очоод сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос хувь хүртэх боломжтой юм. Хэрвээ албан журмын даатгуулагч буюу төрийн болон хувийн хэвшилд ажилладаг хүмүүс 100 хувь, сайн дурын даатгуулагч бол 70 хувийн тэтгэмж авна гэж хуулинд заажээ.

Тэтгэмжийн даатгал таны халааснаас гарч буй цалингийн арван хувийн 0.8 хувийг эзэлдэг бөгөөд энэ сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны болон оршуулгын тэтгэмжийг тус бүр нэг удаа авах боломжтой юм.

АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ АВАХ ЭРХ ТАНД БИЙ

Ажилгүйдлийн даатгал таны нийгмийн даатгалд төлж буй арван хувийн 0.2 хувийг эзэлдэг. Энэ шимтгэлийг та хоёр жилээс доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлснөөр та ямар ч шалтгаанаар ажлаас гарсан нийгмийн даатгалын сангаас нэг удаа тэтгэмж авах эрхтэй болно. Гэхдээ энэ тэтгэмжийг авахын тулд ажлаас гарснаас 14 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой гэнэ. Үүнд иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас бүрдүүлж энэ хугацаанд өгөх хэрэгтэй. Бүртгүүлснээс хойш 76 хоногийн дотор танд энэ тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох боломжтой юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *