Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын үндсэн чиг үүргийн сайд нарыг томиллоо

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар нэр дэвшсэн сайд нарыг хэлэлцлээ. Өчигдрийн хуралдааны тухайд гишүүдийн ирц харьцангуй сайн байсан. Тухайлбал хуралдаан эхлэх үед буюу 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй байснаа эхний сайдыг хэлэлцэж батлах үед 69 гишүүн чуулганы танхимдаа сууж байв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Давхар дээл, дэд сайд нараа боль. Ард түмнээсээ ичээч”, “Биднийг ард түмэн УИХ-ын гишүүнээр сонгосон болохоос албан тушаалд оч гэж сонгоогүй”, “Давхар дээлтэй сайд болж байгаа гишүүд ичих хэрэгтэй” гэсэн үг бүхий зурагт самбар ардаа байрлуулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдэд ямар хүн нэр дэвшиж буйг хэлээд тэдний намтрыг чуулганы хуралдаанд товч танилцуулсан юм. Ингээд хамгийн түрүүнд Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшингийн талаар хэлэлцэхэд гишүүд түүнээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Засгийн газрын асуудлаас болж МАН-ын бүлэг хоёр хуваагдсан биз дээ. Та нар хоорондоо учраа олсон уу. Ойлголцохдоо та нар албан тушаалаар наймаалцсан юм биш үү. Сайд нараа томилохдоо хоёр хуваагдсанаараа тохиролцсон уу?

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Хоорондоо ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохиролцоон дээр биш үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ ойлголцож байгаа.

Цаашдаа ч ойлголцоно. Эхлээд би энэ Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулъя гэж бодсон. Зургаан хүн дээр бодлогоо нэгтгээд явуулсан. Сайд болчихоосой гэж бодсон, нэлээн хөөцөлдсөн зарим нь болсонгүй. Нөхөд маань эргэж ярилцаад “Улс орны байдал амаргүй, намын дотоодод ойлголцох асуудал байна. Төрийн албаны туршлага танд байна, одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэсэн. Би хамт олныхоо бодлогод захирагдаж явдаг хүн. Шийдвэрээ гаргасан. Хийх ажил их байна, нөхцөл байдал амаргүй байна. Албан тушаал давхарлая гэхээс илүү хариуцлагаа давхарлая, үүрэг хариуцлагаа давхарлая гэдэг үүднээс ийм сонголт хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Бие биедээ муу үг хэлнэ гэдэг бүр хэрээс хэтэрч байна. Сошиал ертөнцөд ордоггүй учраас тэнд юу болж байгааг би мэдэхгүй. Намын бүлэг дээр бүр дэндэхээр нь арай ч дээ гэж хэлсэн. Одоо бүр хоёр хуваагдчихаад байна. Тусдаа хуралдаад лав сар гаруй хугацаа өнгөрлөө. Ийм нөхцөл байдалд хүргэн байж Засгийн газрын бүрэлдэхүүнийг ингэж оруулж ирж байгаад харамсаж байна. Боловсон хүчний бодлого, томилгоо тойрсон 60 тэрбумтай холбоотой асуудлыг нэг тийш болгоно гэж амалсан амлалтдаа хүрэх байх гэж найдаж байгаа. Өнөөдрийн байдлаас үзэхэд амалсан амлалт замхарч бүдгэрэх нь гэх болгоомжлол үүслээ. Хоёр тусдаа хуралдсан намын бүлгийн хуралд би ороогүй. Бие биенийхээ хоолой дээр хутга тавих байдалд бүр хүрсэн биз дээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах хүсэлтээ УИХ-д тавьсан. Өнөөдөр шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимын сайд нараа батлуулахаар орж ирж байна. Бид өмнөх Засгийн газраа яах гэж унагасан билээ. Хууль бус ажиллагаа явуулсан гэж унагасан шүү дээ. Тэр алдааг засах ёстой. Нэн даруй цэгцлээч ээ. Цаашид хэлсэн ярьсандаа байж ард түмнийг бухимдуулахгүй байгаарай.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Шадар сайдаар Ө.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна. Нэг зүйлийг анхаараач ээ. Сүүлийн дөрвөн жилд Мэргэжлийн хяналтын газрын ёс зүй алдагдсан. Байцаагчид нь байнга жижиг газруудад очиж, дарамталдаг, авлига авдаг. Энэ асуудлыг анхаарахгүй бол төр нь хувиараа бизнес эрхлээд амьжиргаагаа авч яваа нэг сая иргэнээ дэмжих бус шантаажлах юм бий болгож байгаа. Хөрөнгө оруулагчид залхлаа гэдэг нь хяналтын албаныхан үүргээ эсрэгээр нь хэрэгжүүлсний үр дүн юм. Мэргэжлийн хяналтын албан хаагчдын зорилго бол иргэдээ аюулгүй амьдралаар хангах ёстой. Гарцыг нь бий болгох. Төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаасан үндэслэл болоод байгаа. Ёс зүйтэй болгоход онцгой анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой дутагдал бол хяналтын тогтолцоо суларсан. Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй. Үүнийг нөхөх зорилгоор Мэргэжлийн хяналт байгуулсан. 2003 оноос хойш яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал гарав. Энэ нь хувь хүнээс болов уу, хууль эрх зүйн орчноос болов уу гэдгийг судална. Иргэнээ хянадаг цагддаг гэхээс илүү тусалдаг, хүнд сурталгүй, ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт тогтвортой, сайн ажиллаарай гэж сүүн цацал өргөе. Бүлэг доторх уур амьсгал овоо зөөлөрч байх шиг байна. Сүүлийн хэдэн сар хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ доромжилж шившгээ тарилаа. Ерөнхий сайдад нэг зүйл хэлмээр байна. Сүүлийн үед энэ Засгийн газрыг бяртай гэж яриад, хэлээд байх юм. Ингэж хэлмээргүй байна. УИХ-аас томилогдсон байлаа гээд бяртай болчихдог юм биш. Гадуур өндөр мэдлэг боловсролтой хүмүүс байгаа. Тэднийг Засгийн газарт оруулж ирэхийг үгүйсгэдэггүй. Тиймээс мэргэжлийн гэнэ үү, ажил хэрэгч гэнэ үү өөрөөр нэрлэхгүй бол бяртай гэдэг чинь лав биш шүү гэлээ. Улмаар нэр дэвшигчтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та бол парламентад байгаа залуучууддаа, Монголын нийгэмд дэндүү муу муухайгийн үлгэр жишээ үзүүлж байна. Өнгөрсөн гучин жилд бугшсан муу муухай, хорт хавдар, идээ бээрийн том жишээ нь та. Бид итгэл үнэмшлийн хүрээнд өмнөх Засгийн газраа огцруулсан. Албан тушаалын төлөө өмнөхөө огцруулаагүй. Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох ёстой гэж хэлж байсан. Түүнийгээ нотло гэхэд та амлалт өгч байсан. Тэгээд та надад эндээс долоох зүйл байхгүй гээд Ерөнхий сайдад өрсөлдөж, хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилоход та хүмүүсийг уриалаад орж ирээгүй. Тэгсэн хэрнээ зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй гэсэн, нүх болгон руу ороод байдаг хүн биш ээ гэсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлалаа. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тиймээс таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөх юм байна. Тийм учраас дэмжихгүй байгаа юм. Та намын даргаар ажиллаж байсан, бид шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлж байсан. Та дарга хийж чадаагүй. Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй, МАН-аар яваад байх шиг байна лээ. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Ерөнхий сайдтайгаа та хэр гар нийлж ажиллах юм. Одоо нүүр нүүрээ харж хэдий болтол явах юм бэ. Шударга ёс, өөрчлөлтийг хийх ёстой. Улс төрийн булхай луйвар ингэж явах юм бол засаж чадахгүй. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт: -Ерөнхий сайдад нэр нь дэвшсэн хүнийг Засгийн газрын танхимд оруулахгүй гэсэн санал ирсэн. 30-аад гишүүн юу гэж үзсэн бэ гэхээр “Та бол Ерөнхий сайдад нэр дэвшиж, хоёрт орсон. Ерөнхий сайдынхаа хажууд шадарлаад суухад танд мэдлэг, туршлага аль, аль нь байна. Тулх болно” гээд оруулсан юм. Би тэгж дэмжсэн хүний нэг нь. Энэ өвөл хүйтрэх нь гэх мэдээлэл хаа сайгүй явж байна. Монголын ард түмний амь амжиргааг авч явдаг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс уг салбараа дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Үр хүүхдийн асуудал хөндөж байна, буруу шүү. Ийм юм ярихаа боль. Захиа занаагаа хэл. Ө.Энхтүвшин гишүүнийг Монгол төрд, МАН-д хийсэн гавьяаг нь үнэлж, ард түмэн сонгосоор ирсэн. Цаашдаа ч төрд олон юм хийнэ гэж харж байгаа. Би Шадар сайд байсан хүн, нэр дэвшүүлье гэхэд татгалзсан. Надаас эхлээд “Та Шадар сайд бол. Таны туршлага, мэдлэг хэрэгтэй гэсэн. Ард түмэн таны талд байгаа нь намын бага хурлаар харагдсан. Тан шиг хүн хэрэгтэй” гэж хэлсэн. Хийсэн гавьяа, бүтээсэн үйлийг харж, явах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Танхимын сайд нар 100 хувь давхар дээлтэй орж ирээд амлалт байхгүй боллоо. Засгийн газрыг огцруулж байгаа хүмүүс нэг нь ч танхимд орохгүй шүү гэхэд Ц.Нямдорж гишүүн ээ, манлайлаад очиж байгаа нь юуг хэлээд байна вэ. Ерөнхий сайд аа, та тохиролцооны Засгийн газар байгууллаа. Олон нийтийн дэмжлэгийг авч явах байснаа алдлаа. Монголын зовлон уул уурхайгаас эхэлсэн. С.Баярын Засгийн газар бүх юмыг өөрчилье гэж гарч ирээд байхгүй болсон. Үүн рүү шинэ Засаг явчих вий. 2009 онд байгуулагдсан Засгийн газар дөрвөн компани байгуулсан байдаг. Хоёр нь оффшор компани. Хэн ч ярихыг хүсдэггүй. Энэнээс бүх зовлонгийн эхлэл тайлагдана. Энийг хийж чадахгүй бол уул уурхайн баялгийг гадагшаа зөөгөөд байгаа явдал үлгэр болно.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Томилогдохоор орж ирсэн бүх сайдад баяр хүргэе. Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар Монголын парламентын үнэт зүйлийн өв тээгчид. Өнөөдөр бид өв тээгчдээсээ суралцах ёстой. МАН-ын эв нэгдлийг хангаж, Засгийн газартаа дэм болж ажиллаасай гэж бид нэр дэвшүүлсэн. МАН-ын дотоод асуудал руу Ардчилсан намынхан бүү ор. Бие бие рүүгээ хатуу ширүүн үг хэлэхээ боль. Манай намын шартай залуус үгээ татах хэрэгтэй байна. Хаана ямар үгийг хэнд хэлэх вэ гэдгийг улстөрчид бодох ёстой байдаг юм. Амныхаа зоргоор улс төр хийж, биенийхээ зүрхийг шархлуулдгаа зогсоо. Одоо цэг тавих хэрэгтэй гэлээ. Улмаар хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор саналаа өгсөн юм. Үргэлжлүүлэн Г.Занданшатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж олонх дэмжсэн юм. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Харин чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг томилуулах тухай хүсэлтийг хэлэлцэв. Томилгоог хийхийн өмнө нэр дэвшигчид хандан гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Жил бүр арван сая жуулчин ирдэг Чингис хааны цогцолборыг Өвөрмонгол, Казахстан зэрэг оронд хийсэн. Ийм төслийг Монголд мөн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Дэлхийн аялал жуулчлалыг хөгжүүлдэг төсөл бол түүх байдаг. Дэлхийг байлдан дагуулж байсан ХIII зууны түүхийг харуулсан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаарай” гээд амжилт хүссэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хөрсний бохирдол санаа зовоосон асуудал болсон. Хамгийн бохирдолттой хот бол Улаанбаатар байна. Нийслэлийн төвдөө Гандангийн дэнж хөрсний бохирдлоор толгой цохих хэмжээнд хүрсэн. Аялал жуулчлалын тухай бишгүй ярилаа. Хил орчмын аялал жуулчлалаас бусад нь Улаанбаатарт ирдэг. Ирсэн жуулчид Гандангийн дэнжид ирдэг. Үнэр танар хөрсний бохирдол гээд юм, юм үзээд буцаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаарай” гэж захив. УИХ-ын гишүүн .О.Баасанхүү “Увсад байгаа газрын тосны олборлолтыг зогсоогоорой” гэсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн саналаар Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томиллоо. Санал хураалтад 68 гишүүн оролцсоноос 60 нь дэмжлээ. Үргэлжлүүлээд Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг томилуулах тухай хүсэлтийг хэлэлцэв. Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгож болохгүй юу. Зэвсэгт хүчний гадаад бодлого дээр ямар байр суурьтай байна вэ” гэж асуухад, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Цэргийн алба бол төрийн алба дотор онцгой алба. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засаг санхүүгийн нөхцөлтэй уялдуулж авсан арга хэмжээ гэж боддог. Би сайдаар томилогдоогүй байна. Миний хувийн бодол цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй. Бидэнд ийм шаардлага бий. Санаачлаад ярихад болохгүй юм байхгүй.Батлан хамгаалахын үйл ажиллагааны 60-70 хувь гадаад орнууд, НҮБ-тай хамтарч явуулж байгаа үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Үр дүн өгч байгаа учраас зөв зохистой хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэв. Ингээд Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилуулах тухай саналыг гишүүдийн 61.4 хувь нь дэмжлээ. Дараагаар нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Таван Элчин сайд УИХ-аас дэмжлэг аваад явсан. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан байна. Таны мэдлээс гараад явчихав уу, мэдээлэл байна уу” гэж сайдад нэр дэвшигчээс тодруулахад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “ Таван сайдын асуудалтай танилцаагүй байна. Нэгэнт томилогдоод агреман ирсэн бол томилогдоод явах ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бий. Тодруулаад эргэж мэдээлэл өгье” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Тусгаар тогтнолд халдах бодлого зэр зэвсгээр биш гадаад харилцаа, батлан хамгаалахын бодлогыг сулруулах чиглэлээр орж ирдэг. УИХ-д 40 гаруй гишүүн шинээр орж ирсэн. Тэдэнд стратегийн сургалт хий, ойлголт өг. Цэгцтэй бодлогогүй учраас буруу ярьж байна. Элчин сайд нарын томилгоог ярьж байна. Аль ч оронд хоёр янзын Элчин сайд байдаг. Нэг нь мэргэжлийн Элчин сайд, нөгөө нь улс төрийн томилгоотой Элчин сайд байдаг. Ингэж байж ажлаа амжуулдаг. АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоны дараа улс төрийн томилгоотой бүх Элчин сайд нар ажлаа өгч, мэргэжлийн Элчин сайд нар нь ажлаа үргэлжлүүлсэн. Энийг буруугаар гуйвуулж болохгүй шүү” гэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үндсэн чиглэлийн яамдын сайдыг парламентаас сонгохыг дэмжиж байгаа. Гадаадад амьдарч байгаа 250 мянган иргэний асуудлыг хөндөхөөс аргагүй. Бидэнтэй адил эрх эдлэх ёстой. Гадаад амьдарч байгаа монголчуудынхаа хүчийг бодлоготойгоор ашиглаж чадах юм бол олон зүйлийг хийж чадна. Монгол руу шилжүүлсэн валют нь 300 сая ам.доллартай тэнцэж байна. 10 мянга гаруй оюутан хувийн болон төрийн зардлаар суралцаж байна. Монгол Улсын хөгжлийн төлөө гадаадад амьдарч байгаа монгол, монгол үндэстнийхээ хүчийг ашиглах цаг нь болсон” гэлээ. Ингээд санал хураалтаар Д.Цогтбаатар УИХ-ын гишүүдийн 91.3 хувийн дэмжлэгийг авч Гадаад харилцааны сайдаар томиллоо. Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат “Бяртай засаг, бяртай сайд байна гэдэг бол бодлого нь бяртай байхыг хэлнэ. Д.Цогтбаатар сайдад итгэж байна. Оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй. Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой шүү” гэж хэлж байлаа.

Оройн 18.00 цаг болсон байхад өдөржин хуралдсан чуулганаар тавхан сайдыг томилсон байв. Иймд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат горимын санал гаргаж, “Найман цагийн хугацаанд таван сайд хэлэлцлээ. Цаана нь 10 сайд байна, 16 цаг шаардлагатай. Гишүүд ч мөн асуух зүйл их байна. Шөнө болохоор оронцоглодог. Ард иргэд томилгоог сонсох хэрэгтэй. Маргааш чуулган цагтаа эхлээд асуудлаа багтаавал яасан юм бэ. Одоо завсарлуулъя” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн чиглэлийн яамдын сайд нараа томилчихоод маргааш бусад сайд нараа хэлэлцүүлье” гэсэн юм. Ингээд Сангийн сайдад нэр дэвшигчийн саналыг хэлэлцэв. Гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдов. Дараагаар нь Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилуулах асуудлыг хэлэлцлээ. Үг хэлсэн гишүүдийн хувьд урьд нь энэ салбарыг толгойлж байсан туршлагатай хүний хувьд Ц.Нямдорж гишүүнд ихэд итгэл хүлээлгэж байгаагаа дурдаж байлаа. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн маргаантай асуудлыг цэгцэлж, шударга ёсыг тогтоохын төлөө ажиллахыг хүсч байсан. Санал хураалт явуулахад тэрбээр гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч Хууль зүйн сайдаар томилогдов. Үргэлжлүүлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Чинзоригийг томилуулах саналыг хэлэлцэж баталлаа. Тэрбээр гишүүдийн олонхийн саналаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилогдсоноор чуулганы нэгдсэн хуралдаан 22.24 цагт өндөрлөсөн юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд долоон сайдыг томилно. Эхэнд нь Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэх юм.

М.МӨНХ

С.АЛТ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *