Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцээд гишүүдийн 61.4 хувийн саналаар баталлаа. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 58 нь дэмжиж, 11 нь эсэргүүцэв.
Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгож болохгүй юу. Зэвсэгт хүчний гадаад бодлого дээр ямар байр суурьтай байна вэ” гэлээ.
Сайдад нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэргийн алба бол төрийн алба дотор онцгой алба. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засаг санхүүгийн нөхцөлтэй уялдуулж авсан арга хэмжээ гэж боддог. Би сайдаар томилогдоогүй байна. Миний хувийн бодол цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй. Бидэнд ийм шаардлага бий. Санаачлаад ярихад болохгүй юм байхгүй.
Батлан хамгаалахын үйл ажиллагааны 60-70 хувь гадаад орнууд, НҮБ-тай хамтарч явуулж байгаа үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Үр дүн өгч байгаа учраас зөв зохистой хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энхийн цагт хүн үрэгдэж болохгүй шүү. Зэвсэгт хүчний жанжин штаб хоёр толгой шиг могой шиг хэцүү байгаа. Нэг нь Ерөнхийлөгчид, нөгөө нь Батлан хамгаалахын сайдад харьяалагддаг. Шинэ Ерөнхийлөгчтэй тулж ажиллаарай. Ямар нам нь хамаагүй, ямар хүн нь хамаагүй. Хоёр жилийн цэрэг гэдэг зөв шүү.