Categories
мэдээ цаг-үе

ЭХЭМҮТ-ийн эмч нар таван настай охиныг хүчирхийлэлд өртөөгүй байж магадгүй гэв

-ОХИНЫ ЭЭЖИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, ХОЙД ЭЦГИЙГ НЬ ЦАГДАН ХОРЬЖЭЭ-

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг цагдаа нар цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулжээ. Хэргийн талаар албаны эх сурвалж “Ээжийг нь самарт явсан хойгуур таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэргийг шалгаж байна. Гэмт хэрэгт 28 настай В гэгчийг сэжиглэн шалгаж байна. Охиныг хазганаж, догонцон эвгүй яваад байхаар нь нагац нь асууснаар хэргийг мэдэж цагдаад хандсан. Гэвч тэдэнд шүүх эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй тул үзүүлж чадахгүй явж байхад нь нэгэн залуу тусалж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд бичсэнээр нийтэд ил болсон. Охины биеийн байдал тааруу байгаа” гэсэн юм.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх “Таван настай охин хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл “Хүүхдийн тусламжийн 108” утаст ирсэн. Энэ дагуу “Хүүхдийн тусламжийн 108” төвийн хамтарсан баг гарч ажилласан. Уг төвийн дэргэд хоёр сарын өмнө хамгаалах байр ашиглалтад орсон. Одоогийн байдлаар охиныг хамгаалах байранд хамгаалалтад авсан. Мөн түүний бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг нь тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг авсан.Хохирогчийн ээжтэй холбоо барьж чадаагүй байгаа. Ээж нь өнгөрсөн долдугаар сард самарт яваад одоог хүртэл гэртээ ирээгүй, ар гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй байна. Ээжийг нь эрэн сурвалжилж эхэлсэн. Хэрэв ээж нь ирэхгүй бол хүүхдийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилно. Түүний дараа улсын асрамжид авах эсэхийг шийднэ. Хүүхдийн тусламжийн 108 төвд ирж байгаа бүх хүүхдэд эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төвөөс яаралтай тусламжийн баг гарган шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлийн шинжилгээ авах зэрэг ажлыг хийгээд явж байна. “Цөлийн сарнай” гээд охидын асрах төв бий. Уг төвд одоогийн байдлаар 13 орчим бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд амьдарч байна” гэв.

“ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА”

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд хохирогч охиныг аваачсан ч “Арван мянган төгрөгийн хураамжаа төлж байж шинжилгээнд оруул” хэмээн хүлээн аваагүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Ц.Гантулга “Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Энэ дагуу манай байгууллагын дотоод аудитыг шалгалтад оруулж, бүх асуудлыг нарийн шалгаж тогтоохоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шинжилгээний хариу гараагүй. Нарийн лабораторийн шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт багтаж гарна. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Гэхдээ төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Үзлэгийн хураамжгүй болох талаар бид саналаа боловсруулаад яам руугаа хүргүүлсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байна” гэв.

“ТАВАН НАСТАЙ ОХИНЫГ ОДООХОНДОО ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ БАЙНА” ГЭВ

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Ц.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа.


-Өнгөрсөн амралтын өдөр гарсан хэргийн хохирогч нь таван настай. Хүүхдийн амь нас хүнд, зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой байтал 10000 төгрөг нэхээд шинжилгээ хийхгүй байна гэх асуудал яригдаад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Таван настай охины хүчирхийлэлд өртсөн хэргийн тухайд хэлэхэд одоохондоо төлбөрөөс чөлөөлөөгүй байна. Хэргийг бүртгэж авсан мөрдөн байцаагч нь өөрөө ирээд учир байдлаа хэлээд явсан бол төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголцол гарсан байна лээ. Түүнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй.

-16 нас хүрээгүй хүүхэд эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг биз дээ?

-Тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг.

-Эхлээд хүүхдийн асуудлыг шийдчихээд төлбөр мөнгөний асуудлаа ярьж болдоггүй юм уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан. Улаанбаатар хотод нас барсан хүний дуудлагад манай эмч нар бас очдог.

-Үнэ төлбөрөөс чөлөөлөх саналаа хэзээ хүргүүлсэн бэ. Хариу хэзээ гарах вэ?

-Өнөөдөр өгсөн. Энэ сард шийдэгдчих байх гэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тус хуулийн тайлбарт хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно хэмээн заасан байдаг аж.

ОХИН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨӨГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭВ

Мөн таван настай охинд ЭХЭМҮТ-ийн эмч нар анхан шатны үзлэг хийсэн байна. Үзлэгийн талаар тус эмнэлгийн нэгэн эмч “Таван настай охины бэлэг эрхтэн хувийн ариун цэвэр сахиж, угаагаагүйгээс болж улайж, үрэвссэн байж магадгүй шинж тэмдэг илэрсэн. Яг нарийн шинжилгээг нь бид хийгээгүй. Ямар ч байсан охины онгон хальс урагдаагүй байж магадгүй гэж үзэж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

ГЭМТХЭРГИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮҮХЭД МӨНГӨ ОЛОХХЭРЭГСЭЛ БОЛДОГ УУ

Хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 270 гаруй байгууллага байдаг гэнэ. Төрийн болон төрийн бус байгууллага бага насны хүүхдүүд хүчирхийлэдд өртөх, амь насаа алдах ноцтой хэргүүд ар араасаа цувран гараад байхад ямар нэгэн урьдчилан сэргийлэх ажил огт хийхгүй байсаар өдийг хүрч байна. Ямар нэгэн гэмт хэрэг гарахад хүүхдийн төлөөх байгууллага гэнэт ухаан орсон юм шиг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх ажлуудаа яриад эхэлдэг. Үүнийхээ шанд олон улсын байгууллага болоод Засгийн газраас ямар нэгэн төсөл аваад л ор сураггүй алга болдог нь нууц биш. Хүүхдийн эрхийг хамгаалах нэртэй байгууллагууд хүүхдүүдийг мөнгө олох хэрэгслээ болгосоор ирсэн нь шил дараалан гарч буй хүүхдийн бүх төрлийн хүчирхийллээр гэрчлэгдэнэ. Тэдэнд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг гарах бүрт ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар бодож, сэтгэж явахаас нэг хүүхэд ч гэсэн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийе гэж санаачлахгүй байсаар 20 гаруй жилийн нүүр үзэж байна.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *