Баруун гар талаас. Арын эгнээнд эхнийх нь Ш.Сайхансамбуу
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай улс төр ярьсангүй. Дээр үеийн Улаанбаатар хот, тэр үеийн залуусын тухай энгийн сайхан дурсамж яриа өрнүүллээ.
-1960, 1970-аад оны Улаанбаатар ямар байв аа. Та хэдэн настай байсан бэ?
-1966 онд тэр үеийн Октябрийн районы найман жилийн 22 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Манай аав насыг минь дараад долоотойд сурагч болгож байв. Миний мэдэх Улаанбаатар гэвэл, тэр үед Их дэлгүүр дөнгөж ашиглалтад орж байлаа. 1952 онд төмөр зам ашиглалтад орж, Орос, Хятад, Монгол гурвыг холбосон төмөр замтай болжээ. Ер нь хотын гол ноён нурууг хятадууд босгож, ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж өгсөн гэдэг юм даа. Хятад улстай найрамдлын гэрээтэй ч байсан байх. 60-аад оны Улаанбаатар хотын хамгийн том үйлчилгээний төв нь бидний мэдэх урт цагаан байлаа. Хотод ганцхан түргэн зурагчин байсан нь урт цагаанд байрладаг байв. Бүгд тэнд очиж зургаа авахуулна. Өөр хаана ч зурагчин байхгүй.
Урт цагааны баруун талын өнцгөөс эхлээд хятад гуанз, үйлчилгээний газрууд их. Одоогийн “Бөмбөгөр”-ийн хажуугийн Бакуларин бүчигийн хийдийн суурин дээр байсан юм. Хотын зах буюу одоогийн Нарантуулын “өвөг дээдэс” нь Барс худалдааны төвийн зүүн хойд өнцөгт одоогийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын суурин дээр байлаа. Бүтэн сайн өдөр тэндээ цуглаж арилжаа наймаа хийнэ. Голдуу хятад наймаачидтай байж.
-Юу зардаг байв?
-Зарахгүй юм байхгүй ээ. Захыг дараа нь нүүлгэж одоогийн Бөмбөгөрийн суурин дээр тав, зургаан жил болсон. Захаа хотын төвөөс нүүлгэнэ Дэнжийн мянгын хүн тавьдаг энгэр рүү шилжүүлсэн юмдаг. Тэр үед тэр хавьд нэг ч айлгүй байлаа. Харин наана нь 1000 айлын орон сууц буюу одоогийнхоор цагаан байрнууд байсан санагдана. 1966 онд Орос, Хятад хоёр улсын харилцаа муудаж, төрийн нөхцөл байдлаа дагаад хятадууд манайхаас явсан. Хийж байсан дэд бүтцийн ажлаа зогсоогоод орхисон. Баянгол зочид буудлын хоёр өндөр, түүнийг тойрсон орон сууцнуудыг дуусгаагүй. Дараа нь оросууд гүйцээсэн. Хотын төв зам, Төв шууданг хятадууд барьж өгсөн гэдэг. Дайны дараа олзлогдсон япончуудыг барилгын туслах ажилтнаар нэлээд ажиллуулсан байдаг. 1966 ноос хойш тухайн үеийн ЗХУ манайд хүч түрэн орж, дэд бүтцийг хөгжүүлсэн байх. Хамгийн анх Сансар хорооллыг барьсан. Цаашлаад нэгдүгээр хороолол, гурав, дөрөвдүгээр хороолол, дөрөвдүгээр цахилгаан станц, газар доогуурх дулааны шугамуудыг барьж, босгосон. Манайхан өөрсдөө 70-аад оны дунд, 80-аад оны эхээр угсармал орон сууц барьж сурсан. Үүний тод жишээ нь Улаанхуарангийн угсармал орон сууцнууд, Ялалт кино театрын хойд тал буюу одоогийн Баянбүрд, түүнийг тойрсон орон сууцнууд байна. Мөн ардчилсан Герман тэргүүтэй, Польш, Чех, Унгар, Югослав, Румын, Болгар зэрэг орнууд их бүтээн байгуулалт өрнүүлсэн байдаг. Польшууд гэхэд Хөтөлийн цементийн үйлдвэрийг барьж. Дарханы мах комбинатыг унгарууд барьжээ. Циркийг румынууд, СЕХ байрладаг өндрийг чехүүд, югославууд Сү.Батболдын Чингэс зочид буудлыг барьсан байх жишээний. Германчууд хивсний үйлдвэр, чехүүд гутлын үйлдвэр босгож өгчээ.
-Хотын төв гэж аль хэсгийг хэлдэг байв?
-Сүхбаатарын талбай, Их дэлгүүр хавийг л хэлнэ. Тэр үед Ард, Элдэв-Очир, Хүүхдийн болон баримтат кино театр гэсэн хэдхэн театртай. Бараг гурван ресторантай. Туул, Улаанбаатар, Баянгол ресторан гэж байлаа. Район болгон нийтийн бүжиг болдог соёлын ордонтой. Мах комбинатын, төмөр замын, барилгачдын, ажилчны соёлын ордон байлаа. Бямба, ням гаригт нийтийн бүжигтэй. Драмын театрын арын заал, Элдэв-Очир кино театрын доод зааланд бүжиг болно. Нийтийн биеийн тамирын спортоор их хичээллэнэ. Волейбол, сагс их тоглоно. Урлагаас гэвэл бидний сайн мэддэг нь Битлз байв даа. 1970-аад оны эхээр банзан гитар Монголд орж ирсэн. Зөвхөн их дэлгүүрт худалдана. Улаан, шар өнгийн гитарыг 35 төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Бүх хүүхэд гудамжиндаа, орцондоо тоглодог байв. Тэр үеийн хүүхэд залуучуудад баар ресторан хэснэ гэсэн ойлголт байсан биш.
Ш.Сайхансамбуугийн залуу цагийн хөрөг
-Баар байсан уу, ер нь…
-Байхгүй. Баянгол, Улаанбаатар рестораны доод давхарт маш өндөр хяналттайгаар оруулдаг хоёр баар байсан.Гадныхан орно уу гэхээс монгол хүн ойр явбал цагдаад баригдахдаа тулдаг. Хүүхдүүдэд тэнэх газар олдохгүй. Орой автобус зогслоо бол хот нам гүм. Машин ч цөөхөн.
-Ямар машин явдаг байв?
-Москвич. Оросын Победа гэдэг бөмбөгөр машин таксинд явдаг байлаа. Мөн эмнэлгийн үйлчилгээнд явна. Дараа нь Волга 21, Москвич 408, 350 гэсэн шинэ загваруудын машин орж ирсэн. 80-аад он гараад Лада явдаг болсон. ЗИС-5, газ-51 гэдэг ачааны машинууд явдаг байлаа. Цэргийн ангиудад Урал гэдэг машин явдаг байв. Москвичийг зөвхөн Их дэлгүүрт 25 мянган төгрөгөөр худалддаг байлаа. “Энэ хүүхнүүд үү” гэдэг кинонд гардаг такси байна аа даа. Тэр чинь 21 гэдэг машин. Дараа нь 24 болж загвар нь шинэчлэгдэж орж ирсэн.
-Бензин ямар үнэтэй байв?
-Нэг литр бензин 35 мөнгө байлаа. А-76, А-66 гэдэг хоёр шатахуунтай. –
-Хүмүүс такси барина биз…
-Барилгүй яахав. Гараа өргөөд л сууна. Нэг километр нь 30 билүү 50 мөнгө байсан. За тэгээд талхны ганц үйлдвэртэй.
-Одоогийн Атар талх бил үү?
-Тийм. Сүүний үйлдвэр мөн нэг байсан нь Улаанхуаранд байв. Миний хоёр ах жолоочоор нь ажилладаг байлаа. Чихэр боовны үйлдвэр нь “Өгөөж”. “Янгир” ирис, “Нислэг”, “Улаанбаатар” гэдэг чихрүүд нь алдартай. Улаан ус ууна. Архи пивоны комбинатад “Тунгалаг”, “Нийслэл”, “Боргио” гэсэн гурван пиво хийнэ. “Тэрэлж” гэдэг ундаатай. Цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн л байдаг байлаа.
-Нийтийн тээвэрт ямар автобус явах вэ?
-Сунадаг улаан гээд Чехид үйлдвэрлэсэн автобус явна. Ардаа чиргүүлтэй. Чиргүүл нь бөмбөгөр хаалттай л даа. Чиргүүлдээ ч урдаа ч кондуктортой. Хотын зах руу Оросын ляз гээд хоёр хаалгатай ногоон автобус явна.
-Автобусанд “туулайчилдаг” байв уу?
-Туулайчилна аа. Кондуктортой дээр доороо орно шүү дээ. “Цагаан цувтай бор малгайтай нөхөр билетээ аваачээ, улаан эрээн алчууртай авгай мөнгөө өгөөч ээ” гээд хүмүүсийг хувцсаар нь дуудна. Хүүхэд байхад зөндөө л мөнгөгүй явна. Учраа хэлээд гуйвал зарим мөнгө хураагч ойлгоно. Зарим нь үсдээд чирээд буулган шүү дээ. Автобус цагаараа явна гэж байхгүй. Хүмүүс автобусанд суух гэж уралдана. Хувцасны товч тэсэхгүй. Чихэлдээд буухад нэг юм уу, хоёр товч зоолттой уначихсан байдаг.
-Халаасны хулгай байв уу?
-Байлгүй яахав.
-Хотын хязгаар хаана хүрдэг байв аа?
-Баруун зах нь төмөр замын аптек хүрнэ. Цаашаа хөндий тал байлаа шүү дээ. Бид тийшээ салхинд гардаг байв. Автобус төмөр замаас цааш хээр талаар давхисаар Толгойтын Таван шар орно. Зүүн хязгаар нь офицеруудын ордон ороод дуусаа. Хойшоо 100 айл хүрнэ. Урагшаа Богд ууланд тулна. Яармаг бол эзэнгүй хоосон тал байлаа. 1966 онд үерт автсан айлуудыг буулгаад, тэнд гэр хороолол үүссэн түүхтэй. Тэр үед мах их ховор.
-Махаа хаанаас авах уу?
-Хонины нэгдүгээр зэргийн мах долоон төгрөг 50 мөнгө. Хоёрдугаар мах зургаан төгрөг 30 мөнгө, гуравдугаар мах таван төгрөг 20 мөнгө байлаа.
-Хонины таргаар нь тэгж ангилдаг…
-Тийм. Гуян дээр нь тэддүгээр зэргийн гэдгийг нь илтгэсэн тамгатай. Ромбо тоогоор тэмдэг тавьдаг байлаа.
Ш.Сайхансамбуугийн залуу цагийн хөрөг
-“Ямааны гурав” гэдэг яриа тийм учиртай гарсан юм уу?
-Тийм. Гэхдээ ямааны гуравдугаар мах гэж байгаагүй юм. Нэг, хоёрдугаар зэргийн мах байсан юм. Тэгтэл хүмүүс их туранхай хүнийг тэгж шоолдог байсан хэрэг.
-Залуучуудын дунд ямар үг моодонд орж байв…
-Яамай ш дээ гэж их ярьдаг байсан.
-Хүмүүс архи уух уу. Гудамжаар согтуу хүн явах уу?
-Явна аа, гэхдээ замбараатай. Ахмад хүний дэргэд архи ууж, тамхи татахгүй. Өөрсдийгөө атаман гээд нэрлэчихсэн хулигаан нөхдүүд их байна. Мах комбинат, Гандангийнхан, Долоон буудлынхан, Сансарынхан, 100 айлынхан гэдэг ангилалтай. Тэд Их дэлгүүрийн үүдэнд голдуу цуглана.
-Юу хийх үү?
-Хүүхдийн малгай, бээлий, хүзүүний ороолт дээрэмдэх маягтай. Захын хорооллын хүүхдүүд хотын төв рүү ганц нэгээрээ орж ирвэл дээрэмдэнэ. Тиймээс сургуулийн амралтаар бөөнөөрөө төв руу орно. Хотын төв рүү орж ирж кино үзэх бас хэцүү. Ард, Элдэв-Очир кино театрын ойролцоо амьдардаг хүүхдүүд өөрсдийгөө хотын атаман гэдэг. Тэр үед зузаан гуя руу их хутгалдаг байсан. Усны крантыг бээлийндээ хийж, хүний нүүр рүү цохидог моод байлаа. Цэргийн ременэн бүсээр их ороолгоно. Гэр хорооллын хүүхдүүд чулуугаар их байлдана. Нүдээ тэс цохиулж гэж их дуулддаг байлаа.
-Та хаанахын атаман байв?
-Би атаман байгаагүй ээ. Гандангийн хүүхэд байсан.
-Тэр үедээ захын хорооллынход багтдаг байв уу?
-Үгүй ээ. Хотын төвдөө орно. Ганцаараа явбал дээрэмдүүлчихдэг. Олуулаа явбал харилцан зодолддог байлаа.
-Тэр үеийн атаманууд хэн байв?
-40, 50 мянгатын мангар Чулуунбаатар, Ариунболд, цэрэг Батсүх, Зоригоо гэх мэтийн нэр дуулддаг байлаа.
-Гандангийн атаман хэн байв?
-Лууван Энхлувсан гэж хүн байлаа. Одоо 70 гарчихсан хөгшин бий. Түүнээс бид эмээнэ. Гэхдээ биднийг юу юугүй зодож нүддэггүй байсан. Тэр үеийнхэн өөрсдийнхөө амьдардаг газрыг дош гэж нэрлэдэг байлаа. Дошин дээрээсээ нэг их холдохгүй. Үе үе бүлэг бүлгээрээ нийлж, чулуугаар байлдана.
-Танай ахыг атаман байсан гэж сонссон…
-Манай ах гайгүй сайн эр. Атамануудтай нийлдэг л байсан.
-Атаманууд ганган биз…
-Ганган. Эхэндээ жонон хар гэдэг малгай өмсдөг байлаа. Тас хар өнгөтэй, зөөлөн туулайн арьсаар хийсэн малгай. Атаманууд дөрвөлжин хэв гаргаж өмсөнө. Маш гоё харагдана. Малгайгаа булаацалдана. Дийлсэн нь тэр малгайгаар гангарна. 406 төгрөгийн үнэтэй ганган хар пальто өмсөнө. Махерин ороолт зүүнэ. Жонон хар өмсөөд пальтоныхоо захыг босгоод, хромон гутал өмссөн хүн бол шууд атаман. Аан тийм, хар савхин бээлий өмсчихвөл бүр гараад өгөх нь тэр. Тийм хүнээс хол явах нь өлзийтэй байлаа.
-Та тэгж хувцаслаж байв уу?
-Өмсөлгүй яахав. Жонон харыг сүүлдээ оросууд үйлдвэрлэхээ болиод оронд нь сэгсгэр гэдэг малгай гарсан. Үс нь урт, хүрэн өнгөтэй малгай байв. Сээгий гэж нэрлэнэ. Удаан өмсөхөөр үс нь налчихдаг. Тэгэхээр нь сээгийгийн хожгор гэнэ. Яг ийм сээгийгийн хожгорыг 1990-ээд онд С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж өмсчихсөн байдаг байлаа.
-Атаманууд зун юу өмсдөг вэ?
-Амины цагаан гэдэг малгай өмсдөг байв. Эртээд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа амины цагаан өмсчихсөн зурагтаар гарна лээ. Хаанаас олсон юм бүү мэд. Амины цагаан руу хүмүүс амиа тавьдаг байлаа. Амины цагааны духдуулаад, жинс өмсчихвөл тэгээд л атаман. Хичнээн гоё харагдана гээч. Амьдралын бололцоотой нь тэр хувцсыг аваад өмсөнө. Эсвэл атаманууд нэг нэгээсээ булааж авч өмсөнө. Амины цагааныг үйлдвэрлэхээ больсны дараа буурал кепик гарсан. Сээгийний дундуур нээрээ ондатр малгай гарсан юм байна. Жинхэнэ атаманууд өмсөнө. Уг нь сайд нарын авч өмсдөг үнэтэй эдүүд л байхгүй юу. Би ахынхаа ондатр малгайгаар гоёдог л байлаа.
-Танай ахын хоч юу байв?
-Гандангийн Шараваа, Шаагаа л гэдэг байсан даа. Шоронд өөр нэр байсан байх, сайн мэдэхгүй байна. Баянмонгол чуулга, Соёл-Эрдэнэ хамтлагаа шүтнэ. Тэд юу өмсөнө, дуурайна. Тэр үеийн хүүхдүүд өөрсдөө хувцас оёж өмсдөг байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга юм оёдог байсан. Өөрөө зургийг нь гаргаад, эхнэртэйгээ оёод зах дээр зарна.
-Ямар дуу хит байв?
-“Хүүш Дамдин”, “Дангийн даавуун майхан”, “Охидын бүжиг”, “Авгын цагаан уул” гэх мэтийн дуу моодонд орж байлаа. Анх удаа Битлз шиг зогсоод дуулдаг хамтлаг байсан болохоор Соёл-Эрдэнийг шүтнэ. Дуурайж хамтлаг болох гэж үзнэ. Залуучууд спорт сонирхоно. Би хүртэл бөхийн секцэнд явдаг байв. Дархан аварга Түвдэндоржийн шавь байлаа.
-Охидууд нь хэр гоё байв?
-Унасан үсээ хуримтлуулсаар байгаад шувууны үүр шиг юм хийгээд ар дагзан дээрээ тавиад үсээ овоолж самнадаг байсан. Яг л “Энэ хүүхнүүд үү” кинонд гардаг шиг. Нийтийн бүжигт их орцгооно. Тараад хүүхнүүдээ булаацалдаж жижиг зодоон хийнэ.
-Танайх Гандангийн яг хаана байв?
-Гандангийн 60 айлын тэнд байлаа. Гудамжинд ганцхан манайх зурагттай. Бүх хүн манайд цуглаж зурагт үзнэ.
-Кинотеатрт ямар кино үздэг байв?
-Оросууд Германыг ялж байгаа тухай харуулсан кино л гарна. Хааяа Энэтхэг кино үзэж жаал уйлна. Нэг удаа “Зуурдын сэтгэл” гэдэг япон кино гарч, анх удаа эрэгтэй, эмэгтэй хүн үнсэлцэж байхыг харсан даа, монголчууд. Тэр үед монголчууд бүгдээрээ ижил хувцастай.
-Хойд Солонгос шиг байжээ дээ…
-За бараг л. Тэднийг харахаар тэр үе санаанд ороод байгаа юм. Бид бүгдээрээ баргар царайтай, туранхай хүмүүс байлаа. Айл болгон нэг аягатай. Чадалтай нь хоёр хавтастай толь, румын мебель тавина. Хагас сайн өдөр болгон сонин уншлага хийнэ. Хүмүүсээ соён гэгээрүүлж, лекц уншдаг байв. Баяр цөөхөн. Цагаан сар тэмдэглэхгүй. Хөдөлмөрлөж, ажил хийхэд л ихэнх цагаа зарцуулна.
-Та аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Долуулаа. Гурван эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүүхэдтэй айл байв. Манайх хотын төвтэй ойр байсан учраас арай соёлжуу байсан юм уу даа.
-Таны ажил амьдралын гараа яаж эхэлж байв?
-1973 онд долдугаар анги төгсөөд “Өгөөж”-ийн урд талд хүнсний барааны 60, аж үйлдвэрийн барааны гуравдугаар дэлгүүрт ачигч хийхээс л эхэлсэн дээ. Цалингаа аваад хятад гуанзанд орж хоол иднэ, Хятадын соёлын төвд ший янгуу үзнэ. Хятадын хүүхдүүдийн сурдаг арван жилийн сургууль одоо манай их сургуулийн дөрөвдүгээр байранд байдаг байв. Хид1-ээс хойших байрнуудад дандаа хятад айлууд амьдардаг байлаа. Би сургууль төгсөөд нисгэгч болно гэж зүтгэсэн ч чадаагүй. Ингээд гэр ахуйн модон эдлэлийн дэлгүүрт ачигч хийгээд хоёр жилийн дараа Политехникийн дээд сургуулийн сантехникийн инженерийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед жорлонгийн инженер гээд шоолуулдаг байлаа. Одоо үүнээс хэрэгтэй мэргэжил алга шив дээ. Төгсөөд Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар хуваарилагдсан. Орон сууц ашиглалтын тавдугаар конторт сантехникийн слесарь, дэвшээд инженер ч хийж явлаа. Улаанбаатар хотын ардын депутатуудын захиргаанд гачигдалтай иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр гурван жил ажиллаад зах зээлд шилжих үеэр бизнес руу орсон доо.
-Тэр үед мэдээлэлд ойр байсан хүмүүс хувьчлалын үеэр эд хөрөнгөтэй болж үлдсэн гэдэг. Та ч бас Нарантуулыг тийм замаар авсан байх гэдэг хардлага төрчихлөө…
-Үгүй ээ. Тэр үед манай бизнесийнхэн Жасрай сайдыг дагаад бүгдээрээ Сингапур руу алга болоогүй юу. Надад ч бас урилга ирсэн. Гэхдээ би өмнө нь Х.Баттулгыг дагаад Сингапур яваад үзчихсэн байсан болохоор үлдсэн юм. Тэр үед Дэнжийн мянгын захыг хувьчилна гэсэн зар сонинд гарсан. Тэгээд л төсөл шалгаруулалтад нь ороод авчихсан шүү дээ.