Categories
мэдээ цаг-үе

Гавьяат агрономич Б.Дорж: Ямар ч гантай зун тодорхой хэмжээний ургац авах нөөц заавал байдаг

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, академич, гавьяат агрономич Б.Доржтой ярилцлаа.


-Ургац хураалтын ажил ид өрнөж байна. Манай улс энэ жил багагүй ургац алдаж, ОХУ-аас 160 мянган тонн үр тариа худалдаж авахаар болчихлоо. Үүнийг та урьдчилан таамаглаж байв уу?

-Хаврын тариалалт хийх агро зөвлөмжийг би жил бүр гаргаж, тариаланчдад хүргэдэг. Үүнийг бичихдээ ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж гаргадаг юм. Тариалалт хийхдээ тунадасны хэмжээ, хөрсөн дэх чийг хоёрыг маш нарийн тооцох хэрэгтэй байдаг. Тодруулбал, хөрсөнд байгаа чийгээр нь тариаг ургуулж байгаад ганд нэрвэгдэхээс өмнө зуны бороотой залгуулах арга бий. Энэ аргатай би 1974 оноос хойш ноцолдсон. Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ зун үнэндээ их халалттай байх юм байна гэдгийг мэдсэн. Зургаа, долдугаар сард маш их халах бөгөөд тунадас хэвийн хэмжээнд байх юм байна гэдэгт үндэслээд үрийн норм, үр суулгалтын гүн, хаагуур яаж тариалах талаар зөвлөгөө гаргасан юм. Миний ойлгож байгаагаар ийм их халалттай жил 1964 онд нэг тохиосон. Тэр үед нэг гагаас авах ургацын хэмжээ 3.5 центрт хүртлээ буурсан. Түүний дараа 2002 оны их халалтаар нэг гагаас авах ургацын хэмжээ 5.7 центнр болж байлаа. Тэгэхээр энэ жилийн халалт бол 53 жилд гурав дахь удаа тохиож буй их халалт юм. Бид энэ жил алдсан зүйлээ засаад ажиллаж чадвал нэг гагаас 10 центнр ургац авах боломжтой талаар зөвлөмждөө бичсэн байгаа.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд нэг гагаас дунджаар 9.4 центнр ургац авч байна гэж мэдээлсэн. Тэгэхээр таны зөвлөмжийг барьж ажилласан хүмүүс хангалттай хэмжээнд ургац авч чадсан байх нь?

-Тун дөхсөн байна. 260 мянган гагаас ургац бүрдүүлж чадсан тариаланчид өнөө жилийн цаг агаарын нөхцөл байдлыг бүрэн ашиглаж чаджээ. Гэхдээ ерээд мянган га газраас ургац огт аваагүй гэж байгаа. Энэ газруудад тунадас зурвасаар ороод байсан юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаас тэд тариалах технологи дээр, тухайлбал үр суулгалтын гүн дээр алдсан юм шиг байна лээ.

-Тэгэхээр ер нь ямар ч гантай зун байлаа гэсэн тариалах технологио барьж ажиллах юм бол ургац авах боломжтой гэж ойлгож болох уу?

-Тийм. Ямар ч муу, гантай зун байлаа гэхэд тодорхой хэмжээний ургац авах нөөц заавал байдаг. Бид түүнийг зөв ашиглаад ургацаа авдаг болох хэрэгтэй. Тийм болохоор тариа тарих хугацаа гэдэг бол манай орны хувьд маш чухал үзүүлэлт болдог. Цаашдаа өөрийн нутаг орны нөхцөлд тохирсон сортуудыг гаргах, тарилангийн технологийг боловсруулах шаардлагатай байна. Ганд тэсвэртэй үр тарианы сортыг Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнд хийж байгаа.

Өнгөрсөн хавар гэхэд бидэнд тариа тарих хоёр хугацаа байсан. Талбайн 20-30 хувьд эрт тариалаад үлдсэн хэсгийг нилээн хойно тариалах байжээ гэж харж байна. Гэхдээ үүнийг үйлдвэрлэлд зөвлөхөд их хэцүү. Яваандаа техникийн хангамж сайжраад ирвэл нэвтрүүлж болох байх гэж боддог.

-Одоо байгаа ургацаа алдахгүйн тулд хэрхэн ажиллах талаар та зөвлөөч?

-Улсын хэмжээнд 259 мянган тонн буудайн ургац авна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ ургац энэ хэмжээнд арай хүрэхгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэ жилийн ургац их намхан байсан. 40 сантиметрээс намхан ургасан тариа комбайны жоотуунд орохдоо муу, түрүү нь таслагдах, түрүүн дээгүүр нь өнгөрчихөөд байдаг талтай. Ялангуяа хавар тариалахдаа талбайгаа тэгшилж чадаагүй бол комбайны жоотуу доогуур шороо хутгаад байдаг. Үүнээс гадна нэг ширхэг буудайн натур жин гэж байдаг. Буудайн хэмжээ хэлбэр ерөнхийдөө шувтан, шөвгөр, гонзгойдуу харагдаж байсан. Гонзгойдуу харагдаж байгаа нь механик болц гэгч юманд орсныг харуулж байгаа юм. Яг өөрийнхөө биологийн болцоор явсан бол дугуй хэлбэртэй, нэлээн бэлцгэр харагддаг. Тэгэхээр жингийн хувьд арай бага байх болов уу. Гэхдээ чанарын хувьд муу байна гэж ойлгож болохгүй.

-Тэгвэл ганд нэрвэгдсэн болон орой соёолсон буудайг яах вэ?

-Орой соёолсон буудай болон хог ургамлын ургалтыг нэмэгдүүлж хүлээгээд ногоон тэжээл болгож хадаж болно. Эсвэл ирэх жилийн тариалалтаа бодож одоо хагалах юм уу, хүнд сэндчилүүрээр боловсруулж уринш бэлтгэж болох юм.

-Манай улсын газар тариалангийн түүхэнд цасны усыг ашиглаж байсан туршлага байдаг. Харин өнөө цагт хөв цөөрмийг яаж барих вэ?

-Тариалангийн төв бүс болох Алтай, Хангай, Хэнтийн нутагт цасны ус их хуримтлагддаг. Хараа, Ерөө, Орхон голоос эхтэй Сэлэнгийн хөндийг дагасан асар их шуудуунууд байгаа. Хаврын цас, борооны усыг тэр шуудуугаар дамжуулаад авч ашигладаг байсан туршлага бидэнд бий. Аадар бороо хөрсөнд шингэхгүй урсаад өнгөрдөг. Энэ усыг их зөв зүйтэй ашиглах хэрэгтэй. Одоо бол булгийн усыг л ашиглаж байгаа болохоос цасны усыг ашиглахгүй байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод өвөлд орох цасны хэмжээ нэмэгдэх болсон. Тэгэхээр эдгээр шуудуунуудыг ашиглаад хөв цөөрөм барьж болно. Үүнд төр засгийн бодлого үгүйлэгдэж байна. Хүмүүс ч бэлэн биш байна. Ирээдүйд энэ бол зайлшгүй хийгдэж таарна. Хамгийн гол нь экологи, орчин тойрондоо нөлөөгүй тийм аргаар усыг нь авна гэдэг чухал асуудал юм. Манай сургуульд яг энэ асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнууд сурч, хөдөлмөрлөж байна даа.

-Манай улсын газар тариалангийн салбарт ямар асуудал тулгамдаж байна. Хэтийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Манай улс дотооддоо гурил будаа, төмсөөр бүрэн хангадаг боллоо. Хүнсний ногоог хангадаг болоход тун ойрхон байна. Одоо манайд дутагдаж байгаа зүйл бол жимс, тэжээл хоёр юм. Энэ хоёрыг тариалаад, дотоодын хэрэгцээгээ хангаад эхэлбэл газар тариалангийн салбар мал аж ахуйн салбартай эн зэрэгцэж ирнэ гэж боддог. Манай улс 1990 он хүртэл сая 200 мянган га талбай хагалсан. Цаашид үүнийг өргөтгөх талбай тун ховор. Тэгэхээр одоо зөвхөн манайд төдийгүй дэлхий нийтэд нэг гагаас авах ургацыг нэмэгдүүлэх асуудал хамгийн их тулгамдаж байна.

-Үүний тулд яах ёстой вэ?

-Дэлхийн улс орнууд хортон шавьжтай тэмцэх, ургамлыг хамгаалах, бордохын тулд газар тариаланг химижүүлж байсан. Гэтэл химийн бодис хөрсөнд, усанд, агаарт хуримтлагдаж, мал, ургамалд, эргээд хүнсний аюулгүй байдалд заналхийлэх болсон. Газар тариалан өндөр хөгжсөн орнууд үүнийг дайраад өнгөрсөн. Харин бид аль болох бага хохирол амсахын тулд газар тариаланг экологижуулах хэрэгтэй байна.

-Япон, Солонгос зэрэг орнуудад хөрсгүй технологи нэвтэрч эхэлсэн шүү дээ. Энэ технологи бидэнд хэр ойр байна вэ?

– Тарих газаргүй болчихсон, хэдэн сая хүн амтай улс орнууд хөрсгүй орчинд тариалалт хийх болсон. Үндсийг нь шим тэжээлийн бодисоор шүршээд агаарт тарина гэсэн үг. Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд тэр судалгааг хийж байгаа. Манайх бол одоогоор цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай одоохондоо үүнд яарах шаардлагагүй болов уу. Говь-Алтай аймгийн Бигэр суманд арвай тарьдаг тариаланч олон бий. Тэнд нэг хүн га газраас 90 центнр арвай хурааж авсан гэж байгаа. Энэ бол дэлхийд ургацаараа тэргүүлж яваа Голландтай адил ургацыг говиос авч чадсан гэсэн үг. Говь нутаг маань эрт үед далайн ёроол байсан гэдэг. Органик бодис задарч эрдэс болж байж ургамалд очдог. Тэгэхээр угаасаа далайн ёроол байсан болохоор говь хээрийн бүс нутгийн хөрс эрдэс хэлбэрээрээ байж байна. Тийм учраас эндээс тийм их ургац авч чадаж байгаа юм. Монголчууд усны нөөцөө зөв ашиглаж чадвал газар тариаланд хамгийн тохиромжтой бүс ирээдүйд өнөөдөр бидний ургац авч чадахгүй байгаа говийн бүс байж болохыг үгүйсгэх аргагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *