Түрүүч нь №207(5774), №211(5778), №215(5782) дугаарт
“Алтай” чуулгын тайзнаа төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит зохиолч уншигчдын уулзалт эхэллээ. Их зохиолчийнхоо бүтээлийг эхийн сүү шигээ хөхөж өссөн алтайчууд хөдөөдөө хамгийн томд тооцогддог чуулгын танхимыг дүүргэжээ. Суудал олдоогүй нэгэн нь хоёр давхрын чөлөөнд босоогоор зогсч, ёстой нөгөө “зүү орох зайгүй” гэдэг шиг багтаж ядан байна. Уран үгсийн чуулганыг Монголын өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, гавьяат жүжигчин Гомбын Равдан, “Болор цом”-ын хөтлөгчийн дархан эрхийг Бямбаа гавьяатаас өвлөн авсан нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа нар удирдан явуулсан юм. “Түмэн олноос уран уншигч алдрыг хүртээж, үг танихын гайхамшгийг надад мэдрүүлсэн зохиолч бол яах аргагүй Лодойдамба гуай” гэж Равдан гавьяат сэтгэл догдлон хэлж байна. Тэрээр 1979 онд Монголын зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойгоор зарлагдсан уран уншигчдын улсын уралдаанд нэрт зохиолчийн “Шаргачин” өгүүллэгийг уншиж мөнгөн медаль хүртжээ. Мөн наян таван онд Монголын радиогоор “Алтайд” романыг бүрэн эхээр нь уншиж түмний сонорт хүргэсэн бол 100 жилийнх нь ойгоор “Тунгалаг Тамир”-ын хоёр ботийг бүтнээр нь уншжээ. Эл үдэш ч “Шаргачин”, “Солонго” тэргүүт өгүүллэгүүдийг нь амилуулж, Алтайн зон олонд сэтгэлийн цэнгэл амсуулсан юм.
Уран үгсийн чуулганд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн эрдэмтэн зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нарын эрхмүүд өнөө “Засагт ханы хөх харчууд”-ын дунд сууж шүлэг найргаа уншсаан. “Засагт ханы хөх харчууд” гэдэг нь мэдээж төрийн шагналт Далхаагийн Норов, соёлын гавьяат Санжийн Пүрэв тэргүүтэй аваргууд. Тэдний араас “Би жинхэнэ монгол билэг танхай хөдөөний хүн”, “Цэцгээр хорвоо бялуурахын цагтаа санаагүй байж мэднээ ээж ээ, цээжнээ зовлон хурахын цагт таныгаа л үгүйлдэг шүү ээж ээ, уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа, уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжээ”, “Уулзах л юмсан чамтайгаа, би” зэрэг олон дууны эзэн Халиун сум, Хар азаргын нурууны авьяас билэгт найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбийн Дашдондов, “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай, насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад бас хайртай, өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай, өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай”, “Цаст хайрхан, хөвч хангай, элсэн манхан, цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй, уулс ус ургамал амьтан, буурал дээдэс минь, уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь” хэмээх олон аварга дууны эзэн соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажав, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найргийн тайзнаа шуугиан тарьдаг Мишигийн Цэндэндоржийн шагналт Мөнхөөгийн Билэгсайхан, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Намрын өнгө орлоо ээж ээ” тэргүүт хит дуунуудын эзэн Намбарын Пүрэв гээд аргагүй л Алтайн сор болсон найрагчид тайзыг эзэгнэсэн байлаа. Яруу сайхны төгс илэрхийлэл гэж хэлж болохоор тийм тансаг үдэш. Өндөр Алтайнх нь найрагчид Монголын яруу найргийн цээжний морьдын дунд явааг их Лодойдамба, Мишигийн Цэдэндорж нь мэдэрч байгаа даа гэх бодол эрхгүй төрөв. Үзэгчдийн алга ташилт үнэндээ саарсангүй. Хаврын хаварт хангайн тэлмэгэр нуруу Бөхөн шар, Идэрийн голын хөвөөнөө ийм л нэг үлэмж тансаг үдэш болдог сон. Чилаажав найрагч Лодойдамба гуайд зориулсан “Цахиур Төмөрийн дуулал”-аа уншсаны дараа “Ингэн тэмээ буйлаад л байдаг нутаг даа, Ээж минь хүүдээ бүүвэй аялж суусан даа, тэнгэр ч гэж тэнгэр дээ, Алтайн хөх тэнгэр ээ, тэнд л намайг төрүүлсэн ижий аав хоёр минь дээ. Агт морин үүрсээд байдаг нутаг даа, Аав минь хүүдээ үнэг хайчилж суусан даа, уулс ч гэж уулс даа, Алтайн цэнхэр уулс аа, усаар нь намайгаа ариулсан ижий, аав хоёр минь дээ” гэж уншихад нь нүдний нулимс гарах шиг болсон.
Уулзалтын дундуур Лодой гуайнхаа 100 жилийн ойд автобус дүүрэн зохиолчдын дунд гонзойгоод хүрээд очсон соёлын гавьяат зүтгэлтэн, генерал Лувсангийн Пүрэвдоржтой уулзлаа. “Лодойдамба гуайг зохиолчийнх нь хувьд их зохиолч гэж хүндэтгэдэг. Ер нь тэгээд Лодойдамба, Түдэв, Эрдэнэ, Явуухулан, Пүрэвдорж гээд цөөхөн хүнийг их зохиолч гэнэ. “Тунгалаг Тамир” дэлхийд судлагдсан бүтээл. Гэтэл “Солонго” гээд богинохоон өгүүллэгийг нь уншихаар “монгол хүний монгол өгүүллэг гэж тийм л юм байдаг байх” гэж бодогддог. Үнэхээр нүдний нулимс гаргадаг зохиол юм. Энгийн хэрнээ нарийн зүйлийг ажиглаж бичнэ гэдэг аргагүй л авьяас билэгтэй хүний ажил мөн. Лодойдамба гуай Монголын соёлыг манлайлдаг хүн байжээ. Энэ талаар би киноныхон, сонгодог урлагийнхан, жүжигчид, дуучид, балетынхан гээд олон хүнтэй ярилцсан. Бүгд л “Лодой багш” гэдэг. Ухаандаа Лодойдамба гуай бүжгийн хүн биш шүү дээ” гэв. Пүрэвдорж генерал батлан хамгаалахын офицер байхдаа Лодойдамба гуайн НАХЯ-ныхантай уулзсан уулзалтад байсан гэдэг. Тухайн яамны нэг хүн “Хугараагүй ноён нуруу” зохиолынх нь тухай асуугаад, энгийн ардыг манай яамныхан хэлмэгдүүлж байсан гэж та бичжээ. Таныг зохиолыг уншаад би айлаа хэмээн жаахан гомдсон, дургүйцсэн байдалтай хэлж л дээ. Лодой гуай “Би тэгж л айлгах гэж бичсэн юм” гэж шуудхан хариулсан байна. Ардчиллын үнэр ч байхгүй далаад онд Лодойдамбаас өөр зохиолч “нахынхны” өмнө тийм зоригтой үг хэлж чадахгүй гэж генерал өчсөн. Мөн тэрээр “Олон зарц ажилчидтай баян нөхрийг эерэг сайн дүр болгож Монголын утга зохиолд анх үзүүлсэн хүн” гэж Итгэлтийн дүрийг жишээ болгон хэлсэн. Нээрээ л хөрөнгө мөнгөтэй хүн өөдгүй новш, тайж ноёд өөдгүй амьтад гэсэн сэтгэлгээ манай утга зохиолд илэрхий байдаг нь үнэн. Пүрэвдорж генералын “Монголын соёлыг манлайлагч” гэж хэлснийг өмнөх тэмдэглэлдээ зууны манлай Хорлоогийн Уртнасан, балетмейстр Жамъяндагва нарын олон хүний яриагаар тодотгосон. Үргэлжлэл болгож өгүүлэхүйд, өдгөө Монголын кино урлагийн тулах багана нь болсон ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн “Миний хайрлан хүндэтгэж явдаг хүн гарцаагүй Лодой багш маань юм. Тэр хүний буянаар би Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгссөн” гэж залбирдаг.
Жаран онд Жийгээ найруулагч Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь авчээ. Ээж нь “Ганц хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй. Рагчаа дээр дагуулж очин эмч болгоно” гэж зүтгэсэн байна. Ижийнхээ үгнээс гардаггүй хүү нь эмч болохоор явж байтал Лодойдамба гуай таарсан гэнэ. Түүнд хандан нэг жил кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллахыг үүрэгджээ. Ингээд тэрээр Монгол киноны тэргүүн жанжин Дэжидийн Жигжид гуайтай хамтран “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажилласан түүхтэй. Дараа жил нь Лодой зохиолч хэлсэн ёсоор киноны операторын ангийн хуваарь ирэхэд дээд боловсролын хороогоор өөрөө хөөцөлдөж байж найруулагчийн ангиар солиулаад Жигжидсүрэнг явуулсан гэдэг. Дипломынх нь ажил “Анхны алхам” киног цээжээрээ хамгаалж, ямар ч хасалт оруулалгүй гаргах эрхийг өгсөн хүн мөн л Лодойдамба гуай. “Харамсалтай нь багш маань “Анхны алхам” киног маань дэлгэцэнд гарахыг нь үзэж чадаагүй” гэв. Лодой гуайгаа ийнхүү Жигжидсүрэнг кино найруулагчийн сургуульд явуулаагүй бол Монголын кино урлаг “Хатанбаатар”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Нарны унага”-аар дутах байсан. Багшдаа зориулж “Солонго”, “Шаргачин” хоёр өгүүлэгийг нь нэгтгээд кино хийхийг олон жилийн өмнөөс бодсон. Энэ миний сүүлчийн бүтээл байх болно гэж эрхэм найруулагч хэлсэн. Бас л айхтар сонсогдож байна лээ. Түрүү жилийн намар, есдүгээр сарын сүүлээр миний бие Хатанбаатарын дүрээр ард түмний хайр талархлыг хүлээсэн, Булган хангайн хүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Лхагвын Эрдэнэбулганыд очиж, Навчаа эгч тэр хоёртой үдэшжин хуучилсан сан. Эрдэнэбулган ах “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх энэ агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн бүр чин зүрхнээсээ хэлж билээ.
Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын VIII их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүнийг агуу их Дагвын Лувсаншарав багш нь багтааж, Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. “Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хэмжээлшгүй баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж аньсага чийгтүүлэн хэлж байв.
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан ахуй цагтаа Бажуудайн Ганбат судлаачийн Лодойдамба гуайн инээмсэглэсэн хөрөг зурагтай зузаан гэгч цэнхэр номыг илтэл нь уншиж билээ. Уг бүтээлээрээ Ганбат зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг Тугалхүүгийн Баасансүрэн, Бямбажавын Хүрэлбаатар гээд Сутай хайрханыхаа “нэг уяаны морьд”-той хамт хүртэж байхыг зурагтаар харан баясаж байсан сан. Мөн 2001 оны намар, дөнгөж нэгдүгээр курсын жулдрай оюутан байхдаа ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн гуайг сүүлчийн замд үдэхэд нь драмын театр дээр очиж, алтан шарилынх нь өмнө мэхийж байсан. Дунд сургуулийн сурагч байхад “Чиний хайр шиг тунгалаг, чиний сэтгэл шиг цагаан зүйл энэ хорвоод үгүй билээ. Догоо минь чи яасан сайхан хүн, ямар сайхан хүүхэн бэ. Чамайг мөн ч их санаж байна. Гудманд бүхий л биеэрээ наалдан хөтлөлцөөд, дөрвөн хүүхдээ дагуулаад явмаар байна. Зөвхөн явмаар биш яваад л баймаар байна” гэх Лодойдамба гуайн ханьдаа бичсэн халуун зүрхнийх нь захидлыг сониноос олж үзсэн. Үнэгэн лоовуузан малгай өмссөн Долгорсүрэн гуайн яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэж буй гэрэл гэгээ цацарсан зураг нь тэрхүү захидлын хамт сонинд гарсан байв. Тугалхүүгийн Баасансүрэн гавьяат Варшав хотоос анд нөхөр Бажуудайн Ганбатад бичсэн захидлыг нь “Уул шиг түшигтэй нөхөр минь” номноос нь уншиж байлаа. “Уул уулаа таньдгийн адилаар Ганбат Лодойдамба гуайг таньсан” гэж Дөнгөтийн Цоодол багш минь хэлдэг сэн. Эл бүх учрал, дурсамж дурдатгалыг санан өндөр их Алтай, Хантайширын нуруунаас буцаж явна.
“Лодойдамба гуайг хэзээ ч муу үг сонсож, муухай санаа өвөрлөж яваагүй хүн гэж боддог. Нэг үе Гаадамба гуай тэр хоёр их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолын талаар “Утга зохиол” сониноор олон дугаар дамнуулан айхтар сүрхий маргалдсан. Гаадамба гуай надад бүр сүүлд “Лодойдамбаас өөр надтай маргалдаж чадах онолын бэлтгэлтэй хүн манай зохиолчдын дотор байхгүй л дээ” гэж байв. Харин Лодойдамба гуай бол их зохиолчийн бичсэн “Монголын уул талаар соёлын үрийг таригч” мөнөөсөө мөн байсан байх шүү” гэж Лувсандамбын Дашням доктор хэлдэг. Эдүгээ сэрүүн тунгалаг байгаа зохиолчдын дунд Лодойдамба гуайтай хамгийн олон уулзсан, үг яриаг нь сонссон, зураг хөргөө татуулсан хүн бол Дашням ах юм. Том охин Насанбуянтай нь хамт хойно сурч, Лодой амин зүрхний хайрт охиноо Дашням ахад захин виски задалж, үлдээсэн мөнгөөр нь мань хоёр Москвад ганцхан байдаг “Националь” зочид буудлын бааранд орж явсан түүх ч бий.
“Лодой гуай биднийг магтах дуртай. Манай Явуу ч хийл хөгжим шиг найрагч. Гайтав маань ч бөмбөр юм” гэж ирээд магтана. Лодойдамба гуайгаар магтуулна гэдэг төрийн шагнал авахтай ижил санагддаг” гэж төрийн шагналт ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын хэлсэн үг бий. Дооров гэснээс нэг зүйл санаанд ургалаа. Лодой гуай “Тунгалаг Тамир” романыхаа анхны дэвтрийг редактортоо өгнө гээд сонингийн цаасанд боочихсон Зохиолчдын хороон дээр ирж гэнэ. Тэгэхэд роман нь “Тамир нутгийнхан”, “Тамирын урсгал”, “Тунгалаг Тамир” гэсэн гурван нэртэй байжээ. Аль нь дээр вэ гэж Дооров тэргүүтэй зохиолчдоос асуухад, “Тунгалаг Тамир” нь илүү сонслолонтой юмаа гэсэн гэдэг. Бас л сонин сайхан дурсамж. Уг романы анхны редактор нь төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай. “Лодойдамба гуай намайг тоож романаа редакторлуулсанд би их баярладаг. Бүлэг бүлгээр нь уншаад засах зүйлийнхээ тэнд анхааруулах тэмдэг тавина. Шууд засч зүрхлэхгүй шүү дээ” гэж хуучилсан бол “Манай хүн нэг зөрөхөөрөө лут зөрнө. Үгүй гэм дээ гээд л зүтгэчихнэ. Монголын зохиолчдын байгууллагын 40 жилийн ой тэмдэглэх үеэр нэг шог яриа гарсан. Түүнд зохиолчдыг тарвага болгож шоглосон юм. Лодойдамба гуайг буудуулчихсан хэрнээ нүх рүүгээ орох гээд цээж хийгээд зүтгэчихсэн, анчин нүхнээс нь сугалах гээд дийлэхгүй байгаагаар шог ярианд оруулсан байдаг. Үүнийг өөрөө сонсчихоод “Наадах чинь би мөн байна” гэж билээ” хэмээн Дэндэвийн Пүрэвдорж гуай ярьсныг ч энд шигтгэе.
“Аав минь хэрийн юмнаас айдаггүй, гүжирмэг, гаднах байдалдаа төдийлөн анхаардаггүй хүн байв. Нэг хөгтэй явдлыг санах юм. Аав гадаад явахаар МИАТ-ээс онгоцны билет авчээ. Тэр үед билет олддоггүй бас л хэцүү байсан юм билээ. Аав захисан билетээ авъя гээд кассынх нь хүн дээр очиж. Билетээ аваад гарах гэж явбал ээлжийнх нь ахлагч “Юун хүнд чи Лодойдамба гуайн билетийг өгчихөв өө. Лодойдамба гуай наадахыг нь захиалсан шүү дээ. Алив нааш нь аваад ир” гээд кассчинг, давхар аавыг мөн сандаргасан гэдэг. Сайд хүн гэхэд, дэндүү хээ шаагүй, гаднах төрх нь ч тийм харагдсан байлгүй. Тэр явдлаас хойш аавыг хувцас хунартаа анхаарч бай гэсэн яриа манай гэрт өрнөсөн” хэмээн хүү Галбадрах нь нэгэнтээ хэлж байсныг санав.
Лодой гуай 1970 оны нэгдүгээр сарын 11-нд өнгөрчээ. Эмнэлэгт байхдаа “Миний хувьд хийх юм мөн ч их байна даа хэмээн харуусч бодол санаагаа гүйцээхээс урьтаж богинохон насаа гүйцээх болж байна даа” хэмээн яагаад ч тэсэхгүй нь гэдгээ шулуухан хэлжээ. Түүнийг өнгөрснийг дуулаад “Улаан наран”, “Үүрийн туяа” романуудын эзэн Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дашдэндэв, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нарын дотны нөхөд харууслын үг бичиж байжээ. Монголын утга зохиол, соёлын хэзээ ч бүдгэрэхгүй аугаа их авьяастан тэрээр ид хийж бүтээх тавин гуравхан насандаа орчлон хорвоог орхижээ. Нэгэнтээ суут их зохиолч Лодонгийн Түдэв “Монголын утга зохиолд Лодойдамбыг уултай зүйрлэвэл Хантайширын нуруу, устай зүйрлэвэл тунгалаг Тамирын гол” гэж хэлсэн байдаг. Түдэв гуайн энэ үгээр “Суу билэгтний өлгий” цуврал тэмдэглэлээ өндөрлөж байна. Өвөр бууцанд нь төрсөн нэрт зохиолч байхгүй ч өндөр их Алтай нь хэвээрээ, халуун зүрхнийхээ нулимсыг унасан Хантайширын нуруу нь дүнжгэрээрээ л байна. Харин Монголын их Алтай дэлхийн суут хөвгүүн төрүүлсэн юм шүү гэсэн шиг ихэмсэг бадрангуй төрхөөрөө үдэж мордуулсан юм. Нийслэл хотын зүг хошуу эргэсэн зохиолчдын цуваа их Лодойдамбаа сэтгэл оюундаа адислаад Тарлан хайрхных нь дэргэдүүр дуулалдан буцлаа.