Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох залуус өнөөдөр Абу-Дабиг зорилоо

Дэлхийн ур чадварын тэмцээн нь энэ сарын 14-19-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болох юм. 44 дэхь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай залуус цахилгаанчин, гагнуурчин, тогооч, барилгачин зэрэг зургаан мэргэжлээр оролцох юм. Эдгээр зургаан хүүхдүүдээс дөрөв нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Мэргэжлийн боловсролыг дэмжих” төслийн хүрээнд бэлтгэсэн. Германд очиж бэлтгэл хийжээ. Уг төслийг ХБНГУ, Швейцарь, Австралийн Засгийн газраас санхүүжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 90 мэргэжлийн сургалтын төвд 40 мянга гаруй залуус суралцдаг. Тэдний дунд гурван үе шаттай “Монгол ур чадвар” нэртэй тэмцээнд зохион байгуулж шилдгийн шилдгийг Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулахаар сонгон авчээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүүхдүүдийн бэлтгэл хэрхэн хангагдсантай ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел танилцсан юм. Энэ үеэр Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор Германд бэлтгэл хийгээд ирсэн Ховд аймгийн политехник коллежийн сурагч Ц.Долгормаатай уулзав.

-Та Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байна. Ямар чиглэлээр оролцох вэ?

-Сантехник

-Яаж Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор шалгарсан талаар сонирхуулаач?

-Улс орноо төлөөлөн оролцох хүүхдүүдийг гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан “Монгол ур чадвар” тэмцээнээр шалгаруулсан. Ховд аймагт болсон уг тэмцээнд оролцож түрүүлсэн. Нэгдүгээр үе шатанд өрсөлдөгчид маань нэлээд мундаг, чадварлаг залуус байсан. Бид бүх ажлаа цагтаа амжуулсан тул тэргүүлсэн байгаа. Хоёрдугаар, гуравдугаар үе шат нь Барилгын коллеж дээр болж мөн л түрүүлсэндээ маш их баяртай байгаа.

-Таныг Германд бэлтгэл хийгээд ирсэн гэсэн?

-Германы Швайнфурт хот дахь Үйлдвэрлэлийн дадлагын байранд 21 хоног бэлтгэл хийсэн. Дэлхийн тэмцээнд оролцох даалгавар болон багаж дээрээ ажиллахын тулд үндсэн бүх материал дээрээ ажилласан.

-Юу нь илүү санагдав?

-Манайхаас илүү тал нь гэвэл бүх багаж, материал нь бэлэн байсан. Зохион байгуулалт маш сайн. Тэнд байхдаа даалгавар дээрээ маш сайн ажилласан.

-Энэ тэмцээнд оролцоход юун дээр анхаарах ёстой гэж хэлж байна?

-Хамгийн гол нь сандрахгүй байж, хийх гэж байгаа ажилдаа төвлөрч өөрийнхөө санаанд нийцүүлэн хийх.

Ю.ДЭЛГЭРМАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *