Categories
гадаад мэдээ

Нобелийн эдийн засгийн шагналтнаар Ричард Талер тодорлоо

Нобелийн хороо Нобелийн эдийн засгийн шагналтнаар Америкийн иргэн Ричард Талер тодорлоо. Тэрээр сэтгэл судлал, эдийн засгийн харилцан хамаарлыг судалсан юм. Шведийн хатан хааны академийн онцолсноор Р.Талер юуны өмнө хүний зан үйлийг голчлон судалсан. Ингэхдээ зан үйл нь шийдвэр гаргах чухал нөлөөтэйг тогтоожээ. Мөн энэ нь зах зээлд ч томоохон үүрэг гүйцэтгэж болохыг онцолжээ.

Эдийн засгийн онол болон сэтгэл судлал хоёрын зааг дээр үүссэн салбар ухаан бүхий зан үйлийн эдийн засаг нь хувь хүн болон байгууллага эдийн засгийн шийдвэр гаргахад нөлөөлөх сэтгэл зүй, нийгэм, танин мэдэхүй болон сэтгэл хөдлөлийн хүчин зүйлсийн нөлөөг судлах аж. Эдгээр нь зах зээлийн үнэ ханш, эдийн засгийн үр өгөөж зэрэгт хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоох юм. Нобелийн хорооны мэдээлснээр “Хязгаарлагдмал оновчтой байдал, нийгмийн давуу тал ба хувь хүний өөрийгөө хянах чадвар зэргийн үр дагаврыг судалсны үндсэн дээр хүмүүсийн онцлог шинж чанарууд нь шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг тэрбээр харуулж чадсан” гэжээ.

Өдгөө 72 настай тэрбээр нийт зургаан ном бичжээ. Чикагогийн их сургуульд багшилдаг байна. Түүний хамгийн сүүлийн бүтээл нь “Misbehaving: The Making of Behavioral Economics” буюу “Төрхгүйтэл: Зан үйлийн эдийн засгийг бий болгох нь” гэсэн ном саяхнаас худалдаанд гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *