Categories
гадаад мэдээ

ХКН-ын XIX бүгд хурал энэ сарын 18-нд болно

Хятадын Коммунист намын XIX бүгд хурал аравдугаар сарын 18-нд Бээжин дэх Ардын их хурлын танхимд болно. Хуралд оролцогчид 1.3 тэрбум хүн амтай тус улсын хувь заяаг тодорхойлоход чухал зорилтуудаа энэ үеэр хэлэлцэх юм. БНХАУ нь эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг.

ХКН энэ удаагийн хуралдаанаараа нам дотроо томоохон халаа сэлгээ хийнэ гэж үзэж байна. Ингэхдээ одоогийн БНХАУ-ын дарга, ХКН-ын удирдагч Си Жиньпин төрд хэвээр үлдэх нь гарцаагүй хэмээн ажиглагчид онцолжээ. Уламжлалт ёсоор бүгд хуралд 2300 хүн оролцдог бол энэ удаад 2287 депутат оролцох юм. Үлдсэн 13 нь “сахилга бат”-ын шалтгаантай гэх. Хаалттай хуралдах бүгд хурлаар Төв хороо шинэ бүрэлдэхүүнээ батална.

Ойролцоогоор 200 гишүүнтэй байх гэнэ. Мөн Төв хороо нь улс төрийн товчооны гишүүдээ сонгох бөгөөд тэдгээр нь байнгын хороогоо батлах юм. Эдгээр нь Хятадын хамгийн нөлөө бүхий хүмүүс байх бөгөөд гол шийдвэрийг гаргагчид. Улс төрийн товчоо нь 24, байнгын хороо нь долоон гишүүнтэй. Гэвч жилээс жилд энэ тоо өөрчлөгдсөөр. Хэдийгээр бүгд хурлаар албан ёсоор гишүүдийг томилдог гэх авч бодит байдал дээр одоогийн төрийн удирдлагууд гишүүдийн нэрсийг урьчилан гаргадаг нь нууц биш. Харин хороо тэдний сонголтыг батлах юм. Төв хороо нь намын даргаа сонгоно. ХКН-ын дарга нь БНХАУ-ын даргын албыг мөн хашина. Эдүгээ тус албыг Си Жиньпин хашиж байгаа. Харин тэрээр албан тушаалдаа хэвээр үлдэх нь тодорхой аж.

ХКН-ЫН БҮГД ХУРЛЫН ЯВЦЫГ АЖИГЛАХШАЛТГААН

Энэ нь хоёр шалтгаантай. Юуны өмнө БНХАУ-ын дарга бүгд хурлаар олон асуудлыг хөндсөн илтгэл тавьдаг. Харин шинжээчид илтгэлээс нь тус улс ойрын таван жилд ямар бодлого явуулах талаар дүн шинжилгээ хийх боломжтой. Хоёр дахь шалтгаан бол энэ удаад Улс төрийн товчооны байнгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдоно гэж байгаа.

Сүүлийн жилүүдэд ХКН тодорхой албан тушаалын хувьд хаших хугацаа, нэр дэвшигчдийн насанд албан бус хязгаарлалт тогтоох болсон. Улс төрийн товчооны гишүүдийн дийлэнх нь 68 нас хүрч байж албаа орхидог гэх. Харин энэ удаад авлигын эсрэг газрын тэргүүн Ван Цишань нь 69 настай. Гэвч тэрээр Си даргын итгэлт хүн нь тул түүнийг үлдэхийг ятгаж болох талтай.

Харин Си Жиньпин өөрөө 64 настай. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 62-той. Энэ удаагийн бүгд хурлаар Си таван жилийн дараа сонгогдох залгамж халаагаа тодруулж магад гэсэн таамаг бий. Гэвч зарим шинжээчид Си дарга энэхүү асуудлыг хойш нь тавихыг үгүйсгээгүй байна. Си Жиньпин 2012 онд төр барьсан цагаас төрийн албан тушаалтнуудын дунд халаа сэлгээ хийсээр байна. Ямартай ч тэргүүлэх байр сууринд Си даргыг дэмжигчид байх нь тодорхой.

Зарим шинжээчдийн онцолсноор энэ удаагийн хурлаар Си дарга төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг сунгах талаар санал дэвшүүлж магадгүй аж. Уламжлалт ёсоор төрийн тэргүүн нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Харин Си Жиньпин энэхүү хугацааг дахин сунгах санал гаргах яриа ч байна. Тэрээр төр барьсан цагаас авлигын эсрэг хатуу бодлого баримталж ирсэн. Улмаар сая гаруй хүнд сахилга батын хариуцлага ноогдуулсан байгаа. Юутай ч ажиглагчдын онцолж буйгаар байнгын хороо шинэчлэгдлээ ч Хятад өмнөх замналаараа явж, тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогыг Си баримтлах нь гарцаагүй гэжээ.

Мөн Хятадад эдийн засгийн шинэчлэлийн таван жилийн төлөвлөгөө гэж бий. Авлигын эсрэг кампанит ажлыг нэрлэж болно. Си дарга дэлхийн тавцанд Хятадын эдийн засгийн тэргүүлэх байр суурийг хадгалах нь гарцаагүй хэмээн зарим эх сурвалж онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *