Categories
мэдээ цаг-үе

Вирусын болон харшлын гаралтай ханиад элбэгшиж байна

Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ирэх хүүхдийн дуудлага өнгөрөгч долоо хоногт 10-12 хувиар өсчээ. Үүнийг тус төвийн хүүхдийн мэргэжилтэн З.Энхцэцэг ханиад томууны улирал эхэлж буйтай холбон тайлбарласан юм. Мөн тэрбээр “Өнгөрөгч долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 0-16 насны хүүхдийн дуудлага арав гаруй хувиар нэмэгдлээ. Нийт дуудлагын жаран хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд тавиас дээш хувь нь ханиад томууны шалтгаанаар дуудлага өгсөн. Өчигдөр буюу аравдугаар сарын нэгний байдлаар Баянзүрх дүүргийн салбарт хамгийн их буюу 51 дуудлага ирснээс таван хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ халуурах төдийд түргэн тусламж дуудах гэж оролддог. Өрхийн эмнэлгүүд ажлын найман цагаар, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар ажиллаж байхад гэртээ шөнө оройн цагаар түргэн тусламжийн эмч нарыг авчрах гэдэг. Ээж аавууд хүүхдээ ханиад хүрч эхлэх үед юун түрүүнд өрх, дүүргийн эмнэлэгт хандах нь зүйтэй” гэсэн юм.

Хамгийн их ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Үдийн 14:00 цагт хүлээн авахад 0-24 сартай хүүхдээ тэвэрсэн дөрвөн ээж, таваас арван насны хоёр ч хүүхэд дугаарлаж байсан юм. Манай хүүхэд өнгөрөгч баасан гаригаас хойш халуурсан, шөнөдөө ханиалгаад байх юм гэх залуухан ээж настай эхийгээ мөн дагуулжээ. Хүлээн авахын эмчтэй ярилцахыг хүссэн боловч “Ачаалал ихтэй, завгүй байгаа тул дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээс яриа авна уу” гэлээ.

Ингээд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн X төвийн хүүхдийн их эмч Б.Болормаатай уулзлаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд манай кабинетаар өдөрт 50-60 хүүхэд үзүүлж байна. Тэдний ихэнх нь ханиалгах, амьсгалын замын өвчний улмаас хандсан. Удаан хугацаанд, бөгшүүлж ханиалгасан гэсэн зовуурьтай орж ирж байна. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь харвал харшлын суурин дээр удаан хугацаанд ханиалгасан ижил шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа. Үүний дээр салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, суулгалтын дараа вирусийн гаралтай ханиад хүрсэн байсан. Яг одоогийн байдлаар хатгаа болж хүндэрсэн хүүхэд алга” гэв.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. 2017.10.02-ны 14:00 цагт

Харшлын болон вирусын гаралтай ханиаданд ямар эм уулгаж, хэрхэн эмчлэх талаар тодруулахад “Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ эмээр бөмбөгдөөд байдаг. Хүүхдийн дархлааг дэмжих хоол хүнс өгдөггүй, эмнэлгээс эмнэлгийн хооронд явж байгаа нь анзаарагдах боллоо. Өнөөдөр үдийн хойно надад хандсан нэг ээж гэхэд урьд шөнө Баянзүрхийн хүлээн авахад, өглөө өрхийн эмнэлэгт, үдийн хойно манай кабинетэд хандаж байх жишээтэй. Нэг өдөр хоёроос гурван байгууллагын хаалга татаж явна. Дүүргийн хүлээн авах ханиад томууны үед өдөрт 200-300 хүүхдийн ачаалалтай ажилладаг. Тэдний зөвлөгөө сэтгэлд нь нийцдэггүй юм уу маргааш нь өрхдөө хандах юм. Харин өрхийн эмнэлэг нь манай руу бичиг хийж явуулдаг. Мөн эмнэлэгт, бидэнд хандахаасаа өмнө эмийн санчаас зөвлөгөө авч, аль хэдийнэ дур мэдэн антибиотекийн сонголт хийчихсэн байдаг. Бүр хоёр гурваар нь давхарлаад уулгаж байх юм. Ингэж эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хүүхдийн бие төдий хэмжээгээр муудна гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Хамраас нь нус гоожиж байсан хүүхэд эмнэлэгт хандаад буцахдаа ханиад аваад явна. Эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ хүүхдийнхээ хамарт вирусээс сэргийлэх оксолин түрхсэн, маск зүүлгэсэн эцэг эх алга. Энэ талаар бүгд мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна. Ханиад томууны цаг ирж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс сонгож, ханиалгах шинж тэмдэг илэрмэгц халуун бүлээн шингэн, цагаан гаатай сүү, зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Вирусийн гаралтай ханиаданд бол виферон, анаферон зэрэг вирусийн эсрэг лаануудыг хэрэглэж болно. Энэ бүхний дараа хүүхдийн ханиад эдгэхгүй, улам хүндэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, давтан үзлэгээ хийлгэсний дараа тухайн эмч хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах бичиг өгдөг. Гэтэл энэ дарааллыг алгасаж, өрхийн эмнэлгийг тоохгүй шууд түргэн тусламж дуудах эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах нь ачаалал нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг” гэсэн юм.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны “Энхсүндэр” өрхийн эмнэлгийг зорилоо. Хүчтэй бөгшүүлэн ханиалгаж буй арван настай хүүгээ дагуулсан нэгэн ээжтэй энд таарсан юм. Тэрбээр “Манай хүү бараг 14 хоног ханиалгасан. Гайгүй болчих байх гээд яваад байтал хоёр хоногийн өмнөөс халуурч эхэлсэн. Ингээд өнөөдөр өрхийн эмнэлэгт хандахад харшлын гаралтай ханиад хүндэрсэн байна гээд хлорфенамин, АЦЦ, антибиотектай бичиж өглөө. Мөн гурав хоногийн акт бичсэн. Миний хувьд хүүдээ антибиотек уулгамааргүй байна. Гурав хоног гэрт нь дулаан байлгаж, асаръя гэж бодож байна” гэж ярилаа.

Харин “Энхсүндэр” өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа “Манай эмнэлэгт ханиад томууны улиралд нэг эмчид өдөрт дунджаар 30 хүүхэд ханддаг. Ойрын өдрүүдэд гайгүй байна. Огцом хүйтэрсний дараа олон хүүхэд ирдэг. Бид энэ өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа. Сүхбаатар дүүрэгт томууны эсрэг үнэ төлбөргүй 1200 тун вакцин хуваарилагдсан. Түүнээс 75 тун бидэнд ногдсон. Томууны вакцин хийх эрсдэлт бүлгийн судалгааг хийж байна. Эхний ээлжинд 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэсэн дарааллаар вакцин хийхээр төлөвлөж байгаа. Эцэг эхчүүдэд хандан зөвлөхөд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэдээ иллэг хийх, шингэн сайн уулгах, агаар салхинд гаргахдаа маск зүүлгэх хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *